Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлээс орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байна. Алба хаагчид товчоодоос гадна зарим батлагдаагүй зам даваанууд дээр хөдөлгөөнт эргүүл гаргасан.
Энэ шийдвэр нь иргэдийг эрсдлээс хамгаалах, халдварт өвчний сэжигтэй тохиолдол бусад аймаг сумд руу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй ажил гэдгийг ойлгож, хүндэтгэлтэй хандах шаардлагатай. УОК-ын шийдвэрээр өнөөдөр 07:00 цагаас 16-ны 07:00 цагт хүртэл нийслэлээс галт тэрэг, тээврийн хэрэгслээр иргэд орох, гарах боломжгүй ч ачаа тээврийн ажиллагаа хэвийн явагдана.
Нийслэл рүү орох хөдөлгөөний хувьд хэрвээ өчигдөр шөнө эсвэл үүрээр шийдвэр гарахаас өмнө нийслэлийг зорьж замд гарсан иргэдийг асуумж бөглүүлэн тандалт судалгааг хийж нийслэл рүү нэвтрүүлнэ. Гэхдээ нийслэлээс нэг ч иргэнийг гаргахгүй. Мөн шийдвэр гарахаас өмнө хөдөө орон нутгийг зорьсон бол тухайн аймагтаа очоод тэндээ хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл буюу 16-ны 07:00 цаг хүртэл хязгаарлагдана. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн сум, аймаг, дүүрэг, нийслэл тус бүрийн онцгой байдлын газрын даргын шийдвэрээр буюу зөвшөөрлийн бичгээр нэвтрэх үйл ажиллагаа явагдана.
Мөн Дорноговь аймгаас гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Товчоонууд дээр цагдаа нараас гадна эрүүл мэндийн байгууллагуудаас үндсэн удирдлагыг хийж байгаа.
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, олон нийттэй шаардлагагүй бол уулзахгүй байх арга зам байна. Мөн УОК-ын шийдвэрийг зөрчиж, нийслэл хотоос батлагдаагүй замаар явах тохиолдолд илүү хяналт тавьж ажиллана.
Тухайн гадаад иргэний уулзсан, орсон, гарсан, хоол идсэн, зорчсон газруудад уулзсан хүмүүсийг нь олж тогтоон тусгаарлах тал дээр эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Бүгд амны хаалтаа зүүж, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна.
Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг 150,000 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.
Мөн таних хүн маань байвал товчоогоор гарчих байх гэсэн ойлголт ард иргэдийн дунд байж болохгүй. Та ямар нэгэн байдлаар нэвтрэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Шийдвэр өглөө 07:00 цагт гарсан тул өмнө нь хөдөө орон нутгаас гараад хот руу орж яваа иргэддээ хүндэтгэлтэй хандаж, бүх бүртгэл судалгааг нь хийгээд нийслэл рүү оруулна.Харин 07:00 цагаас эхлээд харин орон нутгаас гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан" гэдгийг нэмж хэлэв.