Засгийн газар энэ сарын 26-нд БНХАУ-ын Ухань хот буюу коронавирусийн шинэ халдварын голомтод буй 31 монгол иргэнийг эх оронд нь авчрах шийдвэр гаргасан. Үүний дагуу өчигдөр 11.00 цагт манай улсаас МИАТ компанийн онгоцыг нисгэхээр төлөвлөсөн. Гэвч БНХАУ-аас халдварын голомт руу нэвтрүүлэхгүй гэсний улмаас өчигдөр онгоцоо нисгэж чадсангүй. Манай улсын Засгийн газраас БНХАУ-ын талтай холбоо тогтоож, иргэдээ эх оронд нь авчрах өөр ямар арга байгааг судалж буй талаар эх сурвалж хэллээ. Ухань хотод хөл хорионд орсон нэгэн монгол оюутан “Би сургуулийнхаа дотуур байранд байрлаж, гадагшаа огт гарахгүй байна. Энд байгаа монголчууд ч тус тусын байрандаа хөл хорионд орсон. Хүнс, цэвэр усны нөөц дуусаж буй. Анх хэдэн ширхэг амны хаалт худалдаж авсан. Түүнийгээ л хэрэглэж байна. Мөн зах, худалдааны төв, дэлгүүрүүдийн хүнс ховордлоо. Уханьд амьдарч буй иргэдийг хариуцсан хүмүүс биднийг Монгол руу авч явах талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй. Бусад улс орон иргэдээ авч байгаа. Гадуур өвчлөл ямар байгааг мэдэхгүй ч бүх зүйл хорионд орсон” гэлээ.
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт өчигдөр өглөө гуурсан хоолойн багтраа, уушгины хатгалгаа оноштой хэвтсэн 14 настай хүүхэд нас барж, оношийг тодруулахаар сорьц авч, ХӨСҮТ рүү илгээжээ. Түүнчлэн өчигдөр 20.00 цагт Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өндөр халуурсан хоёр монгол иргэн ирсэн юм. Тэднийг ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан тусгаарлалаа.