Одоогоос дөрвөн жил шахмын өмнө УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утаа эхэлсэн, өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг, орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал боллоо. Утааны гамшгийн төв нь Улаанбаатар хот. Нийслэлийн агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийн хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна. Нийт утааны 80 гаруй хувь нь гэр хорооллын нүүрс түлдэг айл өрхийн хэрэглээнээс, 20 шахам хувь нь авто машины шатах, тослох материал болон бусад эх үүсвэрээс үүсэлтэй гэж үздэг.
Монгол Улсын иргэд, тэр дундаа улаанбаатарчууд жилийн тэн хагаст утаан дунд амьдарч байна. Түүхий нүүрсний хэрэглээ, авто машины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM 2.5 буюу үл үзэгдэгч тоосонцрууд тортог, хүнд металлтай барьцалдан амьсгалын эрхтэнүүдээр дамжин хүний биед нэвтэрч, уушгийг гэмтээн, улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулдаг. Бензопирин хэмээх хорт хавдар үүсгэгч бодис утаанд хүлцэх хэмжээнээс 14 дахин их байдгийг Хятадын эрдэмтэд тогтоожээ” гэсэн мэдээлэл гарч байв.
Жилийн өмнө, 2019 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ “...Засгийн газар ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан.
Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. Бага оврын 220 мянган уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь нам даралтын 3000 зуух байна. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа. Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг хэрэглэнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа. Сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх, нийслэлийн утааг 50 хувь бууруулах ажлыг гол зохион байгуулах хүмүүс бол нийслэлийн төрийн албан хаагчид та бүхэн” гэж байсан юм.
Тэгвэл 2019-2020 он дамжсан өвлийн турш “...Улаанбаатарын утаа нээрэн багаслаа шүү”, “Ямар ч байсан өнөөх гашуун утаа манан өнгөгүй, үнэргүй болсон байна” гэж хүмүүс ярилаа. Олон жилийн турш төсөв, төслийн олон зуун тэрбум төгрөг “идэж уусан” Улаанбаатарын утаа үе үеийн эрх баригчид, Засгийн газрын шүдний өвчин болсоор ирсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Улаанбаатарын утааг багасгаж чадлаа. Үр дүн нь яалт ч үгүй гарсан. Хүний өөрийнгүй үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээс ч аргагүй юм.
Засгийн газраас Улаанбаатарын иргэдийг түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргаж, түүнийг мөрдүүлж хэвшүүлэв. Түүхий нүүрсийг хориглох шийдвэр гарч байх үед эсэргүүцэл, эргэлзээ их гарч байсан. Эцэст нь хорьж чадсан.Улмаар “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Засгийн газар ч, энэ компанийг удирдаж буй М.Ганбаатар сайн, муугаар их хэлүүлсэн дээ.
Гэсэн ч Улаанбаатарын утааг илтэд бууруулсан шахмал түлшийг нийлүүлсээр хавартай золгов. Мэдээж хэрэг, дээр хэлснээр утаа илт багасаж, “өнгөгүй, үнэргүй” болсон. Энэ бол шууд мэдэгдсэн том үр дүн юм. Үүнийг дагаад олон эерэг нөлөөлөл бий болж байгааг судалгааны байгууллагууд “илрүүлсэн”. Адаглаад л Улаанбаатараас хаана ч очсон дагаж явдаг монгол үнэр буюу “давхар утлага”-ын үнэр танар алга болсон. Өмнө нь очсон газрынхаа онгоцны буудлаар нэг өнөөх үнэрээ тарааж, монгол хүн гэдгээ мэдрүүлдэг байв шүү. Яриад дурдаад байвал олон эерэг дүн гарчээ. Хамгийн гол нь энэ өвөл Улаанбаатарын иргэд, хүүхдүүдийн ханиад эрс буурсан. Нөгөөтээгүүр үүнтэй зэрэгцээд янз бүрийн бэрхшээл гарсан. Анхны болгон алдаа оноотой байдаг учраас сөрөг дүнгүүдийг ч хүлээн зөвшөөрөх ёстой. Улаанбаатарчууд энэ түлшийг түлж эхлэхдээ хэд хэдээрээ угаартлаа л гээд байсан. Одоо шахмал түлшийг түлж дадаад угаартсан хүний тоо багассан. Мөн Засгийн газар, эрх баригч МАН-ын зүгээс Улаанбаатарын утааг багасгаж эхлүүлсэн ажлаа улам чамбайруулахаар ажиллаж эхэлсэн байна. Шахмал түлшний гол орц болох барьцалдуулагчийг өмнөд хөршөөс импортоор оруулж ирдэг байжээ. Хил хаагдаад хойд хөршөөс түр авахаар болсон. Гэхдээ тун удахгүй барьцалдуулагчаа импортоор авахаа больж, шахмал түлш цэвэр “монгол түлш” болох гэж буй юм байна.
