“Хоцрогдсон” хүмүүс, эсвэл “одоогийн” хүүхдүүд гэх үгийг та цөөнгүй сонсож байна уу. Энэ нь бие биесээ нас, харилцаа, хандлага, хэрэглэж буй эд зүйл, технологи, магадгүй оюун ухааны хөгжлөөр нь дүгнэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, нэг цаг үе, нийгэмд амьдарч буй хүмүүсийн үе хоорондын ялгаа ийнхүү илэрч, зөрчилддөг аж. Тэгвэл уг зөрчлийг арилгахын тулд буюу XXI зууны эхэн үед амьдарч буй иргэд бусдыг хэрхэн ойлгож, харилцаж, хамтдаа хөгжих вэ.
“Бид шинийг сэтгэж, урмаар тэтгэгдэж, техник, технологийн дэвшилд тулгуурлан мэдлэг бүтээж, санхүүгийн асуудлаа шийдвэрлэдэг genZ үеийнхэн” гэх үгийг сонсоод дургүйцэх бус, нэгэндээ зөв үлгэрлэж, бие биеэсээ хэрхэн суралцах тухай бодлоос тухайн нийгмийн хөгжил эхэлдэг аж. Тодруулбал, дэлхийн хөгжингүй орнуудад үе хоорондын ялгаа, тэдэнтэй хэрхэн харилцах, яаж бүтээмжтэй ажиллуулах, мэдлэгийг ямар аргаар олгох, аль суваг, менежментээр сурталчилгаагаа зорилтот хэрэглэгчдээ хүргэх тухай социологи, сэтгэл судлалын шинжлэх ухаан судалдаг болж. Ингэснээр компаниуд ажлын байрандаа тохирох хүмүүсийг шалгаруулж, багш, эцэг, эхчүүд хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгож харилцан, иргэдийн энэ талаарх мэдлэг дээшилснээр нийгмийн харилцаа (цахим орчинд ч ялгаагүй) эерэг болж, хөгжих суурь болдог байна. Үеүдийг ийнхүү ангилдаг нь хөгшин, залууг нь тодорхойлох бус, өсөж, хөгжих ахуй нийгэм нь хэрхэн хөгжүүлж, ямар онцлог шинж чанартай хүн болж төлөвшсөнийг нь илтгэн харуулах зорилготой. Энгийнээр хэлэхэд, техник, технологийн хөгжилд өсөж, торнисон хүүхэд уламжлалт арга болох танхимд сууж, ном уншихыг илүүд үзэхгүй учраас цахимаар тэр дундаа подкаст, блог, аппликэйшнээр мэдлэг хүргэх нь илүү үр дүнтэй байхыг хэлж буй аж. Улс орнууд шинэ үеэ ийнхүү судлан, хөгжүүлж, бэлтгэдэг гэсэн үг.
АНУ-ын судлаачид 1924 оноос одоог хүртэл төрсөн иргэнийг нийгмийн хөгжлийнх нь дагуу долоон үед хуваажээ. Энэ нь гайхалтай, чимээгүй, их төрөлт, genX, миллениал буюу genY, genZ, альфа гэсэн үе юм. Өдгөө 1924 ба түүнээс өмнөх гайхалтай үед төрсөн хүмүүс дэлхийд бараг байхгүй болсон. Чимээгүй үеийнхэн буюу 1924-1945 оны хооронд төрсөн, дэлхийн хоёрдугаар дайны хатуу, бэрх цагийг туулсан хүмүүс нь сэтгэлийн тэнхээтэй, ажил, албандаа илүү үнэнч, хариуцлагатай ханддаг онцлогтой. Харин их төрөлтийн үед хамрагдах 1946-1964 онд АНУ-д 72.5 сая хүүхэд төржээ. Энэ үеийнхэн нийтээр ажиллах хүсэл, сонирхолтой, ёс зүйтэй байдаг аж. Тус үеийн төлөөллөөс АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Барак Обама, Доналд Трамп нарыг нэрлэж болно. Өдгөө ид ажиллаж, тухайн салбартаа амжилт гаргасан байх боломжтой үе бол genХ буюу 1965-1980 онд төрөгсөд. Тэд ажил, амьдралаа тэнцвэртэй авч явдаг, бизнес эрхлэгчид байх онцлогтой аж. Миллениал (genY) үеийнхэнд 1981-1996 оныг хамруулах бөгөөд мэдээллийн эрин үед анх хөл тавьж, дижитал технологи эзэмшигчид гэж тодорхойлдог. 1997-2010 онд төрөгсөд genZ үеийнх бөгөөд ажлын байрны өндөр шаардлагатай, урамшуулж байж илүүг бүтээх хандлагатай, дижитал технологигүйгээр ажиллах боломжгүй, илүү эрх чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг. Харин альфа (уугуул дижиталчууд) буюу эхээс мэндлэхдээ л цахим орчин, ухаалаг утас, таблеттэй ертөнцөд хөлж тавьсан, 2010 оноос хойш төрсөн хүүхдүүд оюун ухааны хувьд бусад үеийнхнийг ардаа орхино гэж судлаачид таамаглаж буй юм.
