Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн Донтох эмгэг судлалын тасагт өнгөрсөн мягмар гаргийн өглөө очлоо. Архины хамааралтай, ар гэртээ агсам тавьдаг, айлгаж, ичээдэг хүмүүсийг энд эмчилдэг тул сурвалжлахаар яваа минь энэ. СЭМҮТ-ийн шинэ байрны Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн ар талын барилгын хоёрдугаар давхарт дээрх тасаг байрладаг. Зорьсон газраа очоод хонхыг нь дарлаа. Үүдээ нээсэн ногоон хувцастай эмэгтэйд учир явдлаа хэлж, эмчтэй нь уулзах зөвшөөрөл хүсэв.
Тэрбээр биднийг дотогш оруулаад үүдээ түгжлээ. Үүдний хэсэгт 2-3 хүн сууж байв. Тэд эмчид үзүүлж, зөвлөгөө авахаар иржээ. Нэг нь дүүгээ хүргэж ирсэн гэв. Дотогш ороод хором өнгөрөлгүй хонх дуугарлаа. Асрагч бүсгүй ирж, халаасандаа далд гэгч хийсэн түлхүүрээ гарган, хаалгыг нээв. Энэ удаа эхнэр, нөхөр хоёр орж ирсэн юм. Нөхөр нь хэвтэх бичгээ үзүүлснээр түүнийг эмчийн өрөө рүү дагуулж оров. Хэсэг хугацааны дараа гарч ирээд хувцсаа сольж өмсөн, гэрийн шаахай углаад “Америкийн эмгэнэлт явдал”, “Эх орны голомт”, “Хаан төрийн нууц”, “Мокинжэй” зэрэг ном, ууттай боов, аяга тавгаа өөр уутанд ялган хийж, дотогш орлоо. Дахиад л хонх дуугарахад сувилагч эмэгтэй түлхүүрээ халааснаасаа ухаж ухаж гарган хаалгаа нээв. Халуун савтай цай, хоол, боорцог барьсан эмээ ирлээ. Хүүгээ эргэхээр ирсэн гэнэ. Өөрөөс нь хэдэн тохой өндөр хүүгээ бөхийлгөн байж үнсээд, хийлгэж буй эмчилгээ, уншиж буй ном, санаа сэтгэл зэргийг нь асууж лавлалаа. Хүү бүх асуултад “Гайгүй ээ”, “Зүгээр дээ”, “Өө яах нь вэ” гэх зэргээр товч хариулах аж. Ингэсээр эмээ хүүгийнхээ эмчлэгч эмчтэй уулзахаар болов. Хүү “Хэрэггүй ээ” гэхэд нь эмээ “Эмч өөрөө дараа ирэхдээ уулзаарай гэсэн л дээ” хэмээн горьдсон харц илгээв. Хүү “За өөрөө мэд” гэж хэлэхтэй уралдаад л эмээ сувилагчаар дамжуулан эмчид ирснээ дуулгаадахав.
Эмээ дотогш орлоо. 10-аад минутын дараа гарч ирээд нэг их санаа алдан гадуур хувцсаа өмсөөд үүд онгойлгуулан, гарч одов. Дахиад л хонх. Эхнэр нь хадам ах, эгчийнхээ хамт болохгүй хэрэг тариад байгаа нөхрөө үзүү- лэхээр иржээ. Бас л эмч рүү ороод хэдэн мөч болов. Энэ мэтээр бидэнтэй уулзахаар цаг болзсон н.Мягмарсүрэн эмч өглөөнөөс хойш зогсоо зайгүй үзлэг хийсээр цайны цаг болсноор арай гэж нэг юм суларлаа. Хаалганы хонх дуугарсаар, иргэд зогсоо зайгүй орж, гарсаар. Тасгийн бусад эмч ч зав чөлөөгүй ажилладаг нь анзаарагдав. Халуунаа хэмжүүлж, хуучин амны хаалтаа сольж, гараа ариутгаад дотогш орлоо. Донтох эмгэг судлалын тасагт 30 хүн хэвтэн эмчлүүлж байв. Тэдний 28 нь архидан согтуурсны улмаас гүн хордлогод орж, энд иржээ. Бүх өрөөний хаалга нээлттэй. Нэг өрөөний үүдэнд эмнэлгийн ажилтан сандал тавин суужээ. Хаалганаас нь алхам ч холдохгүй аж. “Манаачтай” тэр газар анхаарах өрөө юм байна. Тодруулбал, архи уухын тулд оргож, босохоос өгсүүлээд элдэв ааш аяг гаргадаг “хүнд гарууд” энэ өрөөнд эмчлүүлж буй. Жаахан эргэлзсэний эцэст байнгын хяналттай тэр өрөөний үүдэнд очиж, хаанаас яваа, хэн болохоо хэлж, бусдад сургамж болох үүднээс ярилцлага өгөх хүн бий, эсэхийг лавлав.
