Оросын цэргийн хүчин чадлын талаар нууц материал авах гэж байгаад 12-р сард саатуулагдсан Японы иргэний үйлдэлтэй холбогдуулан Японы элчийн сайдын яаманд ОХУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ тухай TASS мэдээлэв. "Москва дахь Японы Элчин сайдын яамны элчин-зөвлөхийг Оросын Гадаад хэргийн яаманд дуудан Японы иргэний хууль бус үйлдэлтэй холбогдуулан эсэргүүцлийн бичиг гардуулав" гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Оросын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Японы иргэнийг 2019 оны 12-р сарын 25-ны өдөр Алс Дорнод дахь Оросын цэргийн чадавхын талаар нууц материалыг олж авах гэж байхад нь Владивостокт баривчилжээ. "Оросын тал саатуулагдсан Японы иргэнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх буруу үйлдлүүдийн тухай албан ёсоор анхааруулаад ОХУ-ын нутаг дэвсгэрийг 72 цагийн дотор орхин гарахыг сануулсан юм. Сэтгүүлчийн визээр Орост байсан Японы иргэн эх орон руугаа буцсан” гэж дипломат байгууллагын эх сурвалж мэдээлжээ.