Европ, Атлантын далайн бүс нутгийн байдлыг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал харууллаа. АНУ шинэ хүйтэн дайныг одоо Хятадтай хийхээр бэлтгэж, үүнд Европын холбоотнуудаа татан оролцуулах найдлага тавьж буй. Европ хэнтэй ч байлдахыг хүсэхгүй ч АНУ-д татгалзаж чадахгүй байна. Өрнөдийн хувьд Москва урьдын адил заналхийлж байгаа ч Бээжин шиг аюултай биш гэнэ. Харин Украины талаар ёс төдий хөнджээ.
ХЯТАД РУУ ДОВТОЛ
Мюнхений бага хурлыг зохион байгуулагчид нь хошигнон “Европ, Алтантын гэр бүлийн цугларалт” хэмээн нэрлэжээ. Хурлыг нээж зохион байгуулагч орон болох Германы талаас “Өрнөдгүй байдал” илтгэл тавив. “Дэлхий улам бүр Өрнөдгүй мэт болж, Өрнөд өрнөд шиг байх нь багасах нь чухал” гэж уг илтгэлд онцолжээ. Гарцгүй байдалд орсныг бага хурлыг зохион байгуулагчдын гаргасан “Security times” сонины тэргүүн нүүрэнд, Дональд Трамп болон Си Зиньпин бөмбөрцөг хэлбэртэй бөмбөгөөр хөлбөмбөг тоглож, Владимир Путин тоглоомыг өөр лүүгээ татахыг оролдон, Ангела Меркель болон Эмманюэль Макрон нөөцийн суудалд гунигтай сууж буйгаар дүрсэлсэн байна. “АНУ-ын хувьд Европ урьдынх шиг анхаарлын төв байхаа хэдийн больсон” гэж Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер уулзалтыг нээж үг хэлэхдээ тэмдэглэжээ. “Өрхийн” тэргүүн АНУ-д энэ нь огт таалагдсангүй. Тиймээс Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео тэр уйтгарыг чадлаараа үргээхийг оролдов. “Зарим нь бүхнийг хараар будаж байна. Харин Умард Атлантын эвсэл мөхсөн тухай цуу яриа их хэтрүүлэг болохыг мэдээлэхдээ би баяртай байна.
Өрнөд ялна. Та бид ялна. Эрх чөлөөт орнууд бусдаас илүү амжилтад хүрнэ. Манай Засгийн газрууд хүний эрхийг хүндэтгэж, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангана” гэж тэрбээр Европын холбоотнууддаа хандан хэлэв. Хэлсэн үгээ тэрбээр Өрнөдийн анхаарал татах жишээгээр батжуулж, “Өмнөд Солонгос гэрэлтэж, Умард нь харанхуйлан сансраас маш тод харагдана. Амиараа дэнчин тавьсан дүрвэгсэд Грек, Европт хүрэхийн тулд Газар дундын тэнгисийг гатлахаар сэлж байхад, хэн ч Иран, эсвэл Кубад орогнох эрх хүсэхийг эрмэлзэхгүй байна. Оюутнууд сурахын тулд Кэмбрижийг зорихоос Каракас руу зүглэхгүй. Үйлдвэрлэл эрхлэгчид Цахиурын хөндийд бизнес эхлүүлэхийг мөрөөдөхөөс биш Санкт-Петербургийг зорихгүй” хэмээн тайлбарлажээ. Үргэлжлүүлэн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер үг хэлсэн байна. Итгэл найдвар алдсан европчуудаас ялгаатай нь америк¬ чууд Мюнхенд бэлэн жор, тулгасан олон шаардлагатай иржээ. Хамгийн гол нь шинэ дайсан болох Хятадын эсрэг тэмцэхэд АНУ-ыг Европ дэмжих ёстой аж. Вашингтоны төлөөлөгчид Европын холбоотнууддаа Хятадын 5G технологиудыг ашиглахгүй байхыг уриалжээ. Учир нь эл технологи НАТОгийн дотоод мэдээлэл солилцоо, харилцааны системд аюултай гэнэ. Үүний оронд АНУ-ын эрх баригчид Америк, Европын ижил төрлийн бүтээгдэхүүнийг дэмжихээ амлаж, цэргийн баазууддаа турших боломж олгоход бэлэн буйгаа ч мэдэгдэв.
ОРОСЫН ЭСРЭГ ТЭРБУМ
Мюнхенд өмнөх жилүүдийнхээс бага анхаарлыг Орост хандуулсан ч Америкийн оролцогчид Москваг хангалттай шүүмжлэв. Майкл Помпео Америкийн эрчим хүчний салбарын лоббичин болж, Европын холбоотнууддаа Оросоос хий авахаас татгалзахыг уриалжээ. “Умардын урсгал-2” нь цэвэр арилжааны төсөл хэмээн Оросын хэлсэнд бүү хуурт” хэмээн тэрбээр хэлсэн байна. Удахгүй Оросын эрчим хүчээс хараат байдлыг бууруулах боломж олгох Европын Холбооны төслүүдэд АНУ нэг тэрбум орчим долларын хөрөнгө оруулна хэмээн амлав. Оросын түрэмгий санаархлаас Европын холбоотнуудаа төдийгүй Украин, Гүрж, Төв Ази, цаашлаад Умард мөсөн далайг АНУ хамгаалахыг тэрбээр батлан хэллээ. Хятад, Оросын эсрэг АНУ-тай нэг фронт болохыг европчуудад хичээнгүйлэн уриалсан байна. Атлантын далай дамнасан “гэр бүлийн” европ гишүүд тийм шийдэмгий байсангүй. АНУыг аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн гол баталгаа хэмээн урьдын адил үздэгээ тэдний олонх нь илэрхийлж, хаалт саадыг хэн ч давах гэсэнгүй.
