Их Британийн эрх баригчид АНУ-ын шахалтыг үл харгалзан “5G” сүлжээндээ “Huawei” компанийг оролцуулахаар болжээ. Гэхдээ зарим хязгаарлалтыг тогтоосон байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой сүлжээний “эмзэг хэсгүүдэд”, тухайлбал цэргийн бааз, цөмийн болон стратегийн чухал объектуудад Хятадын компанийг орохыг хоригложээ. Мөн сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээл дээрх тус компанийн хувь 35% хэтрэхгүй байх ёстой аж. Өмнө нь АНУ хэрвээ Британи “Huawei”-ийн технологийг 5G сүлжээнд нэвтрүүлэх юм бол тагнуулын салбар дахь Нэгдсэн Вант Улстай харилцаагаа дахин нягтлах хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Их Британийн Засгийн газрын мэдээлснээр, Ерөнхий сайд Борис Жонсон дээрх шийдвэрээ тайлбарлахаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярьжээ. Ерөнхий сайд зах зээлийг төрөлжүүлж, цөөн компанийн давамгайллыг зогсоохын тулд ижил байр суурьтай орнууд хамтран ажиллах хэрэгтэй хэмээн үзсэн байна.