Өнөөгийн залууст маш олон аргаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон. Сүүлийн үед залуус өөрсдийн сонирхол, дуртай зүйлтэйгээ холбоотой подкастууд ихээр сонсдог болсон байна. Ялангуяа залуус хувь хүний хөгжилд руу чиглэсэн мэдлэг авах подкаст сонсдог бөгөөд англи хэлний чадвараа дээшлүүлэх подкастыг хамгийн ихээр сонсдог аж.
Завгүй амьдралын хэв маяг залуучуудын дунд зонхилсон энэ үед хэдийд хаана ч сонсох боломжтой гэдэг утгаараа аудио бичлэг онцлогтой. Та бүхэнд өнөөдрөөс эхлэн сонсвол зохих Монгол подкастуудыг танилцуулж байна.
Дэлхийн шилдэг, анхаарлын төвд байгаа, мэдлэг өгөхүйц номуудыг түүвэрлэн утга санааг нь хураангуйлан хүргэдэг. Шинжлэх ухаан, түүх, хувь хүний хөгжил, намтар төрлийн номуудын агуулгыг ердөө нэг цагийн дотор авах боломжтой. Ингэснээр та тухайн номыг дэлгэрүүлж унших эсэхээ шийдэх боломжтой болох юм. Магад тухайн номыг бүрэн эхээр нь унших сэдлийг ч төрүүлж мэднэ. Мишель Обамагийн “Becoming”, Чарлес Духигийн “Power of habit”, Фүмио Сасакигийн “Goodbye, things” зэрэг нийт 58 номын дугаарыг бэлтгэн олон нийтэд хүргэжээ.
Soundcloud: https://soundcloud.com/mongol-podcast
POSITIVE MONGOLIANS PODCAST (TUVSHUU PODCAST, DULGUUN PODCAST)
Хөгжилтэй, сонирхолтой влогоороо бидэнд танигдсан Төвшөө, Дөлгөөн хоёр тус тусдаа подкаст хөтлөн явуулдаг. Эерэг бүхнийг түгээх хүсэлтэй хосууд маань ярилцлагын зочид урьж төрөл бүрийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлдэг. Үүнээс гадна өөрсдийн туршлага, түүнээс авсан сургамжууд, алдаанаасаа суралцах зэрэг урам зориг өгөх сэдвүүдээр ч мэдээлэл өгдөг. Эерэг, хэрэгтэй ашигтай бүхнийг хайж байгаа бол энэ подкастыг санал болгож байна.
Soundcloud: https://soundcloud.com/positive-mongolians
SEHEETEN PODCAST
Сэхээтэн Подкаст нь хамтдаа хөгжих зорилготой хувь хүний хөгжил, амьдралын хэв маягийн аудио контентийн суваг юм. “Тайвантай Хамт Номын хэлэлцүүлэг”, “Нямын Найм” лайфстайл подкаст гэсэн хоёр төрлийн контент бэлтгэн гаргадаг.
Подкастын хөтлөгч Х.Цогтбилгүүндарь ням гариг бүр өөр өөрийн гэсэн онцлог чанар, авъяас чадвартай амжилттай яваа хүмүүсийг зочноор урьж оролцуулдаг. Ярилцлагын сэдэв нь тухайн зочны сүүлийн үед амьдралдаа бий болгож буй дадал зуршил, сэтгэлгээ, хүлээн авч буй төрөл бүрийн контентууд зэрэг амьдралын хэв маяг байхаас гадна өчигдрийн түүхийг нь өгүүлэхийг эрмэлздэг. Өчигдрийн түүх гэж нэрлэж буй учир нь уг зочны туулж өнгөрүүлсэн бүхий л амьдрал дээр төвлөрөхөөс илүүтэйгээр ойрын үед тохиолдсон үйл явдал, амьдралыг нь өөрчилсөн эгзэгтэй мөчүүд дээр төвлөрдөгт оршино.
Тайвантай Хамт нэвтрүүлгийн хувьд цаг үеийн сонгомол ном бүтээлийг сонгон уншиж, уншсан бүтээл дээрээ гүн анализ хийж сонсогч нартайгаа уг номын тухай хэлэлцдэг. Зарим тохиолдолд номын зохиолч, орчуулагч аль эсвэл хүндэт зочныг урьж оролцуулах тохиолдол бий. Нийт 73 дугаарыг бэлтгэн олон нийтэд хүргэжээ.
