Үндэсний статистикийн хорооны 2019 оны мэдээллээр Монголд Цагаан сарын баярыг 572 600 гаруй өрх тэмдэглэж, 850 орчим тэрбум төгрөг зарцуулдаг гэжээ. Тэгэхээр нэг айл 1.4 сая гаруй төгрөг зардаг гэсэн үг. Тэгвэл зарим айл өрх Цагаан сарын бэлтгэлд зориулан хэдэн төгрөг зарцуулсан бол. Мөн зарим нь хэдийг төсөвлөсөн болон худалдааны төвүүдэд зохион байгуулж буй үзэсгэлэнгээр хэрэглэгчдэд юу санал болгож байгааг тодрууллаа.
“Мишээл” экспо төвд Цагаан сарын баярт зориулсан өргөтгөсөн худалдаа энэ сарын 24-28-нд болж байна. Хэрэв та зочдодоо 10 000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авахыг хүсвэл доорх барааг авч болохоор юм. Үүнд арьсан гоёлтой түлхүүрийн оосор 1000, даавуун оймс 1500-2000, эмэгтэйчүүдэд зориулсан нүүрний маск зургаан ширхэг нь 5000, хүүхдийн хонины ноосон оймс, бээлий тус бүрийг нь 6000 төгрөгөөр борлуулж байв. Мөн үзэгний жижиг хэмжээтэй сав, автомашины гэрчилгээ, карт хийж болохуйц арьсан хавтас 6000, гэрийн эзэгтэйд зориулсан бэлгийн багц буюу хормогч, бээлий, малгайн хос, нүүр цэвэрлэгч усан болон тосон шингэний багц 7000, хамгийн жижиг хэмжээтэй зэс аяга 9000 төгрөгийн үнэтэй аж. Харин хонины ноосоор хийсэн хүзүүний нимгэн алчуур, хүүхдийн бойтог, том хүний нуруувч, хааш хаашаа 60 орчим см хэмжээтэй, монгол хээ угалзтай, торгон алчуур, үхрийн арьсаар хийсэн, энгэсэгний сав зэргийг 10 000-аар худалдан авч болох юм байна. Жижгэвтэр хэмжээтэй савхин бээлийг хамгийн хямддаа 11 000-аар үнэлжээ. Дээрх төвөөс 10 000 төгрөгөөс хямд үнээр өөр бүтээгдэхүүн худалдан авах бараг боломжгүй байв. Харин Солонгос, Турк, БНХАУ зэрэг улсад үйлдвэрлэсэн эрэгтэй, эмэгтэй цамц, өмд, банзал, шилэн эдлэл зэргийг өргөн сонголттойгоор авч болох юм билээ.
Үндэсний дээл, хувцас, малгай гутлын үнэ энэ жил ямар байгаар сонирхлоо. “Мишээл” төвд эмэгтэй дээл хамгийн хямддаа 180 000, эрчүүдийнх 240 000 орчим төгрөгт багтах аж. Энэ өвөл бүсгүйчүүд дээлэн дээрээ давхарлан өнгө, оёдол ижил төстэй, нимгэн хантааз өмсөх моод дэлгэрснийг оёдолчид хэлэв. Ийм хантаазтай дээлний үнэ 200 000-220 000 төгрөгт хэлбэлзэж байна. Амьтны арьс болон хиймэл үс оруулж, торго, даавуугаар оёж, ширсэн эрэгтэй малгайг 100 000-370 000 төгрөгөөр борлуулж буй бол эмэгтэй хүнийхийг 50 000-200 000-гаар үнэлжээ. ОХУ-ын түүхий эдээр хийсэн хром, монгол загвартай гутлыг 150 000-250 000 төгрөгөөр зарж байв. “Мишээл” экспо төвд зохион байгуулж буй Цагаан сарын үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлж байсан Б.Тунгалаг “Үндэсний үйлдвэрлэгчдийн бараанаас жижиг сажиг юм л авч, хүний гар цайлгахгүй бол гэрийн эсгий болон арьсан шаахай гэхэд 30 000-40 000 төгрөг гэнэ. Дотоодын бараа, бүтээгдэхүүн үнэтэй байна. Зарим дээлний материал муу ч үнэ нь өндөр санагдлаа. Ер нь хүмүүст мөнгө бэлэглэх нь илүү үнэ цэнтэй, өөрт ч хэмнэлттэй байх нь” гэв. Харин тус худалдааны төвд ноосоор хийсэн төрөл бүрийн, бүх насныханд зориулсан хувцас борлуулж байсан үйлдвэрлэгч “Манайх “Мишээл”-д гурав дахь удаагаа үзэсгэлэнд оролцож байна. Энэ удаа гадуур ханиад томуу их байгаа, эсвэл Цагаан сар болоход сарын хугацаа дутуу болоод ч тэр үү худалдан авагч цөөн, худалдан авах чадвар нь ч муу байна. Баяр дөхүүлээд үзэсгэлэн зохион байгуулбал илүү олон хүн ирэх болов уу гэж найдаж сууна” хэмээн ярилаа.
Энэ удаагийн үзэсгэлэнгээр дотоодод үйлдвэрлэсэн уураг, аминдэм, нэмэлт тэжээл зэрэг гоо сайхан, эрүүл мэндэд зориулсан бүтээгдэхүүн өмнөх жилийнхээс илүү олон байгаа нь анзаарагдав. Мөн дорго, тэмээний чөмөгний тос, төрөл бүрийн жимс, ааруулын холимог үрэл, жимсний охь, хушны самар болон маалингаас гаргасан гурил зэрэг бүтээгдэхүүнийг ихээр дэлгэжээ. Гэхдээ эдгээрийн үнэ хямд биш бөгөөд савласан жин нь багавтар аж. Түүнчлэн нэг тавгийн буюу том хүний гарын алгархуу хэмжээгээр хэвлэсэн 25 ширхэг ааруул 220 000, шар тос кг нь 14 000, өрөм кг нь 14 000-16 000 төгрөгийн үнэтэй байв. Хэвийн боов нэг ширхгийг нь 2200-2500 төгрөгөөр үнэлсэн нь өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй дүн гэдгийг борлуулагчид хэлсэн юм. Бас 0