Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Палестин-Израилийн зөрчлийг шийдвэрлэх "зууны тохиролцоо" төлөвлөгөөгөө танилцуулав. Тус төлөвлөгөөгөөр Израиль-Палестины зөрчлийг зэрэгцээ хоёр тусгаар улс байгуулах замаар шийдвэрлэх ажээ. Иерусалим нь бүхэлдээ еврейчүүдийн нийслэл болох авч хотын зүүн хэсэгт Палестины нийслэлийг байгуулах боломжтой гэж заасан байна. Ингэхдээ Палестины газар нутаг одоогийнхоос хоёр дахин томорч байгаа бөгөөд нийслэлд нь АНУ элчин сайдаа нээх аж. Үүнээс гадна төлөвлөгөө ёсоор Иордан голын баруун эрэг болон Газын зурвас Палестинчуудад өгөх ч энд бас Израилийн суурьшлын бүсийг зөвшөөрөх ёстой гэнэ. Ингэхдээ “ХАМАС” бүлэг зэвсгээ хурааж, Газын зурвас нутаг цэрэг зэвсэггүй бүс болох юм байна. Ингэснээр ирээдүйн Палестин улс Газын зурвас, Иордан голын баруун эрэг гэсэн хоёр салангид газар нутагтай болж байгаа ба тэдгээрийг туннель болон агаарын замаар холбох боломжтойг төлөвлөгөөнд заажээ. Палестины тусгаар улс байгуулагдах үйл явцыг дуустал буюу дөрвөн жилийн хугацаанд Израиль улс еврей иргэдийг Палестины газар нутагт нэмж суурьшуулах ажлаа зогсоох ёстой гэнэ.
Мөн Ойрх Дорнодын сөргөлдөөн шийдвэрлэгдсэн тохиолдолд Палестин улс АНУ-аас 50 тэрбум долларын тусламж авна гэж тус төлөвлөгөөнд тэмдэглэсэн байна.Трампын уг төлөвлөгөөг Израилийн тал таатай хүлээн авсан бөгөөд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Цагаан ордонд хэлсэн үгэндээ "энх тайвныг тогтоох бодит зам" гэж магтжээ. Харин Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас шуурхай хурал зохион байгуулж, АНУ-ын шинэ төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. “Би Трамп, Нетаньяху нарт Иерусалим зарагдахгүй гэж хэлэх байна. Палестинчуудын эрх наймааны бараа биш бөгөөд худалдагддаггүй. Та нарын тохиролцоо бол хуйвалдаан. Тийм учраас хэрэгжихгүй” гэж түүний хэлснийг Ruetres агентлаг уламжилжээ. 1967 оны Араб-Израилийн дайны дараа Израиль улс палестинчуудын нутаг болох Иордан голын баруун эргийг эзлэн авч, жүүд иргэдийг суурьшуулах болсон юм. Олон улсын хамтын нийгэмлэг Палестин, Израиль хоёр улс зэрэгцэн орших нь Ойрх Дорнодод энх тайван байдал тогтоох гол шийдэл гэж үзсээр ирсэн байдаг. Трампын засаг захиргаа хоёр улс байгуулах шийдлийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бол шинэ төлөвлөгөөндөө анх удаа тусгажээ.