Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран сургуулийн автобуснуудыг өчигдрөөс техникийн хяналтын үзлэгт хамруулж эхэллээ. Уг үзлэг энэ сарын 21 хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд сургуулиуд тээврийн хэрэгслийнхээ техникийн бэлэн байдлыг хангаж, үзлэгт бүрэн хамруулахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас анхааруулав. Үзлэгээр Авто тээврийн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон MNS 6440:2014 стандартад нийцсэн, эсэхийг шалгах юм байна. Мөн MNS 4598:2011 стандарт буюу авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага болон холбогдох бусад дүрэм, журмын шаардлагыг хангасан, эсэхийг нягтлах нь. Тодруулбал, хүүхдийн автобус нь 12-оос доош жил ашигласан, зүүн талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун тал руу буулгаж, суулгах нөхцөл хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь мэргэшсэн байх зэрэг шаардлага хангах ёстой аж.
Бэлтгэсэн: Б.Нандин