АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор гуравдугаар сарын 16-наас эхлэн бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэж бууруулжээ. Энэ тухай тус сан албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна. Өмнө нь гуравдугаар сарын 3-нд ХНС бодлогын хүүгээ 1.5-1.75 хувиас 1-1.25 хувьд хүргэж бууруулж байсан юм. “Ийм үед айл өрхөөс эхлээд аж ахуйн нэгжүүдийн зээлийн эрэлт хэрэгцээг хангахад туслахын тулд “хөнгөлөлтийн цонх” ашиглахыг ХНС зээл олгогч байгууллагуудад уриалж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Коронавирусний тархалт олон улс орны, тэр дундаа АНУ-ын эдийн засагт ноцтой хохирол учруулсан бөгөөд эдийн засгийн үйл ажиллагаа болон эдийн засгийн төлөв байдалд нөлөөлсөөр байх болно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. ХНС хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээд зэргээр дэмжиж, үнийг тогтвортой байлгах, инфляцаас зайлсхийхийг хичээж байгаагаа онцолжээ. Тус байгууллага улс орны эдийн засагт сүүлийн үед болж буй үйл явдлын үр дагаврыг даван туулсан гэдэгт бүрэн итгэлтэй болох хүртлээ бодлогын хүүг ийм түвшинд барих аж. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт /2020.03.12/ хөрөнгийн бирж дээр Америкийн индексүүд 9,3 хувиар унасан нь сүүлийн 30 жилийн хугацаанд гарсан хамгийн муу үзүүлэлт болсон аж.