Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд “Урт цагаан” ахуйн үйлчилгээний төв бийг олон нийт мэднэ. Нийт 7000 орчим ам метр талбайтай, 12 корпусаас бүрддэг уг барилгыг 1962 онд тухайн үеийн үйлдвэр, хоршооллын харьяа артелуудын хөрөнгөөр босгожээ. Өөрөөр хэлбэл, Монголд хувийн хөрөнгөөр барьсан хамгийн анхны үйлчилгээний төв болж байв. Улмаар Нийтийн ахуйн үйлчилгээний яаманд харьяалагдан үйл ажиллагаагаа эхлүүлж, түм түжигнэсэн газар болсон аж. Харин 1990 онд тус яамыг татан буулгасны дараа Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлэн, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дансанд бүртгэжээ. 1996 он хүртэл ахуйн үйлчилгээ зогсонги байдалд орсны улмаас уг барилга эзэнгүйдэн, II-V корпусынх нь цонх, хаалгыг тонож, банзаар хадаж тогтоосон байжээ. Тухайн үед хотын захиргаа үүнийг тордох санхүүжилтгүй, ач холбогдол ч өгөлгүй хэдэн жил болсон аж. Дулаан болон цахилгааны зардалд 1997 онд найман сая төгрөгийн өр үүсээд байв.
Тиймээс бусад корпуст үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн дунд эзэнгүй болж, сүйдсэн хэсгийг засаж, тордуулах тендер зарласан юм байна. Үүний дагуу “Си а ти” компани II, III, “Сод Монгол” IV, “Хар чонот” компани V корпуст нь хөрөнгө оруулж, цахилгаан, дулааны өрийг нь төлж, засвар үйлчилгээ хийжээ. Мөн үйл ажиллагаа явуулж байсан бүх аж ахуйн нэгж нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, нэгдүгээр давхрын гадна хана, баганыг байгалийн чулуу, бусад давхрыг сайтенг хавтангаар өнгөлөн, дулаан, цахилгааны шугамыг шинэчлэн, иж бүрэн засвар хийжээ. Энэ нь 1999-2000 он бөгөөд аж ахуйн нэгжүүд 25-500 сая төгрөгийн хөрөнгө гарган, холбогдох байгууллагаар нь гүйцэтгэлээ шалгуулан, үйл ажиллагаа үргэлжлүүлэх зөвшөөрөл авч байсан гэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны шийдвэрээр компани бүр оруулсан хөрөнгөө баталгаажуулсан хөрөнгө оруулалтын гэрчилгээ авсан байна.
Хөрөнгө гарган засвар хийлгэсэн компаниуд дунд “Си а ти” нь II, III корпусын гадна талд хоёр хана үлдээн буулгаж, доторх хэсэгт нь төмөр бетон багана хийн, төмөр бетон дам нуруу босгон, давхар бүрийг холбон, угсармал бетон хавтангаар хүчитгэн, германчуудаар дотор заслаа хийлгэсэн нь тухайн үедээ нэлээд хөрөнгө зарсан, чанартай байгууламжийн жишээ болж байжээ. Эл ажлыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатын “Барман” компаниар хийлгэсэн бөгөөд тухайн үед Ш.Үнэнбатын ээж компаниа хариуцан ажиллуулж байсан баримт ч бий гэнэ. Гэтэл өдгөө нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “Урт цагаан”-ы барилгад акт тогтоолгон, чанаргүй хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай гэдгийг “Урт цагаан хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар болон тус төвд үйл ажиллагаа явуулдаг бусад компанийнхан хэлж байна.
“Урт цагаан”-ыг буулгах шалтгаан нь барилга нь чанар болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн, олон жил талбай эзэмшсэн зарим компани иргэдэд өндөр өртгөөр дамлан түрээсэлж буй гэсэн яриа юм. Мөн тус барилгын урсгал зардал их гарч, нийслэлийн төсөвт дарамт учруулж, шинэтгэл хийхээс өөр аргагүйд хүрсэн гэсэн дүгнэлт гэнэ. Тэгвэл “Урт цагаан”-д олон жил үйл ажиллагаа явуулж, дээр дурдсан хөрөнгийг гарган, засаж, тордсон аж ахуйн нэгжүүд нь Улаанбаатар хотын захиргаанд нэг ам метрийнх нь түрээсийн төлбөрт 9000 төгрөг төлдөг. Улмаар бусад түрээслэгчид 16 00-20 000 төгрөгөөр түрээслүүлдэг бөгөөд энэ нь ашиглалтын болон урсгал зардлаа нэмсэн дүн юм байна. Бас өнгөрсөн жил нийслэлийн төсөвт түрээсийн төлбөр болгон 750 сая төгрөг тушаажээ. Харин хотын захиргаа тус барилгын дээврийн засварын ажлыг хийх үүргээ биелүүлэлгүй олон жил болсон төдийгүй барилгын халаалт муу зарим корпусынхан өвөлд нэмэлт халаагуур асаах шаардлагатай болдог тул цахилгааны зардал нь дунджаас гурав дахин өндөр гардаг юм байна.
