Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Улаанбаатарт шашны 15 урсгалын 321 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, буддын 80, христийн 189, шашны бусад урсгалын 52 сүм, хийд бий” гэлээ. Эдгээрийн аль нь ямар үйл ажиллагаа явуулдаг тухай мэдэх хүн, байгууллага одоогоор манай улсад алга. Монгол Улс 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуультай болж, дараа жилээс нь хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.
Уг хуулиар манайд шашны олон байгууллага зэрэгцэн оршиж, үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөл бүрдсэн бөгөөд төрийн зүгээс сүм, хийд шинээр байгуулах зөвшөөрөл олгож, бүртгэх төдий. Үүнээс цааш тухайн шашны байгууллагууд юу хийж, хэнийг хамруулдаг нь тодорхой бус. Тодруулах гэж оролддог ч үгүй. Яагаад гэхээр иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх эрхэд нь халдсан болно. Гэтэл шашны байгууллага, үйл ажиллагааны далбаан дор ямар ч бурангуй явдал болж, хэн ч хохирч байх эрсдэл хэдийн бий болжээ. Сүүлийн жилүүдэд манай улсад учир битүүлэг шалтгаанаар амиа хорлох тохиолдол ихэссэн нь мухар сүсэгтэй холбоотой. Ийн дүгнэлт хийх нь учиртай. Өмнөтгөл бичье.
Вирус тээж ирсэн гадаадын иргэнтэй шууд болон дам харилцсан 500 гаруй хүний нэрсийн жагсаалт дурайж буй юм билээ. Түүн дотор өнөөх БНСУ-д болсон явдал шиг халуураад байгаа хэрнээ нууж, зугтах хүн байх вий. БНХАУ-ын Ухань хотынх шиг халдвар авснаа мэдмэгцээ зөвхөн өөрөө үхэхийг хүсээгүйдээ бусдыг хорлохоор санаатайгаар шүлс, нус, цэрээ энд тэндгүй нялах явдал гаргах вий. Олон хүн сайнтай, муутай, уулын мод урттай, богинотой гэдэг. Шинэ коронавирусээр халдварласан хүн манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд санаа бодлоо хэрхэн илэрхийлж байгааг харахад дээр дурдсан мэт үйлдэл гаргах нь юу ч биш гэхээр эвгүй авирлаж байна.
Өвчин тээж ирсэн нөхрийг эмчлэлгүй, тэр чигт нь орхи гэнэ. Их хэмжээний торгууль тавь гэлээ. Нэг хүн бүр “Устгавал таарна” ч гэсэн. Бараг хоёр сарын турш өдөр бүр шинэ төрлийн өвчний талаар мэдээлэл авч байгаа мөртлөө одоо болтол өөрийн гэсэн ойлголттой болоогүй, чих хатуунастай хүн шиг андуу, ташаа дуугарах нь эрүүл ухаантай хүний шинжгүй. Чухам ямар хүмүүс ингэж боддог, дуугардаг юм бол. Дэлхий хэмээх нэгэн гараг дээр агаараар амьсгалж амьдрал гэдэг бас л нэгэн далайд сэлж яваа хэрнээ нэгэнд нь аюул тохиолдоход үгийн муугаар хэлж, үзэхийн аргагүйгээр гадуурхах юм гэж үү. Европын зарим оронд нийтийн унаа, хоолны газарт Ази царайтай хүн харахаараа хятад хэмээн цэрвэж тойроод байгаа тухай сонсоод хэн хүнгүй эвгүйцэж байсан сан. Гэтэл эх оронд минь аюулт өвчин ороод ирэхийн цагт тэртээх тивд азиудыг ад үзсэнээс долоо дахин дор аашлав. Чухам ямар хүмүүс ингэж авирлана вэ. Хүмүүжил, төлөвшил, боловсрол, мэдлэг нь аль хэр юм бол. Үзэл бодол, шашин шүтлэг нь юу вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна.
Үндэстний оюун санаагаар нэгдмэл, цуллаг байх шинж хаачив. Өмнө нь аль ч нийгмийн үед монголчууд ийм жудаггүй, хүний мөсгүй байгаагүй хэмээн санаж хэзээнээс бид ийм болов гэдгийг эргэцүүллээ.
БНСУ-д вирус тараасан эмэгтэй шашны гаж урсгалын цуглааны гишүүн, сүмд нь идэвхтэй явдаг нэгэн гэдгийг бид мэдэх болсон. Тус улсад шинэ вирусийн халдвартай хүний тоо ердөө долоо хоногт хэдэн мянга хүртэл өссөнд тэр эмэгтэй болон уг сүмийнхэн буруутай. Уг “Шинжончи” сүмийн тэргүүн нь олуул халдвар тарааж байгаагаа эхэндээ хүлээн зөвшөөрөхгүй байснаа эцэст нь арга мухардан, хөл хорио зарлаад байхад хүмүүсийг цуглуулсан буруугаа хүлээн, улмаар төр, засгаасаа уучлалт гуйж, хандив өгөх гэхэд нь БНСУ-ын Засгийн газар хүлээж аваагүй.
