Өнгөрсөн долоо хоногт Турк улсын зүүн нутагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 41 хүрсэн тухай тус улсын Онцгой байдлын агентлаг мэдээлэв. Өнгөрсөн баасан гарагийн орой Элязыг мужид болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт их хэмжээний хохирол авчирсан байна. Үндсэн газар хөдлөлтийн дараагаар 4,0 ба түүнээс дээш хүчтэй 228 ширхэг дагалдах газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлт Туркийн Адана, Хатай, Османие, Тунжели, Газиантеп, Шанлыурфа, Малатья, Мардин, Самсун, Токат, Чорум, Кайсери мужуудад мэдрэгдсэн байна. Гурван өдрийн турш явуулсан эрэн хайх, аврах ажиллагааны үеэр 45 хүнийг аварсны дунд хоёр настай охин байсан гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Мөн эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн хэсэгт оршдог, нурах аюултай 42 барилгыг нураахыг үүрэг болгожээ. Туркийн Засгийн газар эрэн хайх, аврах ажиллагаа дууссан талаар өчигдөр мэдээлсэн байна.