Soundcloud: https://soundcloud.com/seheeten
MONGOL STUDENT PODCAST
Гадаадын их дээд сургуулиудад боловсрол эзэмших хүсэлтэй олон залуучууд бий. Та тэдний нэг мөн үү? Энэхүү подкастаар дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буй Монгол оюутнуудтай ярилцаж, тэдний сургуульдаа тэнцсэн туршлага, зөвлөгөө, бодлыг олон нийтэд түгээдэг. Герман, Польш, Орос, Америк, Итали зэрэг гадаад улсуудад боловсрол эзэмшихээр явсан энгийн Монгол оюутнуудын сонирхолтой яриаг түгээж буй энэхүү подкастыг сонсоод нэг үзээрэй.
Soundcloud: https://soundcloud.com/mongol-student
BØØ PODCAST
Балиар өөдрөг гэгдэх энэхүү подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтад тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай Монгол залуусын сонсох подкаст суваг юм.
Монголд гарааны бизнесийн нутагшуулсан Д.Бат-Октябрь буюу “Startup”-ийн Око олон залууст мөрөөдлийнхөө төлөө яаж хөдөлмөрлөх тухай зөвлөгөө, мэдээллийг сошиал суваг болон подкастуудаар хүргэдэг. Тухайлбал:
- Та өөрийн эргэн тойрны таван хүний дундаж
- Амжилтад хүрмээр байвал илжиртлээ унт
- Харилцааны чадвартай болох
- Мөрөөдлөө биелүүлэх нууц жор
- Том юм ярилгүй зүгээр л эдгээрийг хийгээд сурчих зэрэг нийт 14 аудио бичлэгийг бэлтгэн түгээжээ.
Soundcloud: https://soundcloud.com/baliaroodrug
COOL MONGOL PODCAST
Залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болсон бүтээлч, ажил хэрэгч сонирхолтой зочдыг урьж оролцуулдаг. Тэдгээр хүмүүсийн туршлагаас сонсогч та маш их урам зориг, хийж бүтээх хүсэл тэмүүлэл авах болно.
Нэг цуврал нь цаг гаруй үргэлжилдэг энэхүү подкаст танд уйдах, залхах цаг олгохгүй. Нэлээд чөлөөтэй, илэн далангүй яриаг өрнүүлдэг гэдгээрээ онцлог.
Холболт: https://player.fm/series/cool-mongol-podcast
UHAARLIIN 7 HONOG
7 хоног бүр сонсогчдодоо блог, подкаст, эсвэл видео хэлбэрээр ухаарал бэлэглэх зорилготойгоор өөрийн эргэцүүлэл, бодол, сурч ойлгосон зүйлсээ хуваалцдаг нэгэн эмэгтэйн хувийн орон зай.
Ихэвчлэн байгаль орчин, эрүүл мэнд, аз жаргалтай нийгэм, ёс зүйн асуудлуудыг хөндөн ярилцдаг. Бидний тэр бүр анзаарч, ач холбогдол өгдөггүй асуудлуудыг гарган ирж ухаарахад тусладаг тул сонсоод үзээрэй.
Soundcloud: https://soundcloud.com/ddeegiizaya
CATCHING UP WITH NOMIO PODCAST
“Номиотой ярилцъя” подкаст нь карьер зөвлөгөө, ярилцлага, манлайллын ур чадвар болон хувь хүний хөгжил сэтгэл зүй гэх мэтчилэн олон сэдвийг хамардаг.
- Чевенинг тэтгэлэгт хэрхэн амжилттай бэлдэх вэ?
- Жилд хэрхэн 100 ном унших вэ?
- Ярилцлага- Ж.Тана
- Цагийн менежментийн 10 зөвлөгөө,
- Тэтгэлгийн ярилцлагад хэрхэн бэлтгэх вэ? зэрэг таван аудио бичлэгийг бэлтгэжээ.
Soundcloud: https://soundcloud.com/nomin-jargalsaikhan
PU PODCAST
2019 онд шинээр мэндэлсэн уг подкаст 8 аудио бичлэгийг бэлтгэн олон нийтэд хүргэжээ. Шинэ залуу ажилтан хүний үзэл бодол, сурах эрмэлзэл, хүсэл тэмүүлэл, мэдлэг, мэдээлэл солилцоог бусдад хүргэхийг зорьж буй юм. Тухайлбал:
- Шинэ ажлын ертөнцөд орох шаардлагатай 5 ур чадвар
- Ажлыг гашраах цахим хэрэгсэл
- Огшиж ажлаа хийх нь
- Талын чинээ танил зэрэг дугааруудыг бэлтгэжээ.
Шинээр ажлын талбар дээр гарч буй эрч хүчтэй, шинийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй залуучуудад сонсохыг санал болгож байна.
Soundcloud: https://soundcloud.com/purevsurenby