Учир нь, монгол залуус “Сайжруулсан шахмал түлшний эко барьцалдуулагч” бүтээжээ. “Армоно нэгдэл”, “Баргил тех” ХХК, “Байгальд ээлтэй хөгжил” ТББ-ынхан энэ төслийг хэрэгжүүлж байгаа аж. Тэд “Тавантолгой түлш” ХХК-ийн инженерүүд, эрдэмтэдтэй хамтран туршилт хийж, MNS:5216 2016 стандартын дагуу шинжлүүлсэн байна. Ингэхэд хүлцэх хэмжээ нь 1200 мг/шоо метр, эко барьцалдуулагчийнг ашигласан “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний утаан дахь хүхэр (СО2)-ийн хэмжээ нь 300 мг/шоо метр гэж гарчээ. Одоогийн үйлдвэрлэж байгаа түлшний утаан дахь хүхрийн хэмжээ нь 1100-1500 мг/шоо метр байдаг аж. Өнөөдөр өмнөд хөршөөс барьцалдуулагч авахад ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөг зардаг гэнэ. Эх орны үйлдвэрийн эко барьцалдуулагчийг ашигласнаар улсын төсөвт жилд 6.5 тэрбум төгрөг шууд орж, дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгжүүдэд 13.5 тэрбум төгрөг нь бодит орлого болон үлдэх юм. Хамгийн гол нь энэхүү эко барьцалдуулагч импортыг 100 хувь орлоно. Үүнээс гадна эко барьцалдуулагчийг ашигласнаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, түлшний чанар 2-3 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Үйлдвэрээс гарсан түлшийг хатаахад 70 минут зарцуулдаг байсан бол эко барьцалдуулагчтай түлш ердөө 20 минутад хатна. Ус, чийгэнд тэсвэртэй. Байгалийн нөхцөлд хатдаг. Бат бөх чанар нь хоёр дахин нэмэгдэх зэргээр сайжруулсан шахмал түлш улам чанартай болно гэсэн үг.
Түүнчлэн үйлдвэрлэлийн өртөг 20-30 хувиар буурах юм байна. Өнөөдөр нэг тонн түлшийг 55 мянган төгрөгийн өртгөөр хийдэг гэж үзвэл эко барьцалдуулагч хэрэглэж эхэлснээр 42 мянган төгрөг болох аж. Эко барьцалдуулагчийг хийж буй “Баргил тех” ХХК-ийн үйлдвэр нь цагт 20 тонн барьцалдуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэднийх хоёр ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллах бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 100 хувь автомат юм байна.
Эко барьцалдуулагчид ордог түүхий эдээ ойроос татдаг. Түгээх, тээвэрлэх дэд бүтэцтэйгээ ойр зэрэг давуу тал бий гэнэ. Эко барьцалдуулагчийг үйлдвэрлэгчид ашигтай загварын С14В1/00 ¹ 801 тоот гэрчилгээ, шинэ бүтээлийн ¹ 817 тоот патент авчээ. Тэд эко барьцалдуулагч бүтээгдэхүүнээрээ “2018 оны Улаанбаатар хотын инновацын шилдгийн шилдэг бүтээгдэхүүн”, МҮХАҮТ-ын “2019 оны шилдэг инновац нэвтрүүлэгч Энтрепренер, Меркури цом” хүртсэн байна.
Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” ХХК сар шинийн баярын дараахнаас эко барьцалдуулагчийг хэрэглэсэн, эх орны үйлдвэрийн шахмал түлш үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг эх сурвалж хэллээ.
Ингэхээр ирэх өвөл Улаанбаатарын утаа улам л багасна гэсэн үг. Ерөөс түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш түлж эхэлсэн, улмаар нийслэлийн утааг багасгасан явдал бол У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том гавьяа билээ.
Бэлтгэсэн: Ө.Бааст