1970-аад оны гоо бүсгүй юу даа гэхээр гэрэл зураг хараа булаав. Зураг дээрх бүсгүй бол Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт балетмейстер Б.Жамъяндагвын гэргий З.Дэжээ. Түүнтэй холбогдож түүхийг нь яриулав. Москвагийн Гадаад хэлний дээд сургууль төгссөн, англи, орос хэлний орчуулагч, МҮЭ-ийн төв зөвлөлийн Гадаад харилцааны хэлтсийн даргаар олон жил ажилласан, 1990-ээд оноос хойш нийгмийн хамгааллын салбарт хүчин зүтгэж байсан тэрбээр өдгөө тэтгэвэрт сууж байна. Асуултад минь цааргалах юмгүй хариулсанд талархав.
-Таны зургийг хараад гоо бүсгүй шалгаруулах уралдаанд оролцсон юм болов уу гэж бодлоо. Энэ зургийн түүхийг сонирхуулах уу?
-Би үйлдвэрчний эвлэлийн шугамаар гадаадын улс орнуудад нэлээд зорчдог байлаа. Энэ зургийг 1969 онд Унгар улсад явж байхад авсан бололтой. Ер нь Европын улсуудад явж байхад ази хүн сонирхдог юм уу, “Алив, зургийг тань авъя” гэх тохиолдол олонбайсан. Тэр маягаар авснаа сэтгүүлийн нүүрэнд тавьж л дээ. Тухайн үед би юу ч мэдээгүй. Харин сүүлд Унгараас миний зурагтай сэтгүүлийг энх тайван, найрамдлын байгууллагын шугамаар илгээсэн байсан. Манай ажилтнууд хараад, улмаар нүүрэнд нь юм биччихэж билээ.
-Тийм байна. “Ертөнц тойронд” гэжээ. Бас “Ийнхүү таны зураг дэлхий даяар” ч гэсэн байна.
-Тийм ээ. Социализмын үед нийгэм хаалттай шахам, гадаадад зорчдог хүн цөөн, энэ мэтчилэн өөр орны сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарах бүр ч ховор тохиолдол байсан. Тийм болохоор хэн хүнгүй сонирхож байхгүй юу. Энэ зураг одоо манайд бий. Өвгөн ажлынхаа ширээний шилэн доор олон жил байлгасан юм. Бүр муудчихсан.
-Гадаадын сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиуллаа гэж тэр үед “бангадуулаагүй” юу?
-Үгүй. Хэн ч, юу ч хэлээгүй.
-Та гоо бүсгүй байжээ.
-Залуу насандаа эмэгтэй хүн бүр л гоё байдаг шүү дээ.