Хан-Уул дүүргийн X хороонд байрлах 300 ортой эх, хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын явцтай Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр танилцав. Ажил нь 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа уг эмнэлгийг ирэх гуравдугаар сард багтаан ашиглалтад оруулах боломжтой гэнэ. Үүний тулд 13 тэрбум төгрөг шаардлагатайг гүйцэтгэгч компанийнхан нь хэлсэн юм. Тодруулбал, 2008 онд зураг төслийг гарган, дараа жил нь суурийг нь тавьж, эхлүүлж байсан тус барилгыг өнгөрсөн онд ашиглалтад оруулна гэсэн хүлээлт үүссэн. Уг барилгын ажил 30 орчим хувийн гүйцэтгэлтэй, зогсонги байдалд байсныг “Томо бюлдинг” компани концессын гэрээгээр 25 тэрбум төгрөгөөр үргэлжлүүлэн барьж, ашиглалтад оруулахаар Үндэсний хөгжлийн газартай гэрээ байгуулжээ. Ажлаа 2018 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн юм байна. Гэтэл анх хийсэн зураг төсөл болон барилгын дотоод хийцийг бага зэрэг өөрчлөх, илүү сайжруулах, дэлхийн жишигт нийцэхүйц эмнэлэг барих зорилгоор нэлээд ажил төлөвлөн хийсний эцэст төсөвлөж, гэрээлсэн хөрөнгө нь 13 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Мөн хүчилтөрөгч гаднаас авах шаардлагагүй, эмнэлэг дотроо үйлдвэрлэх цех, 166 тасагт хүчилтөрөгч өгөх систем зэргийг суурилуулсан нь зардлыг өсгөх нэг шалтгаан болсныг “Томо бюлдинг” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр хотын даргад тайлагнан, барилгын ажлын явцаа танилцуулав.
Тэгвэл нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Царцсан барилгын ажлыг үргэлжлүүлж, улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр өөрсдийн хүчээр бүтээн байгуулалтаа өдий хүргэсэн нь сайшаалтай. Барилгыг хүлээн авсны дараа олгохоор энэ оны төсөвт 18 тэрбум төгрөг суулгасан юм байна. Түүнээс гадна ойрын хугацаанд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийн талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, Ерөнхий сайдад хүргүүлнэ. Төсөвт ямар боломж байгааг тооцуулан, өөр эх үүсвэр хайх, эсэхийг судлах шаардлагатай гэж ойлголоо. Хөрөнгийн асуудлыг нь яаралтай шийдвэрлэж, төлөвлөж буй хугацаанд нь ашиглалтад оруулбал зохих арга хэмжээг авна” гэв. Уг эмнэлэг нь 34 000 ам метр талбайтай бөгөөд гаднаа ногоон байгууламж, автомашины зогсоол, сандал, сүүдрэвч зэргийг багтаан 2.7 га газрыг нь тохижуулж буй юм. Мөн хүчилтөрөгчийн цех, дэлхийн стандартад нийцэхүйц тасаг, нийтийн эзэмшлийн талбай, мэс заслын өрөөтэй аж. Ташрамд дурдахад, дээрх эмнэлгийг барихаар “Нийслэл өргөө”, “Пума констракшн” компани хамтран консорциум болж, 19 тэрбум төгрөгийн тендерийг улсаас авсан гэнэ.