Харин Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ-тай хийж буй харилцаагаа эргэн авч үзэж, Европт тодорхой хэмжээний эрх чөлөө, тухайлбал, Оросын талаар өөрийн гэсэн стратеги хэрэгтэй гэжээ. “Санал зөрөх олон асуудал байсан ч Оростой харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Хориг арга хэмжээ Орост ч, Европт ч нааштай юу ч өгсөнгүй” гэж тэрбээр хэлсэн байна. Гэвч Францын удирдагчийн саналыг хэн ч дэмжсэнгүй. ЗАХЫН УКРАИН Донбассын мөргөлдөөнийг өнгөрсөн жилүү¬ дийнх шиг идэвхтэй хэлэлцсэнгүй. Эрх бариг¬ чид нь анхаарал хандуулахыг хичээсэн боловч Украин дэлхийн тогтворгүй байдлын хэвийн л жишээ болжээ. Франк-Вальтер Штайнмайер болон Майкл Помпео л Москваг Крым, Донбассын төлөө олон улсын хууль зөрчсөнд буруутгасан. Гэхдээ энэ нь 2014 оноос хойш тогтсон уламжлал шиг харагдаад өнгөрчээ. Украины зүүн нутгийн дайн өдгөө дэлхийн хямралын хит парадын сүүл мушгиж байна. Бага хурлын тойм илтгэлд эл мөргөлдөөн олон улсад тулгамдсан 10 асуудлын хамгийн сүүлд бичигджээ. Харин эхний тавд Афганистан, Йемен, Этиоп, Буркина-Фасо, Ливи жагсав.
ХОНГИЛИЙН ҮЗҮҮР ДЭХ НҮБ
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины хямрал анхаарлыг нь татахгүй байгаа мэт дүр эсгэжээ. Тус улсын талаар тэрбээр хэлсэн үгэндээ нэг ч дурсаагүй. Асуулт, хариултын үеэр ч Оросын сайдаас Турк, Сири, Ливийн талаар асуужээ. Олон улсын асуудалд нөлөө бүхий орнуудын удирдагчид дэлхий ертөнцөө дахин журамд оруулахын тулд цуглаж, илэн далангүй ярилцах цаг хэдийн болсон гэсэн санаагаа Оросын төлөөлөгчдийн тэргүүн Мюнхенд дэвшүүллээ. “Стратегийн тогтвортой байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх тохиролцооны систем бидний нүдэн дээр сүйрч, цөмийн зэвсэг хэрэглэх босго намсан, бүс нутгийн хямрал хүрээгээ тэлж, тусгаар улсын дотоод хэрэгт хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцох, дэлхийн зах зээл, худалдааны системийг хөндсөн гаалиар хавчих, хууль бус хориг арга хэмжээ авах зэргээр олон улсын хууль, эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байна” гэсэн онош тэрбээр эхлээд тавив. Дараа нь “Ирээдүй хойчийнхоо төлөө дэлхий ертөнцөө хэрхэн хамгаалах талаар шууд, шударгаар санал бодлоо солилцох хэрэгтэй. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаг шийддэг бас нэг хаалттай клуб нээх тухай биш.
НҮБ-ын Дүрмийн дагуу олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжин сахиулахын төлөө онцгой хариуцлага хүлээсэн таван улс итгэлцлээ сэргээж, олон улсын харилцааны уур амьсгалыг бүхэлд нь эрүүлжүүлэхийн төлөө зөвлөмж бэлтгэн, улс төрийн хүсэл зоригоо илэрхийлье гэсэн бидний санал юм” гэж эмчилгээг нь санал болгожээ. Тавуулаа цуглаж, ярилцах гэсэн санаагаа илүү итгэл үнэмшилтэй болгохын тулд Сергей Лавров Оросын академич А.Сахаровын “Цөмийн дайн жирийнээс үүсэж болох, харин жирийн дайн улс төрөөс үүсдэг” гэж хэлснийг эш татсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн улс энэ жил, ирэх есдүгээр сард Нью-Йоркт цуглаж болох юм гэж Москва үзжээ. Дээд хэмжээний уулзалт хийхийг дэмжиж буйгаа АНУ, Британи илэрхийлээгүй, Франц болон Хятад хэдийн мэдэгдсэн байна. Гэсэн ч Оросын хувьд эл санаачилга хожоотой. Хэрэв Вашингтон болон Лондон саналыг хүлээн авбал дээд хэмжээний уулзалт болж, Москва дипломатын чухал ялалт байгуулахыг ажиглагчид тэмдэглэжээ. Крым, Донбассыг үл харгалзан, Оросыг түрэмгийлэгч хэмээн нэрлэг¬ чид, хориг арга хэмжээ авагчид тус улстай нэг ширээнд суун дэлхийн хямралыг шийдэхээр болбол үнэхээр ялалт болно. Харин санаачилгыг дэмжихгүй бол ирэх жил Мюнхенд Сергей Лавров хариу арга хэмжээ авахад хүрэх аж.