90 гаруй жилийн түүхтэй, 2300 орчим гишүүнтэй өмгөөлөгчдийн байгууллага тэднийхээ мэдлэг, чадвар, төлөвшилд анхаарах цаг болжээ. Иргэд эрх зүйн наад захын мэдлэггүйг далимдуулан зарим өмгөөлөгч тэдний зовлонгоор тоглож, улмаар шүүх эрх мэдэлд нөлөөлөхийг эрмэлзэх болсон нь ийн бичихэд хүргэв. Гэхдээ дээрх бусармаг үйлдэл хуулийг ягштал баримтлан, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалдаг шударга өмгөөлөгч нарт хамаагүй гэдгийг нийтлэлийнхээ эхэнд зориуд онцолъё. Гагцхүү үйлчлүүлэгчээс мөнгө авч, мөрдөгч, прокурор, шүүгчид нөлөөлнө, хэргээс мултална хэмээн худал хэлж, иргэдийн итгэлийг нь эвддэг хуульч нэртэй худалч нөхдийн асуудал хэрээс хэтэрснийг хөндөж буй. Тэд хавтаст хэрэгт цугласан баримтад үндэслэн яллагчийн эсрэг зогсож, нотлох баримтуудаас өмгөөлөх, цагаатгах боломжтойг нь түүвэрлэж, бусад ижил төстэй хэрэгтэй харьцуулан, шаардлагатай бол олон улсын гэрээ, конвенц судалж ажиллах ёстой. Нөгөөтээгүүр, зөвшөөрсөн арга хэрэгслээр, хуулийн хүрээнд боломжит бүх аргыг ашиглаж өмгөөлөл хийхийг хууль тогтоомжид цагаан дээр хараар бичсэн байдаг.
Гэтэл өмгөөлөгч нар сүүлийн жилүүдэд хууль, дүрэм зөрчин, ялалт байгуулж л байвал юу ч хийхээс сийхгүй болсныг олон нийт шүүмжилж, дургүйцэх болов. Өмгөөлөгчид юм л бол хэвлэлийн хурал зохион байгуулж, хавтаст хэрэгт цугласан баримтыг задалж, эс бөгөөс хэрэгт хамааралгүй элдэв зүйл ярьж, нийгэмд прокурор, эсвэл шүүгч нар асуудалтай гэх ойлголт төрүүлж, улмаар шүүх эрх мэдэлд нөлөөлөхийг илт санаархаж байна. Түүгээр ч үл барам зарим өмгөөлөгч шүүхийг үл хүндэтгэж, шүүх хурал мэтгэлцэх журмаар явах ёстой атал хавтаст хэрэгт байхгүй, тэс хөндлөн зүйл ярьж, хуулийг гуйвуулан, хэрүүл хийж, маргалдах болсон ч гэх. Үүнээс гадна үйлчлүүлэгчээсээ хэт их төлбөр нэхэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө, ялгүй үлдээнэ гэх мэтээр худал хэлдэг болсон талаар иргэд шүүмжилдэг. Үйлдэл нь камерт бичигдсэн, олон гэрчтэй, ул мөр ихтэй, мултрах найдваргүй хэрэгт ч өмгөөлөгчөөр оролцож, “Хэрэгсэхгүй болгоно, ялгүй үлдээнэ” гэж амлах явдал бий.
Үнэхээр найдваргүй, эрх зүйн ямар ч гаргалгаа байхгүй атал ийн амладаг нь хуулийн засаглал мөнгөний засаглалаас хүчгүй болсны илрэл. Ийм атал иргэд байнга хэвлэлийн хурал хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уран цэцэн үг хэлсэн хуульч нэртэй худалчийг даган хошуурах болсон. Тэр хэрээрээ хохирол амсах нь бий. Хуульчийн мэргэжлийн дүрэмд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хэргийн талаар мэдээлэл задруулж болохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нар ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргахгүй байх үүргийг эл дүрмээр хүлээдэг. Гэвч зарим нь ийм дүрэм журамгүй мэт аяглах. 2017 онд өмгөөлөгч нарт хууртаж хохирсон иргэд мэдээлэл хийж байсан. Тодруулбал, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо болон “Иргэний оролцоот Ардчилал” төрийн бус байгууллагаас Б гэх өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг нь цуцлуулахаар Монголын хуульчдын холбоонд хүсэлт гаргасан талаараа мэдээлж байв. Уг хүсэлтэд “Өмгөөлөгч Б 2015 онд өөрийн үйлчлүүлэгч С-ыг цагдан хорих ангиас суллуулахын тулд АТГ-ын мөрдөгчид өгнө хэмээн үйлчлүүлэгчийнхээ ар гэрийнхнээс хэдэн сая төгрөг авч, хувьдаа завшсан.
