Үндсэн хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Одоогоор УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад буй. Тэгвэл бусад хуулийн төслийг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн уржигдар хуралдаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөг нь Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталжээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажлын хэсгийг ахалж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар сонсож, санал солилцсон байна.
Ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Ганзориг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулав. Тэрбээр “Энэ хуулийн төслийн гол зорилго нь төрийн нэгдмэл байдлыг хангуулах, орон нутгийн бие даасан байдлыг аль болох зөв зохицуулахад чиглэж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын гол цөм нь сум, дүүрэг байх ёстой гэсэн зарчим баримталж, энэ санааг төсөлд тусгахыг хичээсэн. Хуульд тунхаг хэлбэрээр тусгасан, давхардсан агуулгатай зүйл, заалтыг өөрчлөн, төрийн болон нутгийн удирдлагын чиг үүргийг зааглахыг чухалчилж байна. Иргэдийг идэвхжүүлэх, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг нэмэгдүүлэх тухай заалтыг ч хуульд тусгасан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан уг төслийн бүтцийг нэлээд өөрчилж байгаа. Тухайлбал, орон нутгийн эрх мэдэл, чиг үүрэг, нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой асуудлуудыг зохицуулахыг зорьсон” гэв.
Дундговь аймгийн ИТХ-ын дарга, доктор С.Сүхбаатар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан орон нутгийн төсөв, санхүү, татварын талаарх саналын томьёоллоо танилцуулсан бол ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар санал, бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр “Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн орчныг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бүрдүүлсэн. Бусад тулгамдсан асуудлыг ч энэ хуулиар зохицуулах учиртай. Дэлхийн чиг хандлагаас харахад хот, тосгонд хүн амын нягтшил тулгамдсан асуудал байдаг. Үндсэн хуулиар улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах эрх зүйн орчин бүрдсэн учраас хот, тосгонд ч мөн анхаарах шаардлагатай болно. Одоогийн хуульд хот, тосгоны чиг үүргийг тодорхой тусгаагүй, зөвхөн эрх мэдлийг нь заасан учраас энэ алдааг засаж, нарийвчлан судлах шаардлага бий” гэдгийг дурдав.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн сайн болсон гэж дүгнээд, “Хуулийн төслийг ойрын хугацаанд цахим хуудсанд байршуулж, олон нийтээс санал авах ажлыг яаралтай зохион байгуулах нь зүйтэй” гэв. Мөн “Хуулийн төслийг баталбал эдийн засгийн болон нийгмийн үр нөлөөний үнэлгээ, судалгаа, төслийн иж бүрдлийг хангах гээд хийх ажил багагүй байна. Энэ бүхнийг хийсний үндсэн дээр хуулийн төслийг дагалдах төслүүдийн хамт Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөсөн” хэмээлээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараагийн хуралдаанаараа ажлын хэсгийнхэн хэлэлцэж, санал солилцох юм байна.