Жолооч нар гэрлэн дохионы асах дараалал өөрчлөгдсөнийг анзаараагүйн улмаас осол гаргах болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Дөлгөөн нуурын уулзвар, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар зэрэг газарт гэрлэн дохионд өөрчлөлт орсныг жолооч нар анзааралгүй өөрийн явах урсгалд ногоон гэрэл асна хэмээн таамаглаж, хөдөлснөөр осол гарах шалтгаан болжээ.
Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Далайцэрэнгийн хэлснээр Замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалан гэрлэн дохионы асах дараалалд өөрчлөлт оруулж, хөдөлгөөнийг сийрэгжүүлэх тохиолдол байдаг аж.
Тэрбээр “Гэрлэн дохионын асах дараалал өөрчлөгдсөний дараа жолооч нар өөрийн явах урсгалыг эндүүрч осол гаргах тохиолдлууд гарсан. Иргэдэд анхааруулж хэлэхэд, Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасныг баримталж, уулзвар нэвтрэхдээ өмнөх хөдөлгөөнөө дуусгаж амжаагүй байгаа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг зам тавьж өгөх болон гэрлэн дохиогоо сайтар нягталсны дараа уулзвараар нэвтрэх хэрэгтэйг сануулж байна.
Мөн зарим жолооч хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгахгүй байгаа гэж буруу бодож, хөнгөмсгөөр найдан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргасан тохиолдол нэмэгдсэн. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулъя " хэмээв.