Улс орондоо ийм будилаан тарьсан хүмүүсийн хань хамсаатан буюу тэр урсгалын итгэгч манай улсад 4006 байдаг аж. Тэд хоёр томоохон сүмд хуваагдан мөргөл үйлддэг юм байна. БНСУ-д энэ урсгалыг бий болгосон толгойлогч нь дээр дурдсан сүмийн тэргүүн юм. Өмнө нь энэ урсгалын итгэгч байсан солонгос залуу гэрчлэгч болж, тэрхүү толгойлогчийн үнэн дүр төрх, цаад санаа бодлыг олон нийтэд илчилж ярьснаас хойш уг урсгалын хүч тус улсад бага зэрэг суларчээ. Гэхдээ л хэдхэн өдрийн өмнө тус сүмийн гадаа итгэгчид олноороо цуглаж, хорио цээр хамаагүй, сүм рүүгээ орно, мөргөлөө үйлдэнэ хэмээн улайрахыг дэлхий нийт харан зэвүүцлээ.
“Шинжончи” сүмийн итгэгчид болон өнөөх толгойлогч нь хэн болох талаар гэрчлэгч залуугийн ярианаас үзэхэд тухайн урсгалынхан залуу итгэгчдийг яг л хар тамхи мэт татдаг аж. Итгэн итгэсээр аяндаа “Шинжончи”-гийнх болсон хүмүүс жирийн амьдралд буцаж ирэхгүйгээр ухаанаа алдсан байдаг гэнэ. Тийм болоход долоон сарын хугацаа хэрэгтэй. Эхэндээ бол гадаад хэл, спорт, аялал зугаалга гэх мэтийн, залууст таалагдах сургалт, арга хэмжээнд урингаа Библиэс бага багаар заадаг ажээ. Библийн номлолоорх хичээлүүдийг эрчимжүүлсээр, шалгалтууд авч эхэлдэг аж. “Хэрвээ энэ шалгалтад тэнцвэл ертөнцийн эзний хүү болж, бүх талын хамгаалалттай болно” хэмээн итгүүлсээр, тухайн хүмүүсийг улам өвчлүүлдэг байна. Нэгэнт ийм байдалд орсон хүмүүст гэр бүл, эцэг эх, хамт олон, сургууль, ажил ер хамаагүй болдог гэнэ. Гагцхүү тэр сүмд явж, хооллож ундлан, Библи судалж, сүмийнхээ таалагдсан охин, эсвэл залуутай голын эргээр дугуйтай зугаалж, үгүй бол цэцэг навчтай ууланд аялж явбал жаргал. Амьдралыг үүнээс өөрөөр төсөөлөхөө болиод ирэхэд нь өнөөх толгойлогч өөрийн хүн боллоо гэж үзээд хүссэнээ хийлгэдэг. Удирдагч шинэ хүмүүстэй болсон даруйдаа хамгийн түрүүнд том цагаан морь унасан гоё зургаа тэдэнд худалддаг аж. Түүнийг нь хөөрхий хүмүүс булаацалдан авч дуусахад “дарга”-ын санаа амарна. Энэ бол тэр гаж донтон бусдаар юу хийлгэдэг талаар ойлголт өгөх ердөө нэгэн жишээ бөгөөд олон мянган итгэгчээр тойрон хүрээлүүлсэн тэргүүн өөрийгөө диваажингийн оронд жаргаж буй мэтээр таашааж, улмаар гадаадын орнуудад өөрийг нь хэмээн тэмүүлдэг сая сая итгэгчтэй байхыг хүсдэг гаж донтон аж.
Лектор хүүхэд залуус шинжончи хэв маяг сонирхож эхлэхээр андашгүй болдог талаар гэрчлэгч ярив. Хичээлдээ өдөр бүр идэвхтэй явж буй мэтээр гэрээсээ гараад, орой юу ч болоогүй юм шиг буцаж ирнэ. Үнэн хэрэгтээ сургуульдаа биш, сүмд очиж өдрийг өнгөрөөдөг. Гэрийнхнээ анзаарахаа больж, тухайн гэр бүлд юу болж буй талаар өчүүхэн ч сонирхохоо байдаг гэнэ. Яваандаа түүнд гэртээ байхаас сүмд өнжих нь гоё санагдаж, хэрвээ сүм таалагдахаа байвал энэ орчлонг орхих тухай бодож эхэлдэг аж. Итгэгч нэгэнт ийм замаар орсон бол ихэд шийдэмгий болдог гэх. Гэрчлэгч залуу тэрхүү сүмээс хамаатай байхдаа гэрээсээ дайжихын даваан дээр эцэг, эх нь зохих мэргэжлийн байгууллагынхны тусламжтайгаар хүүгээ аварсан тухай ярьдаг. Түүний лекц олон улсад алдаршихын хэрээр шашны энэ гаж урсгалын үнэнийг мэдэх боломж солонгосчууд болон дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүст олдсоор буй ажээ.
