Дэлхийн хэмжээнд эрчимтэй тархаж буй коронавирусийн талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Бөмбөрцөг даяар уг вирустэй 35 дахь өдрөө тэмцэж байна. Манай улс ч эл вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд авч буй билээ. Нэн тэргүүнд халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотоос 31 иргэнээ энэ сарын 1-нд эх орондоо авчирсан бөгөөд тэдний шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Тэрбээр “Уханиас ирсэн 30 том хүн, нэг хүүхдийг тэр даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, нарийн үзлэг, шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. Гэсэн ч бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тэднийг 14 хоног тусгаарлах үүрэгтэй. Үргэлжлүүлэн үзлэг, шинжилгээ хийнэ. Түүнчлэн оюутнуудыг авчрахаар Ухань руу ниссэн 15 хүний бүрэлдэхүүнтэй багийнхны шинжилгээний хариу ч сөрөг гарсан. Бид ажиглаж, тандалт судалгаа хийсээр байна. Коронавирусийн халдвар гарснаас хойш сэжигтэй шинж тэмдэгтэй 71 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд лабораторийн шинжилгээгээр бүгдийнх нь онош үгүйсгэгдсэн. Тиймээс одоогоор коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй” хэмээв.
ОНГОЦЫГ БҮРЭН АРИУТГАСНААС ХОЙШ НЭГ ЦАГИЙН ДАРАА НИСГЭЖ БОЛНО
Коронавирус нь агаар, дуслын замаар ихэвчлэн тархаж буй тул иргэд олон нийтийн газраар явахдаа байнга амны хаалт зүүх, ханиаж, найтаахад хүнээс ялгардаг нян, бактери 500 метр хүртэл цацагддаг учраас халдварт өртөх эрсдэл өндөр гэдгийг эмч нар анхааруулсаар буй. Уг вирус нь 57-гоос дээш градуст 30 минутын дотор устдаг, эфир, 75 хувийн этилийн спирт, хлорт мэдрэг байгааг эрдэмтэд тогтоосон. Гэхдээ цагаан хэрэглэл, гар, нүүрийн алчуур, хатуу гадаргуу зэрэгт бусад вирусийн адил 1-2, түүнээс ч олон хоног амьдрах чадвартай аж. Сүүлийн үед нисэх онгоцыг халдвар тархаах нэг эх үүсвэр хэмээн олон улсад үзэж байна. Тиймээс Уханиас монгол оюутнуудыг тээвэрлэн авчирсан МИАТ-ийн онгоцыг хэрхэн ариутгаж, халдваргүйжүүлснийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхнөөс тодруулахад “Онгоцыг Монголд газардсан даруйд нь зориулалтын уусмалаар дотор, гадаргүй шүршиж, ариутгасан. Үүнд 70 литр бодис орсон. Мөн халдваргүйжүүлэх аниос гель, устөрөгчийн хэт исэл агуулсан гарын 120 ширхэг цаасан алчуур хэрэглэсэн. Онгоцыг халдваргүйжүүлснээс хойш 30-60 минутын дараа нисгэж болно. Хатуу гадаргууд вирус хэр хугацаанд амьдрах чадвартайг нарийн тогтоогоогүй. Гэхдээ хлор агуулсан нэгдэлд тэсвэргүй тул бид тэр аргаар нь ариутгасан, аюулгүй” гэсэн юм.
400 000 АМНЫ ХААЛТ, ХАМГААЛАЛТЫН 100 ХУВЦАС ХАНДИВЛАВ
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн дэгдэлттэй холбоотой мэдээллийг бид тухай бүрт нь авч, улсын хэмжээнд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Польшид ажиллаж, амьдардаг манай улсын эмч, иргэд бидэнд 400 000 амны хаалт, эмнэлгийн ажилтны халдвар хамгааллын 100 ширхэг иж бүрэн хувцас хандивласныг саяхан хүлээн авсан. Мөн “Монос” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Уханиас ирсэн 31 иргэн, нисэх багийнхны дархлааг дэмжих аминдэм өглөө. Монгол, Солонгосын хамтарсан коллежийн оюутнууд амны хаалт оёж өгсөн гээд хүнд, хэцүү цагт нэгнээ гэх сэтгэл, зүтгэл гаргаж буй иргэд, аж ахуйн нэгжүүддээ баярлалаа. Амны хаалтуудыг эхний ээлжид эмнэлгийн байгууллага, зорилтот бүлгийнхэнд тараана” гэсэн юм.
Бэлтгэсэн: О.Оргилох