Афганистанд Засгийн газар байгуулах хэлэлцээ амжилтгүй болсны дараа тус улсад үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээ АНУ нэг тэрбум доллароор багасгахаар болсон тухай Төрийн департаментаас нь мэдээллээ. Ирэх жил ч ийм алхам хийхийг уг мэдээлэлд тэмдэглэжээ.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Ерөнхий сайд бөгөөд Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж, өрсөлдсөн Абдулла Абдулла нар Засгийн газар эмхлэн байгуулах талаар тохиролцож чадаагүйд АНУ харамсаж буйгаа илэрхийлжээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн хэлснээр удирдагчдын хэлэлцээ амжилтгүй болсон нь АНУ-ын үндэсний эрх ашигт шууд заналхийлж байгаа тул Афганистантай хийж буй хамтын ажиллагаагаа эргэн харахад хүргэж байгаа аж. Мөн тэрбээр “Талибан” хөдөлгөөнтэй байгуулсан хэлэлцээрийн дагуу Афганистанаас цэргээ татах ажиллагаагаа АНУ үргэлжлүүлнэ гэжээ.
М.Помпео даваа гарагт Афганистанд гэнэтийн айлчлал хийсэн. Афганистаны Засгийн газар болон “Талибан” хөдөлгөөний хооронд хоригдол солилцох асуудлаарх хэлэлцээний үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэрбээр тус улсад айлчилсныг “Reuters” агентлаг тэмдэглэжээ.
Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуульд А.Гани ялсныг Сонгуулийн комисс нь хоёрдугаар сарын 18-нд албан ёсоор зарласан. Тэрбээр сонгогчдын 50.6 хувийнх нь дэмжлэгийг авсан боловч түүний гол өрсөлдөгч А.Абдулла сонгуулийн эл дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид уг сонгуулийг хууль бус, энхийн үйл явцад зөрчилдсөн санал хураалт хэмээсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Афганистанаас буцах замдаа Катарт айлчилж, “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзаж, хоригдол солилцох асуудал хэлэлцсэн гэнэ.
Өнгөрсөн сарын 29-нд Дохад АНУ “Талибан” хөдөлгөөнийхөнтэй энхийн гэрээ байгуулж, эл баримт бичгийн дагуу бүх нийтээр, бүрмөсөн гал зогсоох тухай талибууд болон Афганистаны Засгийн газар хоорондын хэлэлцээг энэ сарын 10-нд эхлэх ёстой байв. Тохиролцсоны дагуу Афганистан хоорондын хэлэлцээ эхлэх хүртэл итгэлцлээ бэхжүүлэх арга хэмжээ болгон олзлогдогсдоо солилцох ёстой юм. Афганистаны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад шинэ өвчин газар авч байгаатай холбоотойгоор “Талибан” хөдөлгөөний олзлогдогсдыг яаралтай суллахыг энэ сарын 18-нд Афганистаны эрх баригчдад уриалжээ.