Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний зарим барааны эрэлт ихсэж, үнийг нь зохиомлоор хөөргөдөх хандлага үүслээ. Үүнд ШӨХТГ хэрхэн хяналт тавив. Иргэдээс гомдол, санал хэр зэрэг ирж байна вэ?
-“Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төв өнгөрсөн нэгдүгээр сараас энэ сарын 11 хүртэл 540 орчим иргэний гомдлыг хүлээн авчээ. Тэдгээрийн 49 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарын талаар байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зах зээлд зохиомол эрэлт бий болгож зарим борлуулагч бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж буйд хяналт тавих зорилгоор нэгдүгээр сарын 27-ноос бид хэд хэдэн удаагийн шалгалт хийн, зөрчил гаргасан аж ахуй нэгж, байгууллагуудад торгууль ногдуулсан. Улмаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүллээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-28, энэ сарын 10-нд иргэд зах худалдааны төвүүдэд олноор очин, дараалал үүсгэн, зохиомол эрэлт бий болгож, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдүүлсэн байна. Тиймээс бид иргэд болон зах, худалдааны төвүүд, үндэсний үйлдвэрлэгчдэд зөвлөмж, мэдэгдэл хүргүүлсэн. Засгийн газраас ч бараа, бүтээгдэхүүний нөөцийг тогтвортой барих, үнийг хөөрөгдөхгүй байлгах талаар цогц арга хэмжээг авч, зарим таваарын импортын татварыг тэглэн, аймаг, хот, улс хоорондын ачаа тээврийг хэвийн явуулж буйг анхаарах хэрэгтэй.
-Үнийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцож байна вэ?
-Төр болон манай байгууллагын зүгээс аж ахуйн нэгж, иргэний худалдан борлуулж буй бүтээгдэхүүний үнэд хяналт тавих, үнийг нь дур мэдэн өөрчлөх эрхгүйг ойлгох хэрэгтэй болов уу. Гэхдээ улс оронд үүсээд буй онц байдлыг далимдуулан, зарим худалдааны төв, дэлгүүр бараа, бүтээгдэхүүний үнийг нэмсэн хариуцлагагүй үйлдлүүдтэй холбогдуулан, хэрэглэгчид хохирсон, эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа. Зөрчлийн тухай болон Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуулиар асуудлыг шийдвэрлэнэ.
-Танай байгууллагаас иргэдэд хандан юу анхааруулах вэ?
-Иргэдийн эрх ашгийг хамгаалах, санал хүсэлтийг нь сонсох, шаардлагатай асуултад хариулт өгөх зорилгоор 2016 оны арванхоёрдугаар сард байгуулсан “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвд дээрх хугацаанд биеэр болон 1800-1284 дугаарын утсанд 8000 гаруй хүн ханджээ. Ингэснээр тэдэнд учирсан 96 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Бид олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан дээрх төвийнхөө үйл ажиллгааг өргөжүүлэх зорилгоор Хэрэглэгчийн утас -115 төлбөргүй дугаарыг өнөөдрөөс албан ёсоор ажиллуулж эхлэх юм. Аль ч үүрэн холбооны компанийн утаснаас үнэгүй. Нэмж хэлэхэд, хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед иргэд тайван байж, аливаа бараа, бүтээгдэхүүний зохиомол эрэлт үүсгэн, ашиг завшаан хайгчдад боломж олгохоос зайсхийх хэрэгтэй.