Хонконгийн бүлэг эрдэмтэд шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцин гарган авсан тухай Хятадын “South China Morning Post” сонин Хонконгийн Их сургуулийн эрдэмтэдийг эх сурвалжаараа дурдан мэдээлжээ. “Бид вакциныг гаргаж авсан. Гэхдээ амьтанд туршиж үзэхэд их хугацаа шаардагдана” гэж Хонконгийн их сургуулийн профессор Юэн Квок-Юнг мэдэгдсэн байна. Профессорын хэлснээр, вакциныг амьтан дээр туршихад хэдэн сар, харин хүн дээр туршихад дор хаяж нэг жил шаардагдах аж. Судлаачид жирийн ханиадны вакцинд шинэ төрлийн коронавирусний эсрэгтөрөгчийн гадаргын хэсгийг нэмж вакцинаа гарган авжээ.Өмнө нь Шанхай хотын Тунжи их сургуулийн дэргэдэх Дунфан эмнэлэг болон Хятадын биотехнологийн “Stermina” компани хамтран коронавирусний мРНК вакцин гарган авах төслийг эхлүүлсэн тухай мэдээлсэн байна.Түүнчлэн Америкийн “Johnson&Johnson” компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Пол Стоффелс шинэ вирусний эсрэг вакциныг гарган авахаар идэвхтэй ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд вакцин нь ойрын хугацаанд бэлэн болж магадгүй байна.Үүнээс гадна Австралийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн эрдэмтэд шинэ коронавирусыг өөрсдөө гаргаж авч чаджээ. Тэд халдварласан хүнээс дээж аваад вирусын амжилттай гаргаж авсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэдний энэ ололт олон улсын лабираториудыг уг вирусийн дэгдэлттэй тэмцэхэд үнэтэй мэдээллээр хангах аж.