Газраа орон сууцаар сольж буй иргэдийн байрны түлхүүрийг өчигдөр нийслэлийн Засаг даргын газрын хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс гардуулж өглөө.
Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг Нийслэлийн орон сууцын корпорац (НОСК)-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд энэ оны хоёрдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 85 айлд орон сууцын түлхүүрийг нь гардуулсан. Өдгөө тус дүүргийн Х хорооны 140 иргэн газраа орон сууцаар сольж буй аж.
Иргэдийн газрыг үнэлэхдээ тарьсан мод, жорлон зэрэг хүний гараар бүтсэн бүх зүйлийг зах зээлийн ханшаас 2-3 дахин өндөр үнээр үнэлж авч байгааг НОСК-ын дарга Б.Сүхбаатар онцоллоо.
Байраа хүлээн авч буй иргэдийн төлөөлөл болж ирсэн, Сонгинохайрхан дүүргийн Х хорооны оршин суугч Д.Жаргал “Арьс, ширний үйлдвэрийн ажилчдын 120 айлын нийтийн байрыг 2013 оноос эхлэн дахин төлөвлөлтөд оруулсан. Удаан хүлээсний эцэст байрын түлхүүрээ гардан авсандаа их баяртай байна” гэв. Мөн тус хорооны иргэн Н.Баасан “Би “Буянт-Ухаа-2” хороололд хоёр өрөө байранд орж байгаа. Өмнө нь амьдарч байсан нийтийн байрыг 2014 онд “Назу проперти” компани дахин төлөвлөлтөд оруулна гэж хүлээн авсан ч, барилга барилгүй байсаар өдий хүрсэн. Гэсэн ч төр, засаг арга хэмжээ авч биднийг шинэ байранд оруулж буйд талархаж байна” хэмээлээ.
Бэлтгэсэн: О.Алуунгуа