Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө зуучлалын 6000 гаруй компани манайд бий аж. Гэхдээ идэвхтэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг нь 100 гаруй л гэнэ. Тэдний 30 гаруй нь Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны гишүүн юм байна. Бас Реалторуудын үндэсний холбоонд бүртгэлтэй нь ч бий аж. Мөн “RE/MAX” компанийн 40 гаруй агент, олон улсын сүлжээний “Century 21”-ийн төлөөлөгчид бий. Дээрх холбоод, олон улсын хоёр сүлжээнээс гадна үл хөдлөх хөрөнгө зуучлалын 40 орчим компани үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа гэнэ. Тэгвэл үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн талаарх статистик манайд одоогоор байхгүй. Эдгээр нь өндөр дүнтэй бараа, бүтээгдэхүүн борлуулдаг учраас маш их хэмжээний хөрөнгө эргэлдэж байх магадлалтай, мөнгө угаах эрсдэлтэйг үгүйсгэхгүй. Бүртгэлгүй тул тэдгээрт эргэлдэж буй мөнгөний хэмжээ нууц байгаа гэхэд болно. Тэгвэл нууц мөнгийг ил болгох ажлыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг нь албажуулж, нэгдсэн мэдээллийн баазтай болж, эрх зүйн орчин бүрдүүлнэ гэсэн үг.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) өнгөрсөн аравдугаар сард манай улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратеги хангалтгүй орнуудын жагсаалтад оруулсан. Монгол Улсад санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хангалттай хэрэгжүүлдэггүй, эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай нь үүний нэг шалтгаан болсон. Улмаар зохицуулалттай, хяналттай болго гэсэн үүрэг даалгавар, зөвлөмж өгсөн юм. Иймээс өнгөрсөн сард Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулсан билээ. Тодруулбал, үнэт металл, үнэт чулууны, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, зохицуулах, хянах үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хууль зүй, дотоод хэргийн болон Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл багтсан ажлын хоёр хэсэг байгуулсан агаад Үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн байгууллагыг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох, тавигдах шаардлагын, Үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн шаардлагын журам боловсруулж бараг дуусжээ. Одоогоор олон нийтээс санал авч, хэлэлцүүлж буй бөгөөд энэ сард багтаан батлах юм байна. Дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл хүсэхийн тулд ямар материал бүрдүүлэхийг тусгаж, үүнийг биелүүлэхэд нь тодорхой хугацаа өгөх нь. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Бүртгэлжүүлж, тусгай зөвшөөрөлтэй, зохицуулалттай бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд дэмжиж байгаа. Харин үнэт металл, үнэт чулууны, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгоход зарим хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй” хэмээн ярилаа. Энэ улиралд багтаан тэдэнд зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлж эхлэхээр зорьж буйг тэрбээр дуулгасан. Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгохдоо ёс зүй, боловсон хүчин, санхүүгийн чадавх, техник, тоног төхөөрөмж, нягтлан бодох бүртгэлийн шаардлага тавих нь.
Тусгай зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх ажилд идэвхтэй оролцож, зохицуулалттай байх нь давуу талтай (хүлээн зөвшөөрөгдөх, үйлчлүүлэгчдийн итгэл хүлээх зэрэг) хэмээн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд үзэж буй юм билээ. Тэдгээрийн төлөөлөгчдийг (борлуулагч) сургалтад хамруулж, шалгалт авч агентын эрх олгох юм байна. Сургалтыг салбарын мэргэжлийн холбоод зохион байгуулах аж.
Үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан үүсгэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо хамтран судалгаа хийхээр өнгөрсөн арванхоёрдугаар сард тохиролцсон. Уг судалгааг нэг жилийн дотор багтаан дуусгах юм.
Үнэт металлтай холбоотой арилжааг манайд өмнө нь огт зохицуулж байгаагүй билээ. Иймээс ч Санхүүгийн зохицуулах хорооныхон Сингапур, Канад, Аргентин зэрэг улсын туршлагаас багагүй судалжээ. Үнэт металлыг хилээр зөвшөөрөлгүй, мэдүүлэг бөглөөгүй оруулсан тохиолдлууд ч илэрч байсан тул Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Сорьцын хяналтын газар зэрэг төрийн бусад байгууллагатай Санхүүгийн зохицуулах хороо хамтарч ажиллах гэнэ.
Тус хороо “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх салбарын эрсдэлийн үнэлгээ”-г судалгааны компаниар хийлгүүлжээ. Үүнээс гадна мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулгыг даатгал, үнэт цаас, ББСБ, ХЗХ, үл хөдлөх хөрөнгө зуучлагч, үнэт металл, үнэт чулууны, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдээс авчээ. Өөрөөр хэлбэл, мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээс өөрийгөө үнэлэх асуулга авсан хэрэг. Ингэхдээ салбар бүрийнх нь онцлогт тохируулж асуулт тавьсан бөгөөд санхүүгийн, засаглал, удирдлагатай холбоотой мэдээлэл зэргийг тодруулжээ. Тухайлбал, гадаад, дотоодын ямар үйлчлүүлэгчтэй, хэдий хэмжээний гүйлгээ хийдэг зэргийг нь лавласан аж. Салбаруудын төдийгүй байгууллагуудын эрсдэлийн зэргийг тогтоох нь хэд хэдэн ач холбогдолтой. ФАТФ-ын стандартын дагуу бол хамгийн өндөр эрсдэлтэйд нь газар дээр нь очиж шалгалт хийх, багатайд нь зайнаас хяналт тавих боломжтой зэргийг энд дурдаж болно.
ФАТФ хоёр, зургаа, аравдугаар сард хуралддаг бөгөөд Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарахын тулд явцын тайлангуудаа тухай бүр хамгаалж буй билээ.