Монголын түүхийн үе үеийн онцлогийг тусгасан дүрслэх урлагийн бүтээл Төрийн ордонд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг хэдхэн хоногийн өмнө дуулианы гол бай болоод байсан “Эх орон” хэмээх ханын чимэг зургийг 1986 онд бүтээлцсэн гобелен урлагийн зүтгэлтэн Д.Ариунгэрэлтэй ярилцлаа. Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэж, Монументаль чимэглэлийн үйлдвэрт олон жил ажилласан тэрбээр эдүгээ Монголын балетын хувцасны анхны “90 хэм” үйлдвэрийн загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаа юм.
-Учир мэдэхтэй, үгүйтэй хүмүүс урлагийн түүхэн бүтээлд хадаас зоосноос үүдсэн дуулианы дараа гобелен урлаг гэж ер нь юу юм бэ гэж асуусан хүн бишгүй. Та мэргэжлийнхээ тухай, уран бүтээлч нөхдийнхөө тухай танилцуулах уу. Зарим хүн үүнийг туурган хивс гэдэг гэж хэлсэн. Зөв үү?
-Энэ бол хивс биш. Ханын чимэг. Газар дэвсэж болохгүй. Хивсийг нэг л технологиор хийдэг бол гобеленд хязгаар үгүй. Орчин үед зөвхөн утас биш, даавуугаар ч хүссэнээ хийж болно. Эвхэгддэг л бол юу л бол юугаар санаагаа илэрхийлж болдог болсон. Тэгээд ч Гобелен гэж, энэ урлалыг урлаг болгон хөгжүүлэх суурийг тавьсан хүний нэр учраас орчуулж болохгүй. Дэлхийн аль ч улс оронд гобелен л гэдэг. Манай Дүрслэх урлагийн дунд сургуульд Зөвлөлтийн мэргэжилтэн Самушкин багш хичээл заадаг байлаа. Түүний эрдмийг Репиний академийн төгсөгч Я.Туяа багш өвлөж авсан бөгөөд анги удирдан төгсгөж ирсэн юм. Анхны төгсөлт нь 1976 онд болж байв. Түүний дараа 1978, 1982 оныхон байдаг. Манай анги бол 1982 оны төгсөлтийнхөн. Үүнээс хойш нэг анги дүүргэсэн байх аа. Цөөн оюутан төгсдөг болохоор энэ чиглэлд мэргэшсэн уран бүтээлч улсын хэмжээнд 20-иод л бий болов уу. Манай ангийнхнаас гэхэд өөд болсон хүн хэд хэд бий. Одоо цөөхүүлээ. Мэргэжлээрээ ажилладгаас Эрдэнэтийн Батбилэг байна.
Гобелен урлал Европт үүссэн. Эртний Грек, Ромд чулуун барилгуудаа хананаас нь дулаалах зорилгоор ноосоор ийм эдлэл хийж, хэрэглэж байжээ. Яваандаа уран зураг орлуулах чимэглэлийн урлаг болгон хөгжүүлсэн. Товчхондоо, ноосон утас хэлхэж, шахаж, нягтруулж зураг болгодог урлаг. Орчин үед түрүүн хэлсэнчлэн эвхэгддэг материал болгоноор хүссэнээ урлаж байна.
-Бэлэн уран зураг харж байгаад өнгө тохирох утаснуудыг хэрэгтэй хэсэгт нь шахаж байршуулах замаар, эцсийн дүнд тухайн зургийг утсаар бүтээнэ гэсэн үг гэж ойлголоо.
-Яг тийм. Зураг ямар ч байж болно. Тухайн цаг үеийн урлаг дахь измүүдээс хамаарч өөр өөр байсаар ирсэн. Технологи ч өөрчлөгдсөн.
-Та одоо гобелен чиглэлээр бүтээж байна уу?
-Хааяа хийнэ ээ. Гэртээ голдуу ажилладаг. Захиалга байвал гүйцэтгэнэ. Сонирхуулахад, түрүү жил дөрвөн настай зээ охиныхоо зурсан зургийг ханын чимэг болгож өөрт нь бэлэглэсэн. Хүргэн, охин, худуудад таалагдсан байна лээ. Охин ч ойлгоод их баяртай байгаа.
-Таны бүтээл “Говь”-ийн бүтээгдэхүүний дэлгүүрт байдаг гэж мэдлээ. Ноолуураар хийсэн юм уу?
-“Галериа”-д одоо байгаа, үгүйг мэдэхгүй юм. Тэднийх ноднин ноосоор хийлгэсэн. Танхим тохижуулахдаа хэв маягт тохирох нь гобелен л юм байна гэж үзээд захиалсан. Өнгөрсөн жилээс балетын хувцасны загвар зохион бүтээгч болоод, шаардлагатай үед оёдог болохоор завгүй болов. Гобелен урлаг сонирхдог, заалгая гэсэн хүн олон байдаг, хааяа хүсэлт тавьдаг ч надад зав гардаггүй ээ.
-Та мэргэжлээрээ дагнаж ажилладаг байхдаа бие даасан үзэсгэлэн гаргаж байв уу?
-Монументаль чимэглэлийн үйлдвэр их том байгууллага байлаа. Ихэвчлэн хэмжээ том, нүсэр бүтээл дээр хамтарч ажилладаг байсан. Уран бүтээлч нөхөдтэйгөө олон бүтээл туурвисан даа. Бүгд л энд тэнд өлгөөстэй байдаг болохоор үзмэр гэсэн үг. Төрийн ордны тэр “Эх орон” гэдэг бүтээлийг арав гаруй гобеленч урласан юм. Арван хэсгээс бүтсэн. Яаж ажиллаж байсан минь санаанд тодхон байна. Соёлын яамны уран бүтээлийн зөвлөл гэдэг байсан санагдана, тухайн нэгжээс хянаад, энд, тэнд нь өөрчлөлт оруулахаар хэд хэдэн удаа буцааж байв. Социалист бүтээн байгуулалт, үйлдвэрлэл гэсэн агуулгыг урлагийн хэлээр гүн гүнзгий гаргах учиртай. Санаачлагч, захиалагчдад таалагдахгүй зүйлүүд байсан байлгүй дээ. Тэгээд л өнөөхийгөө засах гээд сууна. Зарим шөнө хонодог байлаа.
-Та “Нүүр ном”-доо “Ч.Улаан хэмээх сайданцар аа, таны анхны гэргий Буд эгч бид нар наадхыг чинь хонон өнжин сууж бүтээсэн юм. Ямар их хүч, хөдөлмөр зарсныг мэдэж байгаа хэрнээ ингэж сүйтгүүлж байхдаа яадаг юм бэ” гэх маягаар их ууртай бичсэн байсан.
-Уур хүрээд тэгээд биччихсэн. Одоогийн Ч.Улаан сайд Буд эгчийг хүлээгээд ширээ тохойлдон юм бичээд сууж байдаг байв. Тэр нь нүдэнд харагдаад байгаа юм чинь (инээв). Манай хүү намайг хэт ширүүллээ гэж зэмлээд. Одоо ч дуулиан намжиж дээ.
-Хатгасан хэсэгт утас тасарсан байх даа?
-Хэд хэдэн газарт цоо хатгасан харагдана билээ. Одоохондоо анзаарагдахгүй байж болно. Яваандаа хөврөөд ирнэ.
-“Монголчилно” гэж ярьдаг. Түүн шиг засвар хийлгэх болов уу?
-Мэдэхгүй. Хариуцаж байгаа хүмүүс юу бодож байгаа юм бол доо.
-Танай нөхөр барималч Н.Аргайсүх. ОХУ-ын Репиний академийн төгсөгч, сайн уран бүтээлч байсан гэж дүрслэх урлагийнхан хэлдэг. Харамсалтай нь, эрт өөд болсон юм билээ. Бүтээл туурвилуудаас нь байдаг уу?
-Репиний академийн сан хөмрөгт цөөн хэд бий. Оргил бүтээл нь курсийн ажлын хүрээнд урласан Чингис хааны хөрөг баримал. Энэ бүтээл Уран зургийн галерейгаас алдагдаад удаж байна. Одоо бараг мартагдсан түүх болжээ. Хэсэгтээ асууж сурах хүн байдаг байлаа.
-Бас нэг яриа байдаг. Саяхан танай нөхрийн бүтээлийг хэн нэгэн уран зураг цуглуулагч 100 мянган төгрөгөөр худалдаж авсан гэсэн үү?
-Манай нөхрийнх биш ээ. Миний авга ах, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Балдандоржийн ажил юм. Түүний туурвисан Чингис хааны хөргийг Ц.Элбэгдорж гуай одоогоос гурван жилийн өмнө ийм хямд үнээр худалдаж авсан байсан. Бид хожуухан мэдсэн л дээ. Ах минь өнгөрсөн жил нас барсан.
-Зураг ямар хэмжээтэй вэ?
-Жижгэвтэр. Гэхдээ дүрслэх урлагт бүтээлийн хэмжээ чухал биш, тэр нь туурвил мөн үү, биш үү гэдэг гол нь байдаг.
-Арай хямдаар авчээ.
-Зүгээр шахуу авсан. Насаараа зурсан, эрдэмтэй, мэдрэмжтэй жинхэнэ уран бүтээлчийн ажлыг чухам юу гэж хэлээд ийм үнээр авсныг нь мэдэхгүй юм. Одоо энэ тухай яриад нэмэргүй байх аа.
-Танай охин уран нугараач гэсэн. Хүү А.Хангай тань арлын оронд амжилттай ажиллаж байгаа балетчин. Анзаараад байхад та балетчин байхаар хүн юм. Оролдож үзээгүй юү?
-Балетын урлагт маш дуртай. Гэхдээ сураагүй. Харин хүүгээ ХБДС-ийн балетын ангид шалгуулахад тэнцээд орсон. ДБЭТ-т балетын гоцлоочоор нэлээд хэдэн жил ажиллаж байгаад мөн балетчин бүсгүй Саяакатай танилцаж, гэр бүл болж Япон улсад амьдарч байна. Хүүгийнх минь хүү, охин хоёртой сайхан айл. Тэд Монголдоо байнга ирж, очдог.
-Хүү, бэр хоёр тань балетын сургуультай. Олон ч хүүхэд суралцдаг бололтой. Тэднийхээ хувцсыг танай үйлдвэрээр оёулдаг уу?
-Тийм ээ. Жил бүр тайлан тоглолт хийдэг болохоор хувцас солих шаардлага гардаг.
-Энэ үйлдвэрийг танай хүү санаачилж байгуулсан уу?
-Найзууд гурвуулаа ярилцаж байгаад байгуулсан. Японд байдаг Чинзориг гэж хүү бий. Бас Монголд байдаг, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй Энхриймаа гэж найз нь байдаг. Тэр гурав хамтарч байгуулсан юм билээ. Чинзориг намайг балетын хувцасны загвар гаргаж чадна гэж үзжээ. Хүү энд балетчин байхад нь би хувцсыг нь оёж өгдөг байсныг мэддэг болохоор тэгж бодсон гэсэн. Тэгээд ч Монгол Улсад балетын хувцасны жижиг ч гэсэн үйлдвэр байж яагаад болохгүй гэж ярилцсан юм билээ. Тэр санаа нь надад таалагдаад, ажиллахыг зөвшөөрсөн. Үйлдвэрээ байгуулаад жил болчихлоо. Би их юманд суралцаж байна. Хүү бас илүү нарийн сургана гээд л байгаа.
-Манай улсад балетаар хичээллэдэг хүн, хүүхдүүд олон болсон болохоор эрэлт нэлээд байгаа болов уу?
-Тийм юм байна. Ганцхан ДБЭТ, Консерваторын балетын ангиар төсөөлж болохгүй. Балетын сургалт явуулдаг төв олон болжээ. Тэдгээрээс хүүхдүүд аав, ээжтэйгээ ирж хэрэгтэй хувцсаа хийлгэдэг. Бид гадаад орнууд руу ч гаргадаг болсон. Япон, ОХУ, ХБНГУ, АНУ, БНСУ гээд монголчууд хаана балетаар хичээллэж байна, тэр бүх улсад бидний хийсэн хувцас хүрсэн. Тэдгээр улсад ажиллаж, амьдардаг, балетын урлагтай холбоотой монголчууд цөөн ч бай, олноор ч бай захиалж хийлгээд явдаг юм. Гадаадад уралдаанд явж байгаа хүмүүс бас хийлгэдэг болсон. Түүнд нь бид их баярладаг.
-Сайхан мэдээ байна. Шинэ тутам үйлдвэрийг бодитоор дэмжиж байна шүү дээ.
-Тийм ээ. Бид бас Консерваторын балетын ангийнхантай ойр дотно хамтарч ажилладаг. Шилдэг суралцагсдад шагналын журмаар хувцас олгож байсан юм. Гэтэл сүүлдээ хүүхдүүд өөрсдөө хүрч ирж захиалж хийлгэдэг болсон. Ажил алхам алхмаар урагшилж л байна.
-Та биднийг орж ирэх үед юу хийж байсан бэ. Балетын хувцасны үйлдвэрийн ажил байдалтай танилцах гэдэг утгаар асууж байна.
-Даавуунд будаг оруулж үзэж байлаа. Зураг зурж болох нь уу, үгүй юү гэж шалгаж байгаа юм. Англи, Хятадаас будаг авчирсан. Материалаа бол БНСУ-аас авчруулдаг. Туршилт гайгүй шүү. Английнх нь тогтоц сайтай юм байна. Будагтай ноцолдож байтал Консерваторын балетын ангийн нэг хүү захиалсан есөн ширхэг трико авахаар ирээд. Хүүхдүүдийн захиалсан бүтээгдэхүүнийг өгөөд байж байтал та нар орж ирлээ.
-Ярилцах зуураа танай гэр бүлийнхэн бүгд авьяастай гэж мэдлээ. Ач, зээ нараас нь урлагийн хүмүүс төрөх байх аа.
-Зээ охин одоо зурж байгаа. Их мэдрэмжтэй. Өнгө сонгохдоо сайн. Тэр урлагийн хүн болж магадгүй. Нэг гэм нь гэртээ ханан дээрээ зурдаг. Зүгээр сараачих биш, их “бодлоготой” зураад байдаг. Айлын ганц охин эрх ч биз дээ, зурна л гэсэн бол зурдаг болохоор нь аав, ээж, эмээ, өвөө нь бүр хүлээн зөвшөөрчихсөн. Аав нь өргөж өгөөд л, охин зурж байгаа харагддаг юм. Манай охин румын залуутай гэрлэсэн юм л даа. Ач хүүг минь аав нь дэглэх гээд байгаа. Японд сургуульд дөнгөж орсон хүүхдийг кириллээр, монголоор бичүүлж сургах юм гэнэ. Ном, дасгал ажлын дэвтэр цуглуулаад л байгаа. Би “Хүүхэд битгий ядраагаарай” гэж захидаг. Манай Хангай “Монгол хүүхэд байж Монголоо мэдэхгүй өсвөл хүн биш болно” гэдэг юм.