Энэ өрөө дөрвөн ортой. Бүх ор эзэнтэй. Тэд ор, ор луугаа очиж, буруу харан хэвтээдэхлээ. Зөвшөөрөхгүйгээ үйлдлээрээ илэрхийлсэн тул эмчийн өрөөнд эргэн очив. Өмнө нь эмч анхааруулсан л даа. Юу гэвэл, хэн ч өөрийгөө архичин гэхгүй, тэр дундаа “Би архины хамааралтай болсон, ар гэрийнхнээ зовоодог” гэж ярихгүй болов уу гэсэн билээ. Гадна хаалга түгжээтэй л болохоос эмчлүүлэгчид хонгилоор чөлөөтэй холхицгоох аж. Улаан хамартай, барзайсан нүүртэй, зарим нэг нь салгалж чичирсэн, улцайж хавдсан царайтай, гар, хөлөө боосон хүмүүс нааш цааш холхино. Бас залуухан сайхан нэг бүсгүй хэд хэдэн удаа өрөөнөөсөө гарч, орж үзэгдэв. Тэрбээр архигүйгээр тэсэж сууж чадахгүй болсон учраас энд иржээ. Түүнээс гадна энд таван эмэгтэй эмчлүүлж буй. Харагдах байдлаар нь дүрсэлсэн болохоос архи уугаагүй үедээ бурам шиг сайхан ааштай, зөөлөн сэтгэлтэй, мэдлэгтэй, чадвартай хүн тэдний дунд олон гэсэн. Архи уухгүй байж чадахгүй, дотнын хүмүүсийнхээ нулимсыг нэрж, бусдад аюул занал учруулсан тул энд ирсэн. Ариун цэврийн өрөөний тамхины утааг тэр гэж хэлэхийн аргагүй байв.
Уух архи нь олдохгүй, ундууцаж ядахдаа нэг хорыг нөгөөгөөр нь орлуулдаг гэх. Би дахин өөр өрөөгөөр шагайлаа. Хоёр нь ном уншиж байв. Цаад талын орон дээр хэвтсэн эрхмийн барьсан номын нэрийг уншиж чадсангүй. Харин үүдтэй ойрхон орон дээр хэвтэж буй хүн Жожо Мойесын “Тэр л би”-г уншина. Тэднээс асууж шалгаах хүсэл минь унтарсан тул цааш эргэлээ. Ер нь заавал яриулах албагүй гэж бодоод зөнгөөр нь орхисон. Ярих ч үгүй биз. Донтолтын тасагт эмчлүүлж буй хүмүүс сайн дураараа ирсэн. Энд хамгийн багадаа 10 хоног, түүнээс дээш хугацаагаар эмчлүүлдэг. Нэг хоногийн 20 000-30 000 төгрөгийн төлбөртэй ч дараалал ихтэй, хүлээлт үүсжээ. Архи ямар ч хүнийг донтуулах адтай. Нэгэнт донтсон бол хэчнээн ухаантай, алт шиг хүн байгаад ч биеэ татаж авахад амаргүй. Эмэгтэйчүүд архинд донтохдоо Архины солиоролд автагсад олширсоор байна эрчүүдээс хурдан. Тодруулбал, эрэгтэй хүн дунджаар 4-5 жил хэрэглэсний дараа архинд донтдог бол хүүхнүүд нэг жил тогтмол хэрэглэхэд л архинд эргэлт буцалтгүй орох магадлал өндөр. Сүүлийн үед энд ирэх эмэгтэйчүүдийн тоо өсжээ. Донтох эмгэг судлалын клиникт голдуу архины солиоролтой хүн ирдэг.
