Нэгэн иргэн “Бид БНСУ-д, ард түмэнд нь баярлалаа гэж албан ёсоор хэлэх хэрэгтэй. Бас нийслэлийнхээ ойр хавьд тэдэнд зориулж гэрэлт хөшөө босгосон ч болно” хэмээн олон нийтийн сүлжээнд ёжлон бичсэн нь оргүй ч үг биш. Учир нь тус улсад албан болон албан бусаар Монголоос 50 000 орчим иргэн ажиллаж амьдарч буй. Тэд манай улсын нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас (Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн IV улирлын тайланд дурдсанаар Монголд нэг хүний сарын дундаж цалин 1.1 сая төгрөг) багадаа гурав дахин өндөр цалин авдаг. Ингэснээр өөрсдийн амьдрал ахуйг өөд татахын зэрэгцээ Монголд амьдардаг аав, ээж, ах, дүүгийнхээ өрхийн орлогод дэм болдог нь дамжиггүй. Өнгөрсөн оны байдлаар гадаадын 70 гаруй улсад албан ёсоор 150 000 орчим монгол иргэн амьдардаг бол хууль бусаар оршин суугчдыг оролцуулбал 200 000 давах тооцоо бий аж. Эл дүнг Гадаад харилцааны яамны Консулын газраас гаргасан бөгөөд сүүлийн таван жилд жилд дунджаар 300-400 хүн иргэншлээ солиулж өөр оронд амьдрах хүсэлт гаргасан гэдгийг ч ташрамд мэдээлжээ. Ингэхэд гадаадад амьдарч буй монголчууд гэр бүл рүүгээ хэдий хэмжээний мөнгө гуйвуулдаг, тэр нь тухайн өрхийн төсөвт ямар нэмэр болж буй бол.
Хан-Уул дүүргийн VI хороонд Ц.Ганбямбынх гэж айл бий. Тэдний охин Америкт амьдардаг бөгөөд тус улсын иргэнтэй гэрлэн, иргэншил авчээ. Тэрбээр Америкт очоод найман жил гаруй болсон бөгөөд аав, ээж, ах, дүүгийнхээ амьжиргаанд дэм болсоор ирсэн аж. Саяхан дүүгээ тус улс руу явахад визийн зөвлөгөө өгч, “зуучилдаг” нэгэнд зургаан сая төгрөг төлсөн юм билээ. Мөн аав, ээжийнхээ байрын лизингийг таван жил гаруй төлж байгаа гэсэн. Лизингэд сар бүр 620 000 төгрөг илгээдэг юм байна.
Үүнийг тооцвол 37 сая орчим төгрөг буюу хотын захын дүүрэгт нэг өрөө байр авах дүнгийн мөнгийг гэртээ зарцуулчихаад байгаа аж. Ц.Ганбямба “Манайх 2010 онд ипотекийн зээлээр, 20 жилийн хугацаатай байр авсан юм. Би төсвийн байгууллагад ажиллан, эхнэр жижиг сажиг наймаа хийдэг. Манайх гурван хүүхэдтэй том нь гадаадад байна. Байрын лизингээ өөрдсөө төлөөд болоод байсан ч охин мөнгө илгээдэг болсноос хойш санаа амар суух болсон” хэмээн ярив. Гэрийн эзний цалин 750 000 төгрөг бөгөөд эзэгтэй наймаа хийж, боломжийн орлого олдог гэсэн. Хоёулаа 50 ч хүрээгүй, хөдөлмөрийн ид насныхан атал байрын лизингээ төлөх албанаас чөлөөлөгдөн, налайж суугаа нь аз уу, эз үү бүү мэд. Хэрэв гадаадаас мөнгө ирүүлдэггүй бол эднийх зээлээ төлөн, охиныхоо дэмжлэггүйгээр амьжиргаагаа авч явах байсан нь дамжиггүй. Хэдийгээр Америкт буй бүсгүй цалин, орлого сайтай амьдран, ар гэртээ нэмэр болж буйдаа сэтгэл хангалуун байдаг ч Монголд мөнгөн хуримтлал үүсгэн хадгаламж нээх, өөр бизнес, үйлчилгээнд хөрөнгө оруулах нь урт хугацаанд улсын эдийн засагт ч өгөөжтэй. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн XIII хорооны иргэн Г.Цэндсүрэнгийн хоёр “хүүхэд” БНСУ-д амьдардаг бөгөөд нэг нь гэрээгээр, нөгөөх нь “хар”-аар ажилладаг жишээ байна. Эднийх өөр гурван хүүхэдтэй бөгөөд хоёр нь оюутан. Оюутнуудын сургалтын төлбөр нэг жилд зургаан сая гаруй төгрөг болдог аж. Өрхийн сарын орлого нь хоёр хүний тэтгэврийн 820 000 орчим төгрөгөөр хязгаарлагддаг юм байна. Гадаадад байгаа хүүхдүүдийнхээ илгээсэн мөнгөөр оюутнуудынхаа төлбөрийг төлж, хэрэглээндээ зарцуулдаг гэнэ. Хүүхдүүд нь БНСУ руу яваад гурван жил гаруй болж, дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлөхөөс гадна сар бүр гэртээ 100-200 ам.доллар шилжүүлдэг аж. Г.Цэндсүрэн “Хоёр хүү минь БНСУ руу яваагүй байхад нэг нь ажилладаг байв. Эхнэр мөн ажил хийж, миний тэтгэврийн мөнгийг нийлүүлээд сард хоёр сая гаруй төгрөгийн орлоготой байжээ, манайх. Ийм мөнгөөр долоон ам бүлээ тэжээх, оюутны сургалтын төлбөр төлөхөд хэцүү байсан гэж болно. Одоо хүүхдүүд Солонгост ажиллаад амьдралд дэмтэй байна. Харин явуулсан мөнгөнөөс нь хуримтлал үүсгэж чадахгүй юм аа. Хэрэглээндээ өгөөд л таардаг, юмны үнэ жил ирэх бүр нэмэгдээд байдаг шүү дээ. Өнгөрсөн жилд 100 “ногоон”-оор овоо юм авчихдаг байсан бол энэ жил худалдан авах чадвар буурсан байна. Харин хүүхдүүд өөрсдөө тэндээ мөнгө хурааж байгаа, эсэхийг мэдэхгүй” хэмээн учир байдлаа ярив. Хэрэв энэ айл гурван жил, сар бүр 150 ам.доллар авсан гэвэл нийт 15 сая орчим төгрөгийг “идсэн” байгаа юм. Магадгүй ах нар нь гадаадад ажил хийдэггүй бол оюутнууд нь ажил хийн, сургалтын төлбөрөө олохыг хичээх ч байсан байж магадгүй.
Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн М.Дэлгэрчулууных хүүгийнхтэйгээ нэг хашаанд амьдардаг бөгөөд өдгөө бэр, хоёр ачтайгаа хоёр гэрээр суудаг. Хүү нь БНСУ руу яван, хөдөлмөрийн гэрээгээр гурван жил ажиллаад, 2019 онд иржээ. Энэ хугацаанд аав, хүү хоёрынх өөрийн гэсэн хашаатай болсон төдийгүй хүүгийнх нь жижгэвтэр байшин бариулсан юм байна. Хашаа, байшингийнх нь үнэлгээг өнгөрсөн онд банк 28 сая төгрөг хэмээн тогтоожээ. БНСУ-д монгол мөнгөөр сарын 4.5 сая орчим төгрөгийн цалинтай ажил хийн, байр, хоолны зардал гаргахгүй, хэмнэлттэй ажилласны үр дүнд хоёр гэрийн таван ам бүлээ гурван жил тэжээн, үл хөдлөх хөрөнгөтэй болсныг М.Дэлгэрчулууны гэргий Б.Оюунчимэг дуулгасан. Тэрбээр “Манай гэрийн хүн хөл муутай, групп тогтоолгож, сард 240 000 төгрөгийн тэтгэмж авдаг. Би сарын 410 000 төгрөгийн тэтгэвэртэй. Бэр минь ажил хийдэггүй. Нялх хүүхдүүдтэй айлд унаа тэрэг хэрэгтэй гээд гэрийн хүн бид хоёрын орлогоор баталгаа гарган, банк бус санхүүгийн байгууллагын лизингээр автомашин авсан. Унаа аваад хагас жил болсон. Гурван жилийн хугацаанд сар бүр 320 000 төгрөг төлнө. Бид хоёрын тэтгэвэр, группийн мөнгийг автомашины зээлд зарцуулдаг гэж ойлгож болно. Хүүд минь боломжийн цалин хөлстэй ажил олдохгүй байсаар ирээд нэг жил арай хүрэлгүй ахиад БНСУ руу гэрээт ажилчнаар явахаар бүртгүүлээд, хариугаа хүлээж буй. Монголд ажлын байрын олдоц муу, цалин үнэлгээ бага, цаашид ам бүл өсөх магадлалтай, өрхийн хэрэглээ ч нэмэгдэх тул ахиад л БНСУ руу явах шаардлагатай болж байна” хэмээн ярив.
200 000 хүн гадаадад ажиллаж, амьдарна гэдэг бол манай улсын хөдөлмөрийн насны хүн амын бараг 20 хувь. Тэдний дунд ар гэр, ах, дүүдээ мөнгө төгрөг гуйвуулдаггүйгээсээ ирүүлдэг нь олон. Монголбанкны гаргасан тайланд өнгөрсөн оны гуравдугаар улиралд хувийн гуйвуулгаар гадаадаас 367 гаруй тэрбум төгрөг ирүүлсэн гэжээ. 2018 онд 713 тэрбумаас давсан мөнгө илгээсэн байна. Эл мөнгөний хэдэн хувь нь алс хол суугаа монголчуудад үл хөдлөх хөрөнгө, хуримтлал болж хадгалагдаж буй талаарх баримт, мэдээлэл байхгүй. Харин энд буй аав, ээж, ах, эгчид нь нэмэлт орлого болж, хөдөлмөрийн насныхныг ажил хийхгүй байлгах, зээлээ төлөх үүргийг ч хөнгөлөх нөхцөл болж үрэлгэн хандлагыг өөгшүүлж байна гэвэл буруудахгүй болов уу. Улмаар бэлэн мөнгөний нийлүүлэлтийг өсгөн инфляц үүсгэж байх ч магадлалтай юм. Тиймээс хаана хаанаа эдийн засгийн тооцоотой, хариуцлагатай байж, зөв зүйлд хөрөнгө оруулан, хувь хүн өөрийнхөө ачааг өөрөө үүрэхийг эрмэлзэх хэрэгтэй болжээ.