Манайхны хэлж заншсанаар алчуур хатаагч (ариун цэврийн өрөөний)-аас ус шүүрээд ганц, хоёр хонолоо. Орон сууцын контор руугаа утас цохиж, засуулах болов. Төд удалгүй “Та дуудлага өгсөн үү, сантехникч байна” гэх нь тэр. Хаягаа хэлээд, орой нь ирэхээр тохирлоо. Хоолойн цоорсон хэсгийг дунд эргэм насны эрэгтэй харснаа “Солих хэрэгтэй болжээ. Барилгын материалын дэлгүүрээс сэлбэгийг нь худалдаж авчихаад хэлээрэй. Аан тийм, дуудлагын хөлс 8000 төгрөг шүү” гэсээр гарч одов. Хэлсэн ёсоор нь алчуур хатаагч шинийг авч, “сангийн” мэргэжилтэнд дахиад хандлаа. Ирдэггүй, бүтэн өдөр хүлээлгэв. “Энд, тэнд ус алдаад” гэсээр үдэш бараагаа харуулдаг юм байна. Хоолойн хоёр талын боолтыг суллаад, шинийг нь төвөггүйхэн сольчихсон. Хэдэн төгрөг болсныг лавлахад “Бэлэн өгвөл 15 000, байрны мөнгөн дээрээ төлбөл 30 000 төгрөг” гэв. Яагаад ийм ялгаатай үнэтэй байгааг нь тодруулахад “Манай конторын тариф өндөр. Засварчинд нь өгчихвөл хямд тусдаг” гэх.
Хоёр боолт тайлаад, чангалахад 30 000 төгрөг гэдгийг хаанаас гаргасан тариф болохыг судлах шаардлага тулгарав. Усны хоолой цоорвол солино гэдгийг хэн ч гадарлана. Гэтэл орон сууцын контороос сэлбэгээ бэлд гэж хэлээгүйн дээр ус шүүрсэн нүх “хараад” л 8000 төгрөг авчихаж байгаа юм. Энэ мэт засварчнаа илгээх бүрт, ажил хийлгээгүй байхад ч дуудлагын хөлс нэхнэ. Засвар, үйлчилгээнийхээ тарифыг сүсгээрээ тогтоодог. Улсаас мөрддөг ус, дулаан, цахилгааны үнийг мөн өөрсдийн дураар өөрчилдөг. Цахилгаанчин, сантехникчид нь дундаас нь “цавчина”. Айлд орохдоо улавчгүй, бохир гар, хувцсаараа засварлахаас бусад эд хогшилд зөвшөөрөлгүй хүрдэг гэхчлэн наад захын үйлчилгээний болон харилцааны соёлгүй.
Цахилгаан, дулаанаар хангадаг гэх үгээр халхавчлан, иргэдийг “мөлжиж” амьдардаг хуулиас дээгүүр журамтай хувийн конторууддаа хяналт тавих цаг ийнхүү болжээ. Угаас орон сууцын конторууд иргэдийг цахилгаан, дулаанаар хангадаг ч үгүй. Дамжуулах буюу төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэснийхээ төлөө тэд улсаас мөнгө авдаг. Тиймдээ ч улс, хувийнх гэхгүйгээр нэгдсэн дүрэм, журам, хуульд захирагдах ёстой аж. Орон сууцад амьдардаг иргэд бол дундаж давхаргынхан. Нэг ёсондоо улсдаа хөдөлмөр эрхэлж, татвараа үнэнчээр төлдөг ажилчин ангийнхан шүү дээ. Гэтэл тэдний цаг наргүй зүтгэж, олсон хэдэн төгрөгөөс нь хэрхэн хумслах арга ухаан “сийлдэг” газрууд харамсалтай нь иргэдийн хамгийн ойрын түнш СӨХ, орон сууцын контор нь байх юм.
Өөр нэг жишээ дурдъя. Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Э байрных нь халаагуур (паар) олигтой халахгүй байхаар нь харьяа “Тэргүүн өргөө” контортоо ханджээ. Түүний дуудлагын дагуу сантехникч Зайсангийн “Могул таун” дахь гэрт нь ирж “Халаагуураа угаалгах (доторх зэвийг нь арилгах)-гүй бол нэмэргүй. Нэгийг нь 60 000 төгрөгөөр угаана” гэсэн аж. Э зургаан халаагуураа цэвэрлүүлбэл 360 000 төгрөг төлөх тул дараа нь мөнгөтэй болохоороо дуудъя гээд явуулжээ. Орон сууцынх нь халаагуур олигтой халахгүй байгаа талаар хөршүүд нь фэйсбүүк дэх оршин суугчдын групптээ ч бичсэн байж. Учрыг тодруулахад инженерүүд, засварчид одоогийн нөхцөл байдлыг нь “хэвийн дулаантай” гэх хэрнээ нийтээрээ халаагуураа цэвэрлүүлэхгүй бол үр дүнгүй хэмээдэг аж. Цаанаасаа “ирдэг” дулааныг халаагуур цэвэрлэмэгц нэмэгдэнэ гэж бодсон айлууд ганц, нэгээрээ эл үйлчилгээг авчээ. Тэгэхдээ өрх бүр өөр өөр үнээр цэвэрлүүлсэн болж таарав. Э-ийн дээд давхрын айл нэг халаагуураа 60, зэргэлдээ хөрш нь 50, доод давхрынх нь 40 мянган төгрөгөөр угаалгасан гэнэ. Оршин суугчдынх нь ярьснаар “Ер нь конторууд айл өрхүүдийн халаалтын даралт, градусыг албаар багасгаж, дааруулдаг. Эцэст нь халаагуур биш, ард иргэдийн халаасыг “цэвэрлэх” л бизнес хийдэг” гэх юм билээ.
Нэг үйлчилгээг энэ мэт гурван өөр тарифаар үзүүлнэ гэдэг шударга зарчим яавч биш. Дээр дурдсанчлан хоёр боолт суллаад 30, нэг халаагуур цэвэрлээд 60 мянган төгрөг авч болдог, эсэхийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-ынхнаас тодруулахад “Орон сууцын улсын болон хувийн конторуудын айл өрхүүдээс авах ус, дулаан, цахилгааны болон засвар, үйлчилгээний нэгдсэн тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо баталдаг. Үүний дагуу айл өрхүүдээс хэрэглээний болон засвар, үйлчилгээний төлбөр авах ёстой. Үнэ тариф, үйлчилгээний жагсаалт тус хорооны болон манай албан ёсны цахим хуудсанд бий. Иргэд харьяа орон сууцын контортоо хандаад, засвар, үйлчилгээний тариф харж, хэвлэсэн гарын авлага авч болно. Уг нь конторууд оршин суугчдадаа үнэ тарифтай холбоотой мэдээлэл өгч, гарын авлага тараасан байх ёстой. Түүнд нь сангийн хоолой, халаагуур зэргийг салгах, холбох, гагнах угсрах гээд нэгбүрчлэн тариф нь бий. Ижил төрлийн үйлчилгээг харилцан адилгүй үнээр үзүүлдэг гэсэн гомдол оршин суугчдаас цөөнгүй ирдэг. Энэ тухайд засварчид нь голдуу дундаас нь “халтуур” хийсэн байх жишээтэй. Алчуур хатаагч нь эвдэрч, хагарсан байлаа гэхэд материалаа өгөөд солиулна. Тэгэнгүүт засварчид нь тарифаас өндөр дүн хэлж, иргэдийг “айлган”, хэрвээ бэлнээр өгвөл төд гэж журмын бус ханш тогтоочихдог. Түүнээс биш орон сууцын засвар, үйлчилгээний улсаас баталсан үнэ тариф харилцан адилгүй байдаггүй. Гэхдээ хувийн конторууд ус, дулаан, цахилгааны үнийг дураар нэмж, засвар, үйлчилгээ, СӨХ-ны тарифыг ч “тогтоох” нь бий. Улсын гэхэд орон сууцын 20 гаруйхан контор байдаг. Гэсэн хэрнээ хувийнхны энэ мэт булхай, луйврыг удирдах газар нь үүрч, муу нэрийг нь зүүсээр байгаа” гэсэн юм.
Иргэд орон сууцын конторууддаа хулхидуулахгүй, “мөлжүүлэхгүй” байх ганц арга бол нэн тэргүүнд засвар, үйлчилгээний үнэ тарифтай болох. Дээр хэлсэнчлэн гарын авлага нэхэж авах эрхтэй гэнэ. Хэрвээ айл өрхүүдэд хүрэлцэхгүй гэвэл ядаж төлбөртэй засвар, үйлчилгээ хийлгэсэн үедээ тухайн ажилчнаас тарифаа харуулахыг шаардахыг албаныхан зөвлөсөн. Учир нь конторын ялангуяа бүх засварчинд гарын авлага байдаг аж. Тэгээд ч иргэд конторын ажилчдад бэлэн мөнгө өгөх ёсгүй гэнэ. Дараа нь тэдний хийсэн засвар, үйлчилгээ бүтэлгүйтэж, дахин ус алдах, цоорох болбол өмнөх төлбөр нь конторын дансанд шилжээгүй учир “хариуцахгүй” хэмээгээд олонх нь хохироод хоцордог байна. Тиймээс аливаа засвар, үйлчилгээний төлбөрийг байрны мөнгөн дээрээ төлөх, тэгэхдээ үнэ, тарифт заавал үндэслэж, тогтоолгох хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөв.
Түүнчлэн тухайн орон сууцын халаалт нэлэнхийдээ муу, зэврүүн байхад та ганцаараа халаагуураа угаалгаад нэмэргүй аж. Нэг шугамаар халаалт “гүйдэг” учраас хэрвээ угаалгах болбол нийтээрээ зэвэрч, нарийссан, эсэхийг тогтоолгосныхоо дараа цэвэрлүүлэх шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл, ашиг хонжоо хайсан нэгний хорон үгэнд хууртаж болохгүй гэсэн үг. Засварчид нь инженерүүдтэйгээ хүртэл нийлээд оршин суугчдыг хуурч, залилдаг контор ч нэлээд байдаг тул тарифын номтой “харьцсан” нь санхүүгээрээ хохирохгүй байх нэг арга гэнэ лээ.
ОСНААУГ-ынхны хэлснээр засвар, үйлчилгээний мөнгө төвлөрөхгүй байхад хариуцлага нь удирдах байгууллагад тохогддог, хамгийн гол нь иргэд хохирдог тул хаана хаанаа эрх, үүргээ ухамсарлах хэрэгтэй болжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-т иргэдээс ирдэг санал, гомдлын 35-45 хувийг СӨХ, орон сууцын контортой холбоотой маргаан эзэлдэг. Тус газрынхнаас иргэдийн гомдол, саналыг хэрхэн шийдвэрлэдэг. Дүрэм, журмаа биелүүлдэггүй конторуудад ямар арга хэмжээ авдаг талаар тодруулах гэсэн боловч “Энэ талаар мэдээлэл өгөх хүн байхгүй” гэв.