Үүний улмаас залилангийн хэрэгт холбогдон шалгуулсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон” гэх зэрэг хэд хэдэн шалтгаан дурдсан. Хүсэлтийн төгсгөлд “Энэ бүгдийг харгалзан, асуудлыг нягтлан шалгаж, өмгөөлөгч Б-ын эрхийг хууль, дүрэм, журмын дагуу цуцалж, арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна” гэсэн байв. Гэхдээ Монголын хуульчдын холбоо нэр дурдагдсан өмгөөлөгчид ямар нэг арга хэмжээ авалгүй өнгөрсөн гэх. Харин олон хавар нэгэндээ гэгчээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өмгөөлөгч Б-ын өмгөөллийн эрхийг нь нэг жилээр түдгэлзүүлсэн гэнэ. Түүнчлэн мэдээллийн олон хэрэгслээр үе үе гардаг Э гэх өмгөөлөгч байх. Тэр өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулдгаараа алдартай. Ямар нэг шалтаг гарган, бүр худлаа хэлээд ч болов шүүх хурлыг хойшлуулдаг гэх. “Та яагаад худлаа хэлэв” гэх эсрэг талынхаа өмгөөлөгчийнхөө асуултад “Шүүх хурал хойшилж л байвал бусад нь хамаагүй” хэмээн хээв нэг хариулсан гэдэг юм билээ.
Зарим өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ урьдчилгаа төлбөр авчихаад усанд хаясан чулуу шиг алга болдог тохиолдол цөөнгүй. Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд ирж буй гомдлын 81.6 хувь өмгөөлөгчтэй холбоотой, тэр дундаа хөлсөө авчихаад эрх зүйн туслалцаа үзүүлээгүй гэх гомдол эзэлдэг аж. Тэр ч бүү хэл, хууль зүйн сургуульд ажилладаг багш нараас ч ийм авир гардаг. Тухайлбал, хуулийн сургуулийн нэгэн багш бусдаас их хэмжээний мөнгө авчихаад эрх зүйн туслалцаа үзүүлээгүйгээр үл барам сургууль дээр нь уулзахаар очиход үйлчлүүлэгчээ танихгүй царай гарган “Та чинь хэн билээ” гээд зогсож байсан гэдэг. Уг нь өмгөөллийн үйлчилгээ зах зээлийн журмаар явах боломж бүрдсэн. Гэвч иргэд хуулийн мэдлэг дутмагаас болж сайн өмгөөлөгчийг эрж хайх бус, зурагтаар байнга гардаг, хэвлэлийн хурал хийж, асуудлыг олон нийтийн анхааралд оруулж, өндөр авхуулах өмгөөлчийг чадвартай гэж үнэлэн, сонгох болсон байна. Мөн олонх өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ төлбөрөө урьдчилж авдаг. Тухайлбал, хар тамхины хэрэгт өмгөөлөгчөөр оролцож буй бол 10 саяас доошгүй төгрөг нэхдэг. Улмаар урьдчилгаа болгож дөрвөн саяыг нь авдаг гэх юм билээ.
Гол нь зарим өмгөөлөгч хэргийг бүх талаас нь судалдаггүй, тэр ч бүү хэл, үйлчлүүлэгчийн мэдээллийг нөгөө талд дамжуулж, тэдэнд асуудлыг өөртөө ашигтай байдлаар шийдэх боломж олгодог гээд олиггүй зүйл олон сонсогдох болжээ. Нэгэнт эрх зүйн тусламж үзүүлэхээр гэрээ байгуулсан л бол үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн туйлын зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх ёстойг зарим өмгөөлөгч умартав. Хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзахад мэргэжил нэгтнүүд нь дээр дурдсан үйлдлүүдийг гарган, бусдынхаа нэр төрийг унагадгийг хүлээн зөвшөөрч, улмаар харамсаж буйгаа илэрхийлж байлаа.
Барууны орнуудад шүүх засаглалаа тахин шүтдэг. Шүүгчдийн гаргасан шийдвэрийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Төрийн нууцад хамаарах юм уу, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэг л биш бол шүүх хуралд хэвлэлийнхэн байтугай энгийн иргэн оролцох эрх нь нээлттэй. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэн шүүх хурал болохоос өмнө тухайн хэргийн талаар барагтай бол мэдээлдэггүй гэнэ. Тухайлбал, Францад шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй үед яллагдагч, шүүгдэгчийн гавтай зургийг нийтлэхийг хатуу хориглодог байна. Тэнд шүүх хуралд эхнээс нь дуустал бүтэн сууж тал, талын эх сурвалжийн мэдээллийг сонсон, бодитой мэдээлэл гаргадаг. Харин Монголд эсрэгээрээ. Шүүх хурлууд нээлттэй гэх боловч ихэнхдээ шүүх хурлын эхлэл болон төгсгөлд нь л суух боломжтой. Ингэхдээ урьдчилж, 2-3 хоногийн өмнө тухайн хэргийг хэлэлцэх шүүхийн Тамгын газарт албан бичиг өгч байж шүүх хуралд суух эрх үүснэ. Эс бөгөөс өмгөөлөгчийн мэдээлэл зарим сэтгүүлчид өгөөш болж, хэргийг нэг талаас нь мэдээлэхэд хүргэдэг.