“Шинчонжи” гэдэг нь “Шинэ тэнгэр, газар” гэсэн утгатай юм билээ. Шашны уг гаж урсгалын талаар Монголын эвангелийн эвслийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэ “Энэ урсгалынхан үйл ажиллагаа маш идэвхтэй явуулдаг. Нийгэмд сөрөг үр дагавар ихээр авчирдаг. Монголд хэд хэдэн салбартайгаар сургалт, семинар өргөн цар хүрээтэй хийдэг. Тэд худлаа ярихыг нүгэл гэж үздэггүй. Ариун зорилгынхоо төлөө худал ярих нь байх ёстой үзэгдэл гэдэг. Өнөөдөр эдгээр хүмүүсээс болж зөв урсгал чиглэлийн эвангелийн чуулганы олон мянган итгэгч хэлмэгдэх боллоо. Нөгөө талаар энэ ташаа ойлголтыг ялгаж салгахын тулд хууль хяналтын байгууллагууд зөв, бурууг нь тогтоож ажиллахыг хүсэж байна” гэсэн.
Мүүнийнхэн гэх, бас л өөрийн гэсэн хатуу, хүний эрхийн эсрэг хандлагатай, дэгтэй урсгалд итгэгчид байсаар л. Нэг хэсэг энэ урсгалыг шүүмжлэгчид идэвхтэй дуугарч байснаар үйл ажиллагаагаа ил, илт явуулахаа болио юу гэхээр болж ирсэн. Гэхдээ л энэ урсгалын “хуулиар” заяаны ханиа “битүүгээр”, зураг харж тогтоогоод даган одсон монгол эмэгтэй олон. Тэдний хувь заяа хэрхсэнийг төсөөлшгүй.
Нийгэм, олон нийтэд гай тарьдаг гаж урсгалуудын тухай хоёрыг нь жишээ болгоход ийм байна. Нийслэлд буй 321 сүм, хийдээс буддынх нь ердөө 80. Гэтэл христийн шашных 189, бусад урсгалынх нь 52 бөгөөд эдгээрт 120 мянган монгол хүн хамрагддаг гээд бодохоор цөөхөн монголчуудын, алсуур аваад үзвэл ертөнцийг үзэх үзэл, наахнуур хэлбэл аливаад хандах хандлага, сэтгэн бодох түвшин өөр өөр байх нь аргагүй мэт.
Уг нь шашныг ард түмнийг хүмүүжүүлж, төлөвшүүлдэг, ёс төр, жудагтай байлгадаг, бүдүүлгээр хэлбэл олон нийтийн оюун санааг нэгэн гарт зангидан барьж байх хүчин зүйл, хэрэгсэл гэдэг. Гэтэл шашин хэмээх нэрийн дор хүмүүсийн итгэл, үнэмшлийг хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглагч гаж донтнууд бий болсон тул орчин үед шашинд болгоомжтой хандах хэрэгтэй болжээ. Манайх уламжлалт бурхны шашинт улс мэт боловч дээр дурдсан тоон үзүүлэлтийг харахад шашнууд зэрэгцэн оршсон, олон хөлийн газар хэдийн болж. Энэ хэрээр бусдыгаа, гэр бүлээ, нийгмээ гэх хүмүүсийн сэтгэл нимгэрч, хувиа хичээх үзэл давамгайлж, болохгүй бол байшин дээрээс үсэрчихнэ гэх ядмагхан ухаантнууд ар араасаа төрсөөр буй тул нөхцөл байдлыг хяналтаас алдаагүй дээрээ төр бодлогоо хүн рүү, иргэд рүүгээ улам бүр чиглүүлэхийн сацуу шашны асуудалд хянамгай хандаж, хуулиа чангатган, үндэстнээ аврах цаг үе ирж буй гэлтэй.
Хүмүүс ямар учраас уламжлалт шашин гэхээс илүүтэй өөр шашинтан болж, сүмд хамрагдаад байна вэ, тэднийг юу тийш нь татав, тархи, сэтгэл дэх хоосон мэт орон зайг юугаар нөхөж, сэтгэл зүйг нь хэрхэн тогтворжуулах вэ гэх зэрэг олон асуулт урган гарч байна. Амьдралд хөл алдан зовж зүдрээд үү, аль эсвэл жаргалдаа ташуурч задраад уу гэх зэрэгт хариу хайх цаг болжээ.
Төрөөс шашны талаар ончтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэхгүй бол Монгол Улс яг одоогийнх шигээ хорвоо ертөнцийн шашин бүрийн, тэр дундаа гаж урсгалынхны зоргоор аашилж, жаргалдаа ташуурдаг диваажин нь болж гүйцэх нь ээ.