Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хуульч Х.Тэмүүжин өчигдөр албан бичиг хүргүүллээ. “Прокурор нь Үндсэн болон түүнд нийцүүлэн гаргасан хуулийг баримталж, орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан хуулийг нэг мөр хэрэглэнэ” гэж Прокурорын тухай хуульд заасан байдаг. Мөн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж тусгажээ. Хуулийг нэг мөр хэрэгжүүлнэ гэдэг нь ямар нэгэн салбар, орон нутаг, байгууллагын үйл ажиллагааны онцлогт прокурор үл автах тухай юм гэдгийг Х.Тэмүүжин онцлоод “Салбар гэдэгт улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээ багтана. УИХ, Засгийн газар, хувийн аж ахуйн нэгж зэрэг нь бүгдээрээ байгууллага юм. Гэтэл Монгол Улсад аль салбарын ямар байгууллага гэдгээсээ шалтгаалж хууль ялгамжтай үйлчилдэг байж болзошгүй гэсэн болгоомжлол нийгэмд байна. Тиймээс хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй прокурорын байгууллагад хүсэлт гаргалаа” гэв.
Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд өөрөө болон хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгжээр дамжуулан ЖДҮХС-гаас зээл авахад давуу эрхээ ашиглаж, баталгаа гарган, хууль зөрчсөн тухай мэдээлэл хоёр жилийн өмнө нийгэмд ил болсон. Иймээс нийтийн эрх ашгийг хамгаалах үүргийнхээ хүрээнд улсын ерөнхий прокурор шүүхэд хандах ёстойг сануулахын тулд ийм албан бичиг хүргүүлэх болсон гэнэ. Үүнийг ч хуулиар зохицуулсан аж. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлсэн болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, эдгээр албан тушаалтан төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй юм байна. Хэрэв дээрх хуулийн 20.2 дахь заалтыг зөрчсөн бол байгуулсан гэрээ, хэлцлийг хүчингүй болгох ёстой бөгөөд улсын төсвөөс гаргасан зардал, учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстойг Х.Тэмүүжин хэллээ. Мөн “УИХ-ын гишүүд нь хууль зөрчсөн юм бол хуулийг нэг мөр хэрэгжүүлэх эрхтэй улсын ерөнхий прокурор нь ажлаа хийх ёстой” гэв.
Ингэхийн тулд ямар хуулийн аль зүйл, заалтыг ашиглах боломжтой талаар албан бичигтээ тусгажээ. Мөн нэхэмжлэлийн загварыг ч хавсаргасан байна. Түүнчлэн улсад учруулсан хохирлын мөнгө, УИХ-ын нэр бүхий гишүүдийн авсан зээлийг жилийн гурван хувь бус, банкуудын зээлийн дундаж хүүгээр тооцож нөхөн төлүүлэх ёстой гэж үзжээ. Ингэснээр ЖДҮХС-гаас алдагдсан мөнгийг зорилтот бүлгийнхэнд нь түгээх боломж бүрдэх гэнэ.
УЕПГ төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж буйг тус газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгээс тодрууллаа. Тэрбээр “2017 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн Прокурорын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан.
Прокурорын байгууллагад ирүүлсэн төрийн байгууллагын хүсэлт 2019 онд өмнөх жилээс 1.8 дахин өссөн нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсныг төлүүлэх хэрэгцээ, шаардлага төрд байгаа нь харагдаж буй юм. Прокурор анхан шатны 862 шүүх хуралд төрийг төлөөлөн оролцож, төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн үнийн дүн өнгөрсөн оноос 1.8 дахин өссөн. Гэсэн хэдий ч прокурорын санаачилгаараа бичсэн нэхэмжлэлийн 45 хувийг шүүх хүлээж авдаггүй. Шалтгаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дэх хэсгийг Прокурорын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт “прокурор өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай” заасантай уялдуулж нэмэлт, өөрчлөлт хийгээгүйгээс нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг шүүхийн практикаар нэгэнт тогтоогоод байгаа. Хууль, тогтоомжийн зөрчилтэй асуудлаар Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд саналаа хүргүүлсэн.
Төрийн байгууллага ЖДҮХС-гийн зээлийг эргэн төлүүлэх асуудлаар манайд хүсэлт гаргавал бид асуудлыг судалж, зээлийг эргэн төлүүлэхээр тухайн төрийн байгууллагатай хамтран ажиллах боломж бий. Ташрамд хэлэхэд, уг сангийн санхүүжилттэй холбоотой хэргийн хохирлыг төлүүлэх нь гарцаагүй. Төрийг төлөөлж прокурор нэхэмжлэл гаргах нь тодорхой. Гагцхүү хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Зарим нь зээлээ төлж дуусгасан, зарим нь төлсөөр байгаа тохиолдол ч бий. Тиймээс дахин судлах шаардлагатай. Ямар ч байсан бид энэ асуудлыг орхихгүй” гэв.
Бэлтэгсэн: Г.Жавхлан