Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн үүдний хэсгийг 14 хоногийн хугацаанд тохижуулж, орчин үеийн хүлээлгийн танхим бий болгожээ. Урьд нь үйлчлүүлэгчид үүдний хэсэгт бүртгүүлж, шинжилгээгээ өгдөг байсан аж. Харин засаж, тохижуулснаар Шуурхай бүртгэл, мэдээллийн хэсгийг хүлээлгийн танхим руу шилжүүлж, шинжилгээг өөр хэсэгт авдаг боллоо. Мөн хүлээлгийн танхимын хэв маягийг өөрчилж, энгийн болон тусгай хэрэгцээт хүмүүсийн ариун цэврийн өрөөг шинэчилж, үйлчлүүлэгчийн сэтгэл санааг дэмжих урмын үгс, зургуудыг хананд дүрсэлсэн байв.
Хүлээлгийн танхимыг шинэчлэх саналаа тус төвийнхөн Эрүүл мэндийн сайдад уламжилж, санхүүжилтийг нь шийдвэрлүүлснээр 178 сая төгрөгөөр засварлажээ. Тус төвөөр өдөрт багадаа 1000 орчим иргэн үйлчлүүлдэг юм байна. Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Манай эмнэлгийн барилгыг 1982 онд ашиглалтад оруулснаас хойш томоохон хэмжээний өргөтгөл, засвар, шинэчлэл хийгээгүй. Эхний ээлжид хүлээлгийн танхимаа шинэчилж, үйлчлүүлэгч, ажилчдын тав тухтай байдлыг хангалаа. Ингэснээр манайх орчин үеийн стандартын шаардлага хангасан эмнэлэг болоход нэг алхам урагшиллаа. Үйлчлүүлж буй иргэдийн олонх нь анх удаа ирсэн хүн байдаг. Тиймээс дугаар авч, цахим бүртгэлийн хэсгээс зөвлөгөө, чиглэл авах боломжтой. Бас орон нутгийн иргэд Шуурхай бүртгэл, мэдээллийн хэсгийн 11451143, 70152528, 70162529 дугаарын утсанд холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой” гэв. Иргэд ХСҮТ-д хими, физик эмчилгээ, мэс засал хийлгэхийн тулд нэлээд хүлээдэг учир орны тоо болон мэс заслын өрөө нэмэх шаардлагатайг тус эмнэлгийн захирал мөн онцоллоо.
ХСҮТ-ийн Шуурхай бүртгэл, мэдээллийн хэсгийн ажилтан, хөтөч Б.Буянхишиг “Орон нутаг болон нийслэлийн иргэд манай дуудлагын төвд холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авдаг. Өдөрт орон нутгаас дунджаар 30-50 дуудлага ирдэг. Бидэнд хандсан иргэдийн олонх нь хавдрын оноштой, хэрхэн үзүүлэх талаар зөвлөгөө авдаг. Ялангуяа эмэгтэйчүүд элэг, хөхний хорт хавдрын талаар лавладаг. Шаардлагатай тохиолдолд өвчтөнийг түргэн тусламж дуудах, орон нутагт байгаа бол эмч, асрагчийн хамт манайд ирж, үйлчилгээ авахыг зөвлөдөг. Мөн Шуурхай бүртгэл, мэдээллийн хэсэг нь эмнэлэг дотуурх утсыг холбож, дуудлага өгөх үүрэгтэй” хэмээв.
Иргэд өглөө эрт ХСҮТ-д дугаарлаж, үд хүртэл хүлээдэг байсан бол одоо эрт ирэх шаардлагагүй болжээ. Тодруулбал, иргэд Шуурхай бүртгэл, мэдээллийн хэсгийн утсанд хандан, эсвэл яаралгүй ирж, үүдний машинаас дугаар авах боломж бүрджээ.
Ташрамд дурдахад, коронавирусийн дэг-дэлттэй холбоотойгоор зарим эмнэлэг амны хаалт, ариутгалын бодис, урвалжийн хомсдолд орсон учир мэс заслаа зогсоосон. Харин ХСҮТ ажилчдаараа амны хаалт оёулж, ариутгалын бодисоо өөрсдөө найруулж, бэлтгэснээр хагал-гаагаа зогсоохгүй, үргэлжлүүлж буй аж.
Бэлтгэсэн: Б.Нандин