“Урт цагаан шинэ эхлэл” ТББ-аас Урт цагааны түрээслэгчдийн өнөөгийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Урт цагааны барилга нь 1958 онд хувийн хөрөнгөөр баригдсан анхны үйлчилгээний төв. 1990 он гарснаас хойш Нийслэлийн өмч удирдлагын газарт бүртгэгдсэн байдаг байна. Одоогоор тус төвийг 30 аж ахуйн нэгж түрээсийн гэрээгээр эзэмшдэг бөгөөд цааш 400 иргэнд давхар түрээсэлдэг аж.
Тэгвэл тус барилгыг нураах, эс нураах асуудал хөндөгдсөөр байгаа билээ. Уг асуудлын талаар Урт цагаан-Шинэ эхлэл ТББ-ын тэргүүн Ц.Ганболд хэлэхдээ "Урт цагааны үйл ажиллагааг зогсоох асуудал 2012 оноос эхлэн дахин төлөвлөлт нэрийн дор хөндөгдөж байсан бөгөөд тухайн үед бид эрх чөлөөгөө хамгаалан тэмцэж байсан.
Түүнээс хойш 2019 оны намраас Улаанбаатар хотын шинэ удирдлагууд дээрх асуудлыг дахин хөндөж, Урт цагааны үйл ажиллагааг огт бүтэхгүй байгаа мэтээр нийгэмд ойлгуулж, хэзээ мөдгүй нурах болсон гэж мэдээлэх болсон нь ёс зүйгүй үйлдэл гэж бид үзэж байна. Хоёрдугаар сарын 11-ний өдөр Урт цагааны хогийн цэг дээрээс тийм мэдээлэл хийсэн нь бодит үнэнээс хол зөрсөн.
Мөн Урт цагаан хотын А зэрэглэлийн бүсэд оршдог учраас дарга нар бидний эрх ашгийг хөндсөөр ирсэн. Үйлчилгээ эрхлэгч бид өндөр түрээсийн дарамт дор байсаар ирсэн ч үйлчилгээгээ иргэддээ хүргэсээр байсан. Түрээслэгч биднийг төрөөс нэг удаа ч хайхарч байгаагүй. Бидний ажлын байрыг булаан авах гэж байгаа шиг бид нийтэд хор уршиг учруулаагүй. Бид ур ухаанаа дайчлан хөдөлмөрлөж ирсэн. Тиймээс урт цагаанчууд бид хууль ёсны эрх чөлөөгөө нэхэж эсэргүүцнэ. Бид үндэсний өв соёл болсон ахуй үйлчилгээ, үйлдвэрлэл хоршоо эрхлэгч гар урчуудынхаа бүтээлийг хадгалан үлдэхийн төлөө тэмцэх болно” гэж хэлэв.
Урт цагаан-Шинэ эхлэл ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Б.Пүрэв-Очир "Өнөөдөр Улаанбаатар хотод Урт цагаан үйлчилгээний төвөөс гадна 60 жилийн настай барилга зөндөө бий. Гэтэл яагаад зөвхөн Урт цагааныг устгах гээд байна вэ. Баруунд хуучин барилгаа сэргээн засварлаж, түүхэн дурсгалт болгосон газар олон байдаг. Яагаад засварлаад авч үлдэж болохгүй гэж. Урт цагаан гэх ахуй үйлчилгээний төвөө авч үлдэх хэрэгтэй” гэлээ.