Манай улс дэлхийн хөгжингүй орнуудаас хөгжлөөрөө хоцорсон, мөн нийгмийн шилжилт нь ч өөр цагт болсон учир дээрхийн адил иргэдээ үеэр ангилж, зааглах нь бодит байдалд нийцэхгүйг зарим судлаач хэлжээ. Манайд интернэт орж ирснээр бус, түүнийг олон нийт хэрэглэж хэвшсэн цагийн үеийнхнийг гадаадынхтай адилтган ангилж болох аж. Харамсалтай нь, Монголд энэ чиглэлийн судалгаа хийж, хүний нөөцийн мэргэжилтэн, менежер, багш, ажилчид түүнийг ашиглан, практикт нэвтрүүлсэн жишиг алга байна. Тиймдээ ч “Одоогийн хүүхдүүд үг даахгүй, тогтвортой ажиллаж чаддаггүй” гэж ярьдаг. Энэ нь магадгүй тухайн хүүхэд, ажлын хамт олон бие биенийхээ өсөж, хөгжсөн цаг, үеийн онцлогийг мэдэж, зохицож чаддаггүйтэй холбоотой гэнэ.
Үе хоорондын ялгааны тухайд насан туршийн боловсрол гэх ойлголт хамгийн чухал аж. Энэ нь зөвхөн ахмад үеэс залуучууд суралцах гэсэн хуучирсан ойлголтыг халж, нийгмийн хөгжилтэй уялдан, нэг цаг үед амьдарч буй хүмүүс бие биеэсээ суралцаж, хамтдаа хөгжих юм. Жишээлбэл, Хятадын алдартай жүжигчин Дэшүн Ван “Би 50 настайдаа анх фитнест явж, 70-тайдаа дасгал хөдөлгөөнөөр ид хичээллэж, 76 хүрсэн жил анх загварын тайзан дээр алхаж үзлээ” хэмээн ярьсан байдаг. Үүнийгээ залуу үетэйгээ хөл нийлүүлэн, тэдэнтэй хамт хөгжиж, өөрийн туршлагаас хэлж, заах боломжийг олгодог гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, үе бүхэнд бие биенээсээ суралцах, онцлог, давуу шинж байдаг учир насан туршдаа бусдаас үлгэрлэж, хөгжих боломжтой аж. Баруун Европын орнуудын хөгжлийн нууц нь эрх чөлөөт нийгмийг цогцлоосноор хүн бүхэн хэн нэгний хүсэлт, дарамтаар бус, хүссэнээ хийж, тэр салбартаа амжилттай ажиллах болсонтой холбоотой гэж “Pew research” байгууллагын үе хоорондын судалгааны дүгнэлтэд дурджээ.