Сүүлийн үед ганц өмгөөлөгч гэлтгүй шүүгч, прокуророос хэргийн бусад оролцогч мэдээлэл хийх болсон. Улмаар хавтаст хэргийн нууцыг задалж, хуулийг гуйвуулан, элдэв ташаа мэдээлэл цахим орчинд цацаж байна. Үүнийг нь цөөнгүй иргэн цааш дамжуулдаг. Энэ нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулдаг. Мөн өмгөөлөгч шүүх хурлыг удаа дараа хойшлуулах нь шүүх засаглал хэргийг шийдэхгүй удаашруулсан гэх хардлага нийгэмд төрүүлж буй билээ. Нөгөө талаар улстөрчид хэргийг будилуулах гэж оролдох нь бий. Үүндээ өмгөөлөгчийг ашигладаг. Их хэмжээний мөнгө авсан өмгөөлөгч юу эсийг хийдэг гэхэд хилсдэхгүй. Эсвэл өмгөөлөгчөө сар бүр сольж, өөр өмгөөлөгч хэргийн материалтай танилцах нэрээр шүүх хурлыг хойшлуулдаг. Зарим өмгөөлөгч өвчний улмаас чөлөө авлаа ч гэдэг. Бүр энэ өмгөөлөгч нар чинь бүгдээрээ бие муутай гэж үү хэмээн бодогдох хэмжээний үйлдэл гаргадаг, үүнийгээ давтдаг нь өнөөдрийн манай нийгэмд энгийн үзэгдэл болсон билээ.
Анзаарсан бол сүүлийн үед хэргийн талаар шүүх, прокурор аль аль нь мэдээлэл хийхээ больсон. Шүүх, прокурор буруугүй хэрнээ тэднийг чичилсэн олон ташаа мэдээллийг чимээгүй өнгөрүүлж байгаа. Зарим прокурор нэр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарахаас айгаад хэргийг хэрэгсэхгүй болгож ч чадахгүй, шүүх нь шийдэг хэмээн шилжүүлдэг болсон гэх. Харин шүүх нь нотлох баримт хангалттай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй нь иргэдийг чирэгдүүлдэг хэмээн судлаачид хэлж байна. Прокурор хэргийг ирсэн даруйд нь шийдвэрлэдэг болгочихвол, шүүх нь урьдчилсан хэлэлцүүлгээр л шийдчих юм бол шийдвэртэй санал нийлэхгүй гомдож, үлдсэн тал нь хэвлэлд ярилцлага өгөх магадлал өндөр. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэн нэг хуульчийн нэр дурдагдвал ажлын үзүүлэлт, дараа дараагийн ахих дэвших замд нь тээг болно гэж болгоомжилдог. Ялангуяа улс төр орсон хэргийг шийдэхдээ шүүгч, прокурорууд уймарч гүйцдэг. Үүнд нь өмгөөлөгч нар хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.
Шүүгч нар ёс зүйн дүрэмтэй. Прокурор, цагдаагийнхан ч адилхан. Харин өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм гэж байсан ч өнөөдөр хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй. Тиймээс зарим өмгөөлөгч хуульч гэж ерөнхий нэрээр томьёолсон Хуульчийн мэргэжлийн дүрмээ дагаж мөрдөхийг хүсдэггүй бололтой. Гэхдээ оны өмнөхөн УИХ Өмгөөллийн тухай хууль баталсан. Тиймээс уг хуулийг дагаад өмгөөлөгчид өөрсдийн гэсэн бие даасан дүрмээс гадна Ёс зүйн хороотой болохоор ярилцаж байгаа гэсэн. Хууль зүйн салбарт насаараа ажилласан нэгэн эрхэм “Өмгөөлөгч нар иргэдээ, нийгмээ хохироож, шүүх засаглалд нөлөөлөх гэж оролдож байгаа нь Ёс зүйн дүрэм шинээр батлаад арилчих зүйл биш. Угаас тухайн өмгөөлөгчийн суурь хүмүүжил доголдолтой, дээрээс нь мэдлэг нимгэн байгаа нь гол асуудал. Зарим өмгөөлөгч хүний мөс муутай учраас л мөнгөний төлөө хуулийг уландаа гишгэж, зүй бус авир гаргаж байгаа юм” гэсэн билээ.
Манай улсад хууль зүйн 16 сургууль байдаг. Жилд хэдэн зуун оюутан эрх зүйч мэргэжил эзэмшин төгсөж буй. Мөн жилд 1200 гаруй хүн хуульчийн шалгалт өгдөг ч 200 орчим буюу 16 хувь нь тэнцдэг. Энэ нь хуулийн сургуулиудын хичээлийн хөтөлбөр, агуулга, чанар муугаас гадна оюутнууд төлөвшөөгүй, нэг хэсэг нь хүн чанаргүй байгааг илтгэж буйн жишээ. Хуульч болох амархан, хүн болох хэцүү гэдгийн тод томруун илрэл ч гэж хэлж болохоор. Хууль зүйн шалгалтаар онолын мэдлэгийг нь шалгахаас илүүтэй ярилцлага авч хувь хүн талаас нь анхаарч, анзаардаг сонгон шалгаруулалтын өмнөх аргаа сэргээсэй гэж хэлэх хуульч ч таарсан.