Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд нь УИХ-ын дарга баяр хүргэж, “Монгол, БНСУ хоорондын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад баяртай байна” гэхэд Элчин сайд Ли Ё Хунг “Дипломат харилцаа тогтоосны ой тохиож буй энэ үед БНСУ, Монгол Улсын харилцааг бүхий л талаар өргөжүүлэн, хөгжүүлэх боломжтой хэмээн харж байна. Хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй болох зорилгоор замын зураглал гаргахыг БНСУ-ын Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд тохирсныг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.
Монгол, БНСУ-ын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түвшинд шат ахиулан хөгжүүлэх талаар Элчин сайд хүчин чармайлт гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа УИХ-ын дарга илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарт харилцаагаа эрчимжүүлэх чиглэлд хамтрах нь нэн чухал гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн эдийн засаг, бизнесийн харилцаагаа өргөжүүлэн, экспорт, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.