Харилцаж буй хүн тань гэнэт бухимдвал дагаад уурладаг уу. Эсвэл цахим сүлжээнд түгсэн ташаа мэдээллийг уншаад түүнд автан унтууцаж байна уу. Тэгвэл эдгээр үйлдэл нь бусдын сэтгэл хөдлөл, хуурамч мэдээнд ухамсаргүйгээр автаж буй хэрэг гэдгийг санаарай. Үүнийг та мэддэг байж болох ч хүн хэлэхээс, цаас чичихээс нааш гэдэг шүү дээ.
Хэн нэгэн танд уурлахад яагаад түүний нөлөөнд автах ёстой гэж. Тухайн хүний тавьсан шаардлага, хэлсэн үгийг тунгааж, тохирсон хариултыг нь хэлэхэд та хэдэн мянган эсээ үхүүлэхээс сэргийлж болно. Хүний бие махбод 60-100 тэрбум эсээс бүрддэг гэх. Харин нэг удаа уурлахад 2-3 сая нь үхдэг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Түүнчлэн нас ахих тусам тархины эс цөөрч, “атаршиж” эхэлдэг гэнэ. Тэртээ тэргүй цөөрөх эсүүдээ хэн нэгний санамсаргүй болон санаатай нөлөөнд автаж үхүүлэх шаардлагатай гэж үү. Хэрэглэж буй үг, үзүүлж буй дохио зангаа зэрэг нь таны сэтгэл хөдлөлийн тусгал. Санамсартай ч бай, үгүй ч бай энэ тусгалыг бид бие биедээ хуваалцдаг байх нь. Нэгэн жишээ дурдъя.
Шахцалдаж, чихэлдэн арай гэж ажил, сургуульдаа явдаг байсантай харьцуулбал автобусанд бараг хүн байсангүй. Гандангийн автобусны буудлаас 20 орчим настай залуу тэргэнцэртэй бүсгүй түрсээр орж ирэв. Эмэгтэй нь сайн ярьж чаддаггүй бололтой.
Нөгөө залуугийн утас дуугарлаа. Нүүрэнд нь инээмсэглэл тодорч байсан ч утсаар ярих үедээ “Мэдэж л байна шүү дээ. Ямар ядаргаатай юм бэ. Та миний амьдралд оролцохгүй байж болох уу” гэсээр дуугаа өндөрсгөж, бухимдав. Өнөөх эмэгтэй рүү муухай харснаа “Чи ч гэсэн амьдралд минь гай болж ханахгүй байна уу” гэв. Тэргэнцэртэй бүсгүй нүдэндээ нулимс цийлгэнүүлэхэд залуу сая л ухаарсан бололтой “Уучлаарай” гэж амандаа бувтналаа. Хэрэв бүсгүй ярьж чаддаг байсан бол, залуугийн нөлөөнд автан уурлаж, хашхирсан бол тэдний хооронд ямар харилцаа үүсэх байсан бол.
Бидний олонх хэл, ярианы чадвартай хэрнээ санамсаргүй байдлаар үгийн муухайг шидэлцэж, нэгнээ шархлуулах хэрэг юу билээ. Амьтнаас ялгаатай, ухамсарт хүн гэдгээ мартах нь таагүй харилцаа, ухамсаргүй үйлдэл хийхэд хүргэдэг гэдгийг санаарай.