Харин манайд чихэвч зүүсэн залуусыг хэнэггүй, хүмүүжилгүй гэж шүүмжилдэг. Мэдээллийн технологийн салбарын мэргэжил сонгохыг дэмждэггүй эцэг, эхчүүд цөөнгүйг залуус хэлдэг. Уг нь подкаст сонсож, мэдлэг олж аван, цаг хугацаагаа хэмнэж буй нь дэвшил юм. Магадгүй дуу хөгжим сонсож түүнээсээ эрч хүч авахыг үгүйсгэх учиргүй. Дижитал бизнес, цахим худалдаа, маркетинг зэрэг ажил хэрэг, ихэнх мэргэжил интернэт орчинд шилжиж буйг зарим эцэг, эх төдийлөн анзаардаггүй. Үүнээс болж өөрсдийн сонирхлоороо амьдрах хүсэлтэй хэчнээн genZ үеийнхэн буруу замд хөтлөгдсөн бол. Түүнчлэн эсрэгээрээ хүүхэд, залуус нь ч аав, ээж, ахмад үеийг үл хүндэтгэж, доромжлох үзэгдэл манайд ажиглагдсаар байна.
Монгол Улс өдгөө 3.2 сая гаруй хүн амтай. Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн жилийн тоон мэдээллээс үзэхэд манай улсын нийт хүн амын дийлэнх буюу 70 орчим хувийг миллениал, альфа, genZ үеийнхэн эзэлж байна. Тодруулбал, миллениал буюу ид хөдөлмөрийн насныхан 27.6, genZ үеийнхэн 19 хувийг эзэлж буй аж. Өдгөө genZ үеийн “уугуулчууд” их, дээд сургуулиа төгсөн, ажлын талбарт гарч эхэлжээ. Энэ хоёр үеийнхний төлөөлөл болгон саяхны жишээ дурдья. БНХАУ-ын Ухань хотын их сургуулиудад суралцаж буй 31 оюутныг авчран, ХӨСҮТ-д 14 хоног тусгаарласан. Тэд эмнэлгээс гарах өдрөө ХӨСҮТ-д нэг сая төгрөг хандивлаж, эмч нараас “үүрэг даалгавар сайн биелүүлж, ямар ч зөрчил гаргаагүй” гэсэн үнэлгээ авсан. Тэднийг бүү авчир гэсэн зарим монгол иргэний эсэргүүцлийг оюутнууд өөр зүгт хандуулж чадсан юм. Тодруулбал, тэдний төлөөлөл фэйсбүүкт нөхцөл байдлын талаар бичиж, түгээж, олон түмний анхаарлыг хандуулж чадсан. Тэд миллениал болон genZ үеийнхний төлөөлөл аж. 31 оюутны нэг Ж.Отгон “ХӨСҮТ-д бид 14 хоног байхдаа ном уншиж, гадаад хэлээ сайжруулан, блогоо хөтөлсөн. Бидний олонх нь хоёроос доошгүй гадаад хэл эзэмшсэн.
Нэг оюутан маань ОХУ, Британид суралцах боломж байсан ч хөрш, зэргэлдээ орны түүх, соёл, хэлтэй танилцахаар БНХАУ-ыг сонгосон гэж хэлж байсан. Мөн бизнес эрхлэх сонирхолтой, бас манай улсын импортын барааны дийлэнхийг БНХАУ-аас нийлүүлдэг учир тус улсыг сонгон, суралцаж буй оюутнууд ч бий” гэв. Түүнчлэн genZ үеийнхний төлөөлөл болох залуус нэгдэн блог хөтөлж, олон нийтийг сайн зүйлд уриалж байгаа жишээ олон бий.
Тэгвэл альфа үе болох 2010 оноос хойш төрөгсдийн төлөөлөл болох соробан сампингийн олон улсын аварга шалгаруулах тэмцээний аварга У.Ивээлсайхан хүү хоёр настайгаасаа хэн нэгнээр заалгаагүй өөрөө бичиж, уншиж, гадаад хэл сурч эхэлсэн байдаг. Өдгөө зургаан настай ч гуравдугаар ангид элсэн орох хэмжээний чадвартай болсон тэрбээр хятад, англи хэлтэй. Соробан сампингийн аппликэйшнээ ашиглан, тоогоо төвөггүй цээжилж, шалгуулж “онц” оноо авдаг. Үе хоорондын ялгаа ийнхүү ажиглагдсаар байна. Тэднийг үгүйсгэх бус, давуу талыг нь мэдэж, амжилт гаргахад нь туслах учиртай.