Одоогоор тус төвд “Хар чонот”, Угалзат дархан”, “Урт цагаан” зэрэг 30 гаруй компани, 450 орчим түрээслэгч үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр иргэн, аж аж ахуйн нэгжийн ард 4500 хүн “Урт цагаан”-аас хоолоо залгуулж байна. Тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ, ажилтай, орлоготой байлгахад хотын захиргаа болон холбогдох албадынхан нь санаа тавихгүй байгаад түрээслэгчид харамсаж буйгаа илэрхийллээ. Уг барилгыг буулгая, нураая гэх шийдвэр гарган, хэрэгжүүлэхээр улайрахаасаа өмнө түрээслэгчидтэй уулзан, цаашид хэрхэхийг зөвшилцөхгүй байгаа нь түрээслэгчдийн бухимдлыг төрүүлж буй бас нэг шалтгаан юм. Хэрэв уг барилгыг буулган, шинээр барих бол урт хугацаанд хөрөнгө оруулж, өдий хүртэл ажилласан иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал олгох талаар харилцан, ярилцах хэрэгтэй гэв. Мөн Засгийн газраас баталсан ахуйн үйлчилгээг хөгжүүлэх тогтоолын биелэлтийг хангах хүрээнд ч ахуйн үйлчилгээний төвлөрсөн ганц цэгийн үйл ажиллагааг үнэгүйдүүлж, ажилчдынх нь эрх ашгийг хөндөж буйд анхаарал хандуулах учиртайг түрээслэгчид нь онцлов.
Үүнээс гадна 2005 оноос “Урт цагаан”-ы гадна болон дотор талд түрээслэгчдээр засвар, үйлчилгээ хийлгэхгүй гэсэн шийдвэрийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас гаргасан юм байна. Ингэснээр өдий хүртэл компаниуд дотоод тохижолтдоо анхаарч ирснээс гадна талдаа гар хүрээгүй. Энэ нь олон нийтэд “Урт цагаан” хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн, нурах дөхсөн барилга гэх сэтгэгдлийг төрүүлж буй гэдгийг ч түрээслэгчид нь хэллээ. Тус барилгын суурь, ханын материал зэрэг нь маш бат бөх бөгөөд “Туул” ресторан, хуучнаар “Шар дэлгүүр”-тэй адилхан загвараар баригдсан, 1960-аад оны нийслэлийн түүхийг хадгалсан, дурсгалт орчин байж болох талаар ч Улаанбаатар хотын ерөнхий архитекторуудын нэг зөвлөх инженер Ч.Дагшигдорж дурдсан юм билээ. Эдгээрээс үндэслэн “Урт цагаан” үйлчилгээний төвийн түрээслэгч иргэд, аж ахуйн нэгжүүд дараах санаачилгыг гарган, холбогдох байгууллагуудад нь хүргүүлж буй юм. Үүнд “Урт цагаан”-ыг хувьчлах талаар гаргасан тогтоолыг биелүүлэх буюу 10-аас дээш жил түрээсэлсэн иргэдэд давуу эрх олгох иргэний хуулийн заалтыг мөрдөх ёстойг дурдав.
Уг байшинд 20-50 жил ажиллан, цалин орлогынхоо эх үүсвэр болгож буй 450 орчим хүн, ихээхэн хөрөнгө оруулж, өөрсдийн эзэмшлийн талбайг тордож, засаж, сайжруулж ирсэн аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах, эрх ашгийг нь хөндөхгүй байхад анхаарах хэрэгтэй гэв. Улмаар хөрөнгө оруулагч буюу олон жил эзэмшсэн аж ахуйн нэгжүүд, түрээслэгч, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар хооронд хэлэлцээ өрнүүлж, аль алиных нь эрх ашгийг хангасан гурвалсан гэрээ байгуулахад бэлэн байгаа аж. Товчхондоо, хууль зөрчихгүйгээр үүссэн асуудлыг шийдвэрлэн, “Урт цагаан”-аас амьдралаа залгуулагчдыг умартахгүй байж, ажлын байрыг нь хадгалах, үргэлжлүүлэн ажиллах боломжийг бүрдүүлэхийг уриаллаа. Мөн тус барилгын өнгө үзэмжийг сайжруулахад холбогдох байгууллагуудтай нь хамтран ажиллах боломжтойгоо дуулгасан юм.