Дэлхий нийтийг түгшээгээд байгаа шинэ вирус улс орнуудын удирдагчид, ялангуяа Засгийн газрууд онцгой нөхцөл байдалд хэрхэн ажилладаг, олон нийтийн хандлага ямар болох, хувь хүмүүс нь хэн бэ гэдгийг харуулж байх шиг. Өмнө байгаагүй вирус хүмүүсийг олноор өвчлүүлж, үхэлд хүргэж байгаа тухай мэдээллийг хаана, хэрхэн хүлээж авав. Сингапурт очсон манай улсын иргэн зочид буудлын үйлчлэгчээс энэ талаар асуухад “Манай улсын Засгийн газар юу хийхээ мэдэж байгаа. Бид зөвлөснөөр нь байх болно” гэжээ. Өмнөд хөршид халдварын улмаас нас барсан хүний тоо 200-д хүрээд байх үед Швейцараас холбогдсон хүн “Энд амны хаалт зүүсэн хүн байхгүй. Зүү гэж шаардах ч үгүй юм. Мэдээллийн албан ёсны хэрэгслүүд нь олон улсын мэдээний хүрээнд хааяа нэг дурдаад өнгөрч байна” гэсэн.
ОХУ-ын мэдээллийн гол хэрэгслүүд ийм вирус илэрсэн талаар тухайн цагт нь дуугарсан бөгөөд явцын талаар өдөр бүр товч мэдээлж байлаа. Харин хэд хоногийн дараа тус улсад вирусийн халдвартай хоёр хүн илэрсэн талаар Засгийн газрынх нь зүгээс мэдээлэхдээ ихэд тайвнаар “Энэ бол тахал биш. Халдварлах хурд өндөр ч, нас баралтын хувь доогуур. Хүмүүс дор бүрнээ хувийн ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Болж өгвөл олон нийтийн газраар бүү яв. Өмнө нь улаанбурхнаар өвдөж байгаагүй хүн ийм өвчтэй хүмүүстэй орчинд орвол халдвар заавал авдаг бол үүн шиг нөхцөлд ч коронавирус төдийлөн хүнээс хүнд халдахгүй. Энэ вирусээр өвчлөх нь ертөнцийн төгсгөл биш. Эмчилж эдгээж болно. Ерөөсөө айж сандрах хэрэггүй” хэмээснийг телевиз, радио, сонин, сайтууд нь олон нийтэд түгээсэн.
...Уншигчид мэдээлэлд, түүнийг түгээж буй байгууллага, хүмүүст шалгууртай хандаж, мэдээлэл олж авах өөр өөрсдийн соёл, технологитой болж, бодит мэдээлэлд үндэслэн нийгмийн амьдралд оролцох аваас соёлт нийгмийн гишүүн байх ажгуу...
Манай улсын хувьд мэдээллийг аль түвшинд хэрхэн хүлээж авсныг бүгд мэдэж байгаа. Хамгийн түрүүнд өдөр тутмын сонин, телевизүүд гадаадын эх сурвалжуудын түгээснээр мэдээлсэн. Маргаашаас нь үүний тухай ойлгосон, үгүй нь эргэлзээтэй хүмүүс түрүүлж дуугаръя гэх шиг нийгмийн сүлжээнд өөд, уруугүй бичиж эхэлсэн юм. Наян настай буурлууд ч унтаж амрахаа умартан цахим ертөнцөд холхиж байдаг болсныг хэлэх үү, шинэ вирусийн тухай шавайгаа ханатал бичиж, бие биеэ айлгаж эхэлсэн билээ. Эхэндээ Засгийн газар, ЭМЯ мэдээлэл хийхгүй л байв. Хүмүүс хий дэмий түгшсэн. Олон нийт битүүхэн давлагаалж эхэлсэн хойно Засгийн газар, ЭМЯ-наас олон нийтэд хандсан. Гэсэн ч нийгмийн сүлжээнийхэн баримт, нотолгоогүй, хэн нэгний эрх ашгийн шинжтэй, бизнесийн сонирхлоор хачирласан “алаг эрээн” мэдээлэл дунд хөвсөөр, айдас, хүйдэс дайсан мэдээлэл бие биетэйгээ хуваалцсаар байлаа.
Ийм нөхцөлд мэдээллийн гол хэрэгсэл болох МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ийн хөтлөгчид мэдээгээ амны хаалттай нэвтрүүлж эхэлсэн нь хоёр талтай байв. Нэгдүгээрт, ард олонд сэрэмжтэй, хянуур байх сэдэл төрүүлснээрээ сайн. Хоёрдугаарт, нөхцөл байдал бодсоноос илүү хүнд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, айлгасан. Тиймээс ч иргэд хоол хүнс базаахаар уралдаж, далимд нь амны хаалт нийлүүлэгчид үнэ нэмсэн. ЭМЯ өдгөө нөхцөл байдал болон шинээр өрнөсөн үйл явдлын талаар өдөр бүр мэдээлэл өгч байна. Олон нийт баттай эх сурвалжаас мэдээлэл авч эхэлсэн тул харьцангуй тайвширчээ. Нөгөө талаар аливаад сониуч хүмүүсийн “вирусийн сонирхол” буурч, Цагаан сард бэлтгэж эхэлсэн нь илт.
