Автобусны буудлыг хувийн машинтай хүмүүс эзэлдгийг иргэд байнга шүүмжилдэг. Энэ нь нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах, зам түгжих, иргэд машины урдуур, хойгуур явж байгаад бэртэж гэмтэх зэрэг олон асуудал дагуулдаг. Уг зөрчлийг таслан зогсоож, буудал “эзэлсэн”, дүрэмгүй жолооч нарыг автобусны камеруудын тусламжтайгаар илрүүлж, торгоно гэж Тээврийн цагдаагийн албаныхан өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн. Хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоовол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгодог аж. Гэтэл уг торгуулийн хэмжээ багадсан уу, эсвэл хяналт шалгалт суларсан уу, бүү мэд. Юутай ч “халтуурчид” буюу хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид буудал дээр зогссон хэвээрээ л байна. Үүнийг хэн, хэзээ таслан зогсоох вэ?