Архины солиорол гэж юуг хэлээд байна вэ. Шарталт эхэн үед даралт ихсэх, толгой эргэх, дотор муухайрах, бие өвдөх зэргээр илэрнэ. Харин дараагийн үе илүү ноцтой. Архи уусны маргааш эрүүл болсон ч орчин тойрондоо юу болоод байгааг мэдрэхээ болино, нойргүйднэ. Улмаар тасдуулсан, толгой, хүүр, сэг зэм, эсэн бусын буг чөтгөр нүдний өмнүүр нь хөвөрч эхэлдэг байна. Эсвэл хэн нэгэн чихэнд нь өөрийгөө ал, зэрэмдэглэ хэмээн шивнэж эхэлдэг гэх. Үгүй бол хэн ч юм нэг этгээд өөрийг нь цустай хутгахаар мэс барин хөөгөөд байгаа мэт мэдрэмж төрөн, айж, уйлж, орилж эхэлдэг гэнэ. Ингээд энэ бүхнийг мартахаар архи ууж, тасрахын туйл болдог аж. Энэ мэтээр архинаас гарч чадахгүй явсаар 40 настай золгосон Т өөрийнхөө хэвлий тус газарт 2-3 удаа хутгалж амьтай голтой эл тасагт иржээ. Тэрбээр Донтох эмгэг судлалын тасагт өмнө нь хэд хэд хэвтсэн. Гарах тоолонд нь эмч нар түүнийг ямар эрсдэл хүлээж байгааг учирлаж хэлсэн гэх. Харамсалтай нь, эмнэлэгт хэд хоног хэвтэн, хордлогоо тайлж, гараад л дахин архи уудаг нь дээрх эмгэнэлт байдалд хүргэжээ. Энэ тохиолдол анхных биш бөгөөд сүүлчийнх нь ч биш байх хэмээн эмч санааширлаа. Мөн гар хөлөө мэрж, цусаа ханаж, өндрөөс үсэрч, бүр амиа алдсан тохиолдол ч гарч байж. Эмч- лүүлэхээр ирсэн олонх хүний туйлын хүсэл нь архинаас гарах бус, тааруулж уух гэнэ.
Гэвч тэдний мөнхийн хүсэл биелэх боломжгүй. Тэд хамгийн багадаа 10 хоног бүр, сар жилээр ууж согтуурах нь ч бий аж. Архи уусаар байвал нэг бол өөрөө нөгөө ертөнц рүү явж, эс бөгөөс орчин тойрныхоо хүмүүсийн сэтгэл санааг чилээн, амьдын тамд унагахын зэрэгцээ эрүүл мэндэд нь аюул учруулж буйгаа ч сэхээрдэггүй гэнэ. Сайн дураар ирдэг гэх боловч эмчлүү- лэгчид ар гэрийнхнийхээ гуйлтаар юм уу, шахалт шаардлагаар ханддаг аж. Энд эмчлүүлэгчдэд өдөр бүр яриа лекц хийж, архины хор хөнөөлийн тухай ярихаас гадна суурь өвчнийг нь эмчилдэг. Мэдээж нэн тэргүүнд нь архины эмчилгээ хийнэ. Гэвч эмчлүүлэгчдээс зарим нь жилд 3-4 удаа ирдэг. Эмчтэй ярилцах зуур хонгилд хэн нэг нь чанга дуугаар үглэж, бухимдах нь сонсогдлоо. Тэр цоожтой хаалганы цаана эмчлүүлэх хүсэлгүй гэнэ. Гэм зэмгүй Монгол Улсын иргэний орж, гарах эрхийг нь хязгаарлаж, шоронд хорьж буй мэт хаалга үүдээ цоожилсон нь бухимдах шалтаг болжээ. Тэрбээр “Тэгж яривал би байнга уудаггүй.
Ууж идэхээ тааруулдаг соёлтой хүн” хэмээн өөртөө хир халдаахгүй байлаа. Бухимдагчийн тухайд тэр өнгөрсөн жил эл эмнэлэгт гурван удаа ирж байж. Бараг улирал бүр ирдэг гэсэн үг. Гэвч эмч нарын үгийг ойшоохгүй, ар гэрийнхнээ ч тоохгүй уусаар байгаа гэнэ. Энэ удаа архи байтугай ус ч ууж чадахгүй, үхэхээс наагуур болоод иржээ. Харин эмчилгээ хийлгэж, өндийх чадалтай болохтойгоо зэрэг ийн галзуурч буй аж. Эл тасгийн нэг онцлог нь согтуу иргэн хүлээж авдаггүй. Эрүүл болсон хүнд л үйлчилдэг. Гэвч ар гэрийнхэн нь архины хамааралтай иргэнээ 24 цаг сахисан ч тэд ямар нэг аргаар уучихдаг. Улмаар залхаж зөнгөөр нь орхидог учир тэдний архидалт сар жилээр үргэлжилдэг гэнэ. Ийнхүү архинд автсан иргэдийн уйтай нэг өдрийг сурвалжиллаа. Эмч нар чадлаараа ажиллаж байгаа ч эмчлүүлэгчид жилийн жилд өссөөр.