Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн төр, захиргааны оффисын дэргэд байрлалтай Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гадна олон хүн цуглажээ. Тэд үнэт цаасны данстай, эсэх, “цэнхэр”, “ягаан” тасалбараараа аль компанид хөрөнгө оруулснаа шалгуулахаар ирсэн аж. Гэвч иргэдийн үнэт цаасны мэдээллийг хадгалж буй тус байгууллагын хаалга цоожтой. Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон учраас ирэх сарын 1-нийг хүртэл хаалгаа барихаар шийджээ. Баянгол дүүргийн иргэн Ц.Ундармаа тэнд “цэнхэр” тасалбар буюу 7000 төгрөгийн үнэтэй хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ худалдаж авсан хувьцаа нь байгаа, эсэхийг шалгуулахаар ирсэн байлаа. Тэрбээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ “Дархан гурил тэжээл” компанийн хувьцааг худалдаж авснаа санаж байв. Олон жилийн өмнөх үйл явдал учраас хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа мартжээ. Цоожтой хаалга мөргөсөн тэрбээр “Дархан брокер” компаниас лавлахаар явсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Ийм шийдвэр гаргаснаар сүүлийн өдрүүдэд иргэд хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулах болсны нэг жишээ энэ. Олон хүн хувьцаа эзэмшиж буй, эсэхээ шалгаж, үнэт цаасны данс нээлгэж байгааг брокер, дилерийн компанийн ажилтнууд ярьж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаасны данстай 1.8 сая иргэн байгаа гэсэн мэдээлэл өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” компани 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. Тэгэхээр ногдол ашгаа авахын тулд нэмж, 700-800 мянган хүн үнэт цаасны дансаа нээлгэх шаардлагатай юм.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон данс нээх ажлыг амжилттай зохион байгуулж, иргэн бүрт хувьцааных нь өгөөжийг хүртээхээр ажиллаж байгаагаа дуулгасан. Монголын хөрөнгийн биржийн гишүүн 50 үнэт цасны компани бий. Улаанбаатар хот болон аймгийн төвийн иргэд онлайнаар, өөрийн биеэр очиж үнэт цаасны дансаа нээх боломжтой. Харин сум, багт амьдарч буй хүмүүс данс нээлгэхэд бэрхшээлтэй. Тиймээс сум бүрт үнэт цаасны данс нээх цэг ажиллуулахаар ярилцаж байгаа аж. “Гэрэгэ системс” компаниар үнэт цаасны данс нээх киоск хийлгүүлэн, байршуулах санал гарчээ. Гэвч нэг бүр нь таван сая төгрөгийн үнэтэй учраас брокерууд худалдаж авахад бэрхшээлтэй гэнэ. Юутай ч сум, багийн иргэдэд үнэт цаасны данс нээх боломж олгоно гэж брокерууд ярьж байна. Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржээс урилга гаргажээ. Тус биржээс хөрөнгийн зах зээлд оролцогчдод мэргэжлийн хөрөнгө оруулагч бий болгох, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, татварын бодлогоор дэмжлэг авах, өртөг зардлаа бууруулах, оролцоогоо нэмэгдүүлэх, дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангахыг уриалж буй юм.