Олон нийт шинэ оны нэгдүгээр сараас өрнөж эхлээд, хоёрдугаар сарыг дамнан үргэлжилж буй гадаадын улс орнуудад болон дотоод өрнөсөн үйл явдлын талаарх мэдээллийг хүлээж авч, хариу үйлдэл үзүүлж буй байдлаас харахад манай иргэдийн олонх нь мэдээлэл олж авах мэдлэг, соёлоор маруухан юм. Анзаарахад дунджаас дээш насныхан оройдоо зурагт үзэж, мэдээ чагнадаг, өдөр тутмын сонин захиалж уншдаг. Түүнээс доош насныхан, тэр дундаа залуучууд мэдээллийг цахим орчноос авдаг. Мэдээллийн гэх янз бүрийн сайтууд, эсвэл хувь хүмүүсийн фэйсбүүк хуудас, ихэвчлэн аккаунт эргүүлнэ. Тэнд нь нэгээс нөгөөд дамжихдаа хэдэн янзаар хувирч, ямар ч байдалд орсон байх магадлалтай мэдээлэл бий. Сүүлийн үеийн жишээ татъя.
Энэ нийтлэлийг өчигдөр бичиж байхад Улсын онцгой комисс хуралдаж байсан юм. Хурлаас “Цагаан сар тэмдэглэхийг бүрмөсөн хориглох нь зүйтэй” гэсэн санал гаргасан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлнэ гэсэн мэдээлэл цацсаныг сайтынхан тэр дор нь мушгиж “Цагаан сар тэмдэглэхийг бүрмөсөн хориглолоо” хэмээн хувирган түгээж эхлэв. Уг нь эцсийн шийдвэрийг албан ёсоор гаргаагүйг мэдэх хүмүүс тухайн байгууллагад ажиллаж байгаа шүү дээ. Гэсэн ч сайтынхаа хандалтын тоог өсгөх зорилгоор байв уу, мэдээллийг гуйвуулж, ташааруулж байгаа юм. Энэ мэтчилэн олон нийтийн дунд мэдээллийн төөрөгдөл, үл итгэх байдал үүсгэдэг будилааны эзэд бод хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэртэй зарим сайт. Мэргэжлийн сэтгүүлчид эрхэлдэг, багаа сайн удирддаг нь бий л дээ. Олон жилийн туршлагатай, нэр хүндтэй цөөн хэдийг нь уншигчид хэлүүлэлтгүй мэдэх болсон. Заримыг нь бүр анхдагч эх сурвалжаа ч гэж үздэг.
Сайтуудтай зэрэгцэн мэдээллийг бодож, санах юмгүй гуйвуулж түгээдэг хувь хүн бишгүй. Олон нийт хэрэгт дуртай, муу, муухай юманд “нугасгүй”-г хэлэх үү, худал хуурмаг текстийг уухайлан уншиж, бие биедээ дамжуулан, эгээ л ховрын бараа олсон мэт баярлана. Гэхдээ тэр бүр олон нийтийг буруутгах нь өрөөсгөл юм. Ард түмнээ гэгээрүүлэх, боловсруулан, соёлжуулах бодлогыг үндэслэл, системтэй явуулахгүй байгаа төр, түүнийг удирдагчдын буруу бий. Уханьд вирусийн халдвар авсан япон хүн ард түмэндээ халдаахгүй, тараахгүй гэсээр хүний нутагт ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Японы төр иргэдээ энэ хэрийн эх оронч болгон төлөвшүүлж байхад монголчууд өнөөдөр төрөлх хэл, соёл руугаа нулимах аятай аашилж, аягласаар. Ухамсар, боловсрол дорой ийм хүмүүс зурагтаа нээхэд нь мэдээлэл авдаг гол сувгийн хөтлөгч нар мэдээгээ амны хаалттай уншиж суух нь яах аргагүй дэлхий хөмрөх гэж буй сэтгэгдэл төрүүлсэн байж болох шүү дээ.
Мэдээллийн эх сурвалж ганц сувгаар хязгаарлагдахгүй. Өдөр тутмын сонин хүлээж барахгүй бол бусад телевизийн “Мэдээ”-нд анхаарч болно. Тэдний мэдээлэлд итгэхээргүй санагдвал өнөөх өдөр, шөнөгүй шагайж байдаг гар утсаараа дэлхийн аль сайн агентлагийн мэдээллийг авах бүрэн боломжтой. BBC, CNN, Оросын “РИА Новости”, БНХАУ-ын “Xinhua” гээд захаас нь тоочиж болно. Тэдгээрийн цахим хуудсанд зочилж, эсвэл фэйсбүүкийг нь хар. Манайхан англи, орос хэл бүрэн мэддэггүй юм гэхэд гадарладаг. Ойлгохгүй бол гэртээ байгаа хэн нэгэнтэй хамж. Зүг чиг гарч л таарна. Хэрвээ бүр барахгүй байвал фэйсбүүкийнхээ, арай дөмөг найзууд тань юу бичсэнийг сэм хар. Тэгж байгаад дахин өнөөх эх сурвалжуудын мэдээллийг уншиж, ойлгохыг хичээ. Тэгэхээр фэйсбүүкт хэнтэй найз байж, хэнийг дагах вэ гэдэг маш чухал.
“Жиргээ”-нд ч мөн ялгаагүй хэнийг дагах вэ, бас хэнийг дагуулах вэ гэдэг чухал. Өнөө цагийн боловсролтой, соёлтой залуус ментор буюу өөр өөрийн даган дуурайх хүнтэй. Аливаад мухардалд орох, шийдвэр гаргаж чадахаа байх зэрэгт ментороосоо зөвлөгөө авахыг эрмэлздэг. Олон нийтэд хандан хэлж буй бүхнийг нь анхааралтай уншиж, боловсруулан дүгнэлт хийж, санаа оноогоо нэгтгэвэл нэгтгэж, шүүмжлэлтэй хандвал хандаж байдаг. Энэ ангиллын хүмүүс мэдээллийг хаанаас авахаа мэднэ. Тэд гадаадын хоёроос доошгүй хэл эзэмшсэн байх нь олонтоо. Тэгэхээр дээр дурдсан, аливаа мэдээллийг санаатай болон мэдэхгүйн харгайгаар гуйвуулж, бусниулж түгээдэг сэтгүүлч нэртэй хорлогчдын түгээдэг мэдээнцэрт төөрч суух хүмүүс биш. Тэгэхээр хүмүүс өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж, өөрөөс нь соёл, боловсролоор хэдэн түвшин дээгүүр хүмүүс мэдээллийг хаанаас, хэрхэн олж авдгийг судлан, ойлгоцтой болж, өөртөө болон бусдад хүндэтгэлтэй хандаж сурвал гэр бүл, үр хүүхдэд нь нийгэмд хэрэгтэй сэн.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж гэж юу вэ. Хуулийн хүрээнд улсад бүртгэлтэйгээр, үйл ажиллагаа тогтмол явуулах хүчин чадал бүхий редакцтай, түүх, замнал, туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орондоо болоод гадаад ертөнцөд ч нэр хүндтэй, уншигч, үзэгч, хэрэглэгчээ дээдэлдэг, олон улсын эрх зүй, ёс зүйн кодын хүрээнд мэдээллийг анхдагч эх сурвалжаас баримт, нотолгоотойгоор олон нийтэд хүргэдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг албан ёсны эх сурвалж гэдэг. Мэдээллийн эх сурвалж баттай, эсэхийг шалгахыг хүссэн хэн ч бай аль ч улсын ямар ч томоохон мэдээллийн хэрэгсэлтэй танилцаж болно. Тухайн вэб сайтад ерөнхий редакторын нэр, байгууллагын утас, цахим хаяг, эргэх холбоо тогтоохын тулд бөглөх хүснэгтийн загвар гээд тухайн байгууллага найдвартай болохыг баталгаажуулах үзүүлэлт бүгд байдаг.
Өнөөдөр манай улсад ийм мэдээллийн хэрэгсэл олон. Үүний зэрэгцээ хүссэн үедээ, шуудхан хэлэхэд хэн нэгний явуулга, эсвэл мөнгөөр мэдээ, мэдээлэл гэх текст цацчихаад, үгүй бол хаа нэгтээ зугаалж явдаг хүмүүсийн эрхэлдэг сонин, сайт, сэтгүүл ч бишгүй. Тиймээс уншигчид мэдээлэлд, түүнийг түгээж буй байгууллага, хүмүүст шалгууртай хандаж, мэдээлэл олж авах өөр өөрсдийн соёл, технологитой болж, бодит мэдээлэлд үндэслэн нийгмийн амьдралд оролцож байх аваас соёлт нийгмийн гишүүн байх ажгуу.
Технологийн дэвшлийн эринд дэлхий ертөнцийг гартаа атгах мэт суугаа хэрнээ гар утас, компьютероосоо зөвхөн хов жив, хорон үг хайж суух нь цаг хугацаа, энергийн гарз. Зөрүү, буруу ойлгосноо элдэв бохир үг, хэллэгээр бурж, хараал урсгах нь эрдэнэт биеийг олж төрсөн хүмүүн заяагаа гомдоох бусармаг үйлдэл. Хэрвээ та тийм хүмүүсийн нэг бол уучлаарай, өнөөдөр хүн гэж хорвоогийн тоос хөдөлгөж явахаасаа ич.