Баянгол дүүргийн XX хороонд 1000 орчим ам метр талбайд барилгын гадна, дотор хаалга, бүх төрлийн модон бэлдэц, хийц, албан тасалгаа болон гэр ахуйн тавилга, иж бүрэн монгол гэр зэргийг үйлдвэрлэдэг “Woodman” компани бий. Үйлдвэрийн байраар оронгуут мод үнэртэж, 10 гаруй суурь машины нүргэлсэн чимээ, мод зүсэгчээс суунаглах хөхөвтөр утаа болон үртэс пургисан орчинд 30 гаруй хүн ажиллаж байв. Уг үйлдвэрийг бидний нэрлэж заншсанаар социализмын үед гэр, гэрийн тавилга хийдэг байсан улсын үйлдвэрийн суурин дээр байгуулжээ. Улсын аж ахуйн нэгжүүдийг хувьчлах үед модон эдлэлийн “Өд” хоршоог байгуулсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр 2001 оноос “Wood¬man” компанийн “өрхийг татжээ”. Эднийх барилгын хаалга, цонх, гал тогооны тавилга, шинэ байрны дотоод тохижилтыг хийхээс гадна барилгын интерьер, зураг төслийг гарган, зуслангийн байшингийн гадна, дотно тохижилтыг модоор хийж өгдөг. Тэд Сэлэнгэ аймаг дахь мод бэлтгэн, борлуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг бөгөөд гарал үүслийн гэрчилгээтэй нарс модоор тавилга, бүтээгдэхүүнээ урладаг аж. Мөн урд хөршөөс царс импортлон бүтээгдэхүүн хийх нь ч бий гэв.
“Woodman” компанийг байгуулах үед буюу 2000 оны эхээр нийслэлд гэр ахуй, албан тасалгааны тавилга хийдэг үйлдвэр эднийхээс гадна нэг л байжээ. Харин өдгөө тавилгын үйлдвэр олон болж, иргэд ч хувиараа болон өөр хоорондоо хоршин, жижиг цех нээн, БНХАУ-аас шахмал хавтан импортлон, зүсэж, угсраад тавилга хийх болсон. Тэгвэл “Woodman”-ийнхэн дотооддоо бэлтгэсэн банз худалдан авч, үйлдвэртээ хатаан, хавтангаа ч хийн, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг нь онцлог юм байна. Модныхоо үртэс болон хаягдал, өөдсийг шахаж хэвлэдэг машинд оруулан, илүү нягтаршуулж, дунд зэргийн аяганы хэмжээтэй, дугуй шахмал түлш болгодог аж. Уг түлш нь нүүрснээс дутуугүй илчтэй бөгөөд зарж борлуулах шаардлагагүйгээр ажилчид нь өөрсдөө хэрэглэдэг гэв. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрээс ямар ч хаягдал гардаггүй юм байна.
“Woodman” компанийнхан үйлчлүүлэгчдийн захиалгаар бүтээгдэхүүнээ хийдэг. Олон жил тогтвортой ажилласан, бас чанар сайтай тавилга, эдлэл урладаг учир хүмүүст танигдан, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болжээ. Одоогоос 2-3 жилийн өмнө иргэд классик загвартай тавилга сонирхон, гэр, байрныхаа засал чимэглэлийг мөн тийм байдлаар хийлгүүлэхийг чухалчилдаг байсан аж. Тэгвэл өдгөө модерн, энгийн хэрнээ дахин давтагдашгүй хийц маягийг сонирхох болсныг тус компанийн ерөнхий менежер М.Чинбаатар хэллээ. Мөн эрэлттэй бүтээгдэхүүнийх нь нэг нь монгол гэр аж. Найм, арван ханатай гэрийн унь, хана, тооно зэргийг чамин хийцтэй урлан, шалыг нь нарсаар шахан, паркетаар өнгөлдөг юм байна. Зай талбай ихтэй байхыг нь бодолцон баганагүй хийдэг гэнэ. Иж бүрэн гэр 80 орчим сая төгрөгийн үнэтэй бөгөөд жуулчны бааз, амралтын газар ажиллуулдаг хүмүүс түлхүү сонирхдог юм билээ. Урд хөрш рүү ч цөөнгүй гэр нийлүүлсэн бөгөөд одоо Герман руу гаргахаар судалж байгааг М.Чинбаатар дуулгасан юм. Европын Холбооны улс руу бүтээгдэхүүнээ экспортлохын тулд тухайн орнуудын стандартыг хангасан, эсэхийг нотолсон гэрчилгээ авах шаардлагатай гэнэ. Гэвч ийм бичиг баримт олгодог байгууллага манай улсад байдаггүй нь асуудал дагуулдаг юм байна. Гэхдээ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллан, тус байгууллагаар дамжуулан экспорт хийх боломж бий гэдгийг онцолсон. Герман руу монгол гэр экспортлон ашиг, орлогоо нэмэгдүүлье гэхээсээ илүүтэйгээр манай үндэстний олон зуун жилийн уламжлал, монгол хүний ур ухаан шингээсэн, агаар, гэрэл нэвтрүүлэх нь гайхагддаг гэр сууцыг олон улсад таниулах зорилготой гэлээ.
Үүнээс гадна иргэд шинэ орон сууцын дотоод засал чимэглэлээ аль болох байгалийн модоор хийлгэхийг зорих болжээ. Модоор хийсэн цонх нь дуу чимээ, салхи нэвтрүүлдэггүй чанараараа вакум цонхноос дутахааргүй. Харин ч мод нь “амьсгалж” байдаг тул эрүүл мэндэд ээлтэй бөгөөд үнэ цэнтэй, үзэмжтэй харагддаг юм байна. Модны ярыг ч шүүн авч тусгай уусмалд шингээн хаалга, тавилга хийхдээ оруулж өгдөг нь тухайн эдлэлийг байгалийн гаралтай түүхий эдээр урласныг илтгэн, өвөрмөц, чамин харагдуулдаг аж. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд импортын болон бусад үйлдвэрийн ижил төстэй тавилга, эдлэлээс үнийн хувьд бараг ялгаагүй гэв. Харин царсыг импортолдог болон маш хатуулаг чанартай, будаг болон өнгөлөгч бодисыг сайн шингээдэг тул ийм тавилга, хийцийн үнэ өндөр байдгийг дурдсан юм. Үүнээс гадна импортын хавтанг ямар материалаар хийсэн, барьцалдуулахдаа юу ашигласан зэргийг мэдэхгүй. Ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг хавтангаас тодорхой хэмжээний хорт бодис ялгардаг гэсэн албан бус судалгаа бий. Ор, гал тогооны өрөөний хэрэгсэл зэрэг хүний наад захын хэрэгцээний зүйлсийг тийм хавтангаар хийдэг тул урт хугацаанд эрүүл мэндэд хортой байх магадлалтайг ч “Woodman”-ийнхэн дурдсан. Тиймээс тус үйлдвэрийн давуу тал бол цэвэр модон эдлэл үйлдвэрлэдэг, олон жил энэ салбартаа ажиллан, хүмүүст танигдан, өөрсдийн орон зай, зах зээлтэй болсонд бий аж. Түүнчлэн бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгч, энэ хугацаанд эвдрэл, гэмтэл гарвал үнэ төлбөргүй засдаг гэнэ. Тэгвэл энэ жилдээ багтаан насан туршийн баталгаа өгдөг болохоор хичээж, чанар, бүтээмжээ сайжруулж буй юм билээ.
Тус компанийг 20 орчим жил тогтвортой ажиллуулан, цөөнгүй хүнд ажлын байр бий болгон, чанар, хийцийн хувьд дотооддоо гологдохооргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгарч буй бэрхшээл бас бийг М.Чинбаатар дурдсан. Тэрбээр аялал жуулчлалын менежер мэргэжилтэй ч гэр бүлийнхээ компанийн ерөнхий менежерийн албыг 2013 оноос хашиж буйг дурдъя. Цөөнгүй үйлдвэрийн адилаар “Wood¬man”-ийнхэнд ч ажиллах хүчний нөөц бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болжээ. Ажилчин авна гэх зарыг тогтмол шахам тавьдаг ч зорин ирэх хүн цөөхөн гэнэ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг мужаанаар төгсөгчид олон байдаг ч ажил хийх сонирхолтой залуус ховор болсон гэвэл буруудахгүй юм байна. Зарим нь дөнгөж ажилд оронгуутаа өндөр цалин нэхдэг ба шинэ төгсөгчдийн олонх нь тус үйлдвэрт гологддог. Тиймээс юуны түрүүнд дадлагажигчаар ажилд авдаг гэнэ лээ. Тэднийг ажилдаа зүгширтэл нь буюу зургаан сар орчим дагалдан хийлгэдэг. Энэ хугацаанд, долоо хоногийн таван өдөр, ажлын найман цагт 700 000 гаруй төгрөгийн цалин өгдөг. Харин байнгын ажилчид, олон жил болсон хүмүүс нь сард 2-3 сая төгрөгийн цалинтай гэв. БНСУ-д ажилласантай дүйцэхүйц хэмжээний цалин аваад, нутагтаа ажиллах нь олзуурхууштайг ч тэд онцолсон. Үүнээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажлын байраар нь хангахыг хичээж байгаа гэлээ. Одоогоор тус үйлдвэрт ийм гурван хүн бий, тэд тун хариуцлагатай, сайн ажилладгийг дурдсан. Мөн олон жил үр бүтээлтэй ажилласан хоёр хүнд орон сууц, нэг ажилчиндаа хашаа байшин бэлэглэжээ. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг аль болох шийдвэрлэн, амьжиргааг нь дээшлүүлэхийг зорьдог. Хамт олны уур амьсгал эерэг, ар гэрийн асуудалдаа санаа зовних нь бага бол ажлын бүтээмж ч өндөр байхыг анхаардаг юм байна.
Тэд шинээр “Woodman laser” нэрийн бүтээгдэхүүн гаргахаар одоогоос сарын өмнө лазерын машин худалдан авчээ. Модон цаг, хуанли, жижиг таваг зэргийг эхний ээлжид хийж байна. Нарсаар хийж, америк хүнсний тосоор өнгөлсөн том, жижиг хэмжээтэй цаг, хуанли нь үзэмжтэй бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Мөн нярайн болон хүүхдийн ор, саатуулагч зэргийг модоор урлан зах зээлд нэвтрүүлж эхэлжээ. Түүнчлэн тус компанийнхан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах гэж хөөцөлдсөн ч бүтээгүй гэв. Харин бизнесийн зээл авч, банкуудтай хамтран ажиллан, олонх бизнес эрхлэгчийн адил орлогоороо зардлаа нөхөх зарчмаар үйл ажиллагаагаа явуулж буй аж.