Манай улсад амны хаалт үйлдвэрлэдэг хоёр, харин импортоор оруулж ирдэг олон газар бий аж. Үйлдвэрлэгч “Мөнхийн тун” компани өдөрт 35-40 мянган амны хаалт үйлдвэрлэж, эмнэлэг, эмийн сангуудад нийлүүлдэг. Гэвч өдгөө тус компани амны хаалтын түүхий эдийн 2-3-хан хоногийн нөөцтэй үлджээ. Ирэх сарын 3-наас урд хөршөөс түүхий эдээ татаж чадвал үйлдвэрлэлээ явуулах боломжтой гэнэ. Мөн Орхон аймагт “Цагаан жим” компани уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалттай амны хаалт үйлдвэрлэдэг. Уг компани “EM 9501” нэртэй, N-95 стандартын 35, 50 граммын цаасан болон эко даавуу, 250 граммын хөвөн цаас зэрэг дөрвөн давхар материал бүхий зузаан амны хаалт үйлдвэрлэж, Улаанбаатар хот, бусад аймаг руу илгээж байгаа аж. Өдөрт 3000-5000 ширхэг амны хаалт үйлдвэрлэнэ гэж тооцвол сар гаруйн түүхий эдийн нөөцтэй бөгөөд үйлдвэрийн үнээр буюу 2000 төгрөгөөр борлуулж буй гэнэ. Харин бусад газрын ихэнх нь БНХАУ-аас амны хаалт импортолдог ч “татаж” чадахгүй байгааг ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэллээ.
“Бөмбөгөр” худалдааны төв орчмын эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудад өчигдөр амны хаалт алга байлаа. “Мөнхийн тун” эмийн сан нэг удаагийн амны хаалт борлуулсан ч иргэд дугаарлах зуур зарагдаж дуусав. Гэтэл ойр орчимд нь хоёр эмэгтэй уут дүүрэн амны хаалт барьчихсан борлуулж байв. Нэг удаагийн амны хаалт 1000, шүүлтүүртэй нь 3000 төгрөгийн үнэтэй гэнэ. Хаанаас авсныг нь тодруулахад “Оросоос авчруулсан” гэв. “Somo” спорт хувцасны брэнд амны хаалт үйлдвэрлэж, үнэгүй тарааж буй аж. Энэ талаар захирал С.Ганзоригоос нь тодруулахад “Манайх захиалга ихтэй, цөөн ажилтантай. Гэвч нийгмийн хариуцлагын хүрээнд зав зайгаа ашиглан, амны хаалт үйлдвэрлэж, хүмүүст үнэгүй өгч байна. ‘Эм Си Эс” компанийн ажилчид, Сүхбаатар дүүргийн XX хорооны иргэд, автобусанд зорчиж буй хүмүүст амны хаалт өглөө. Нягтрал сайтай, эрүүл мэндэд хор нөлөөгүй даавуугаар үйлдвэрлэж буй. N-95 стандартынхтай адилгүй ч утаа тортог, тоосонцроос хамгаална” гэв. Амны хаалт эрэлттэй байгаа учир иргэд худалдаж авъя гэсэн ч тэд мөнгөөр борлуулахгүйгээ илэрхийлсэн гэнэ. Түүнчлэн амны хаалтаа эмийн сангуудад ч нийлүүлэхгүй, зөвхөн үйлдвэрээс ирж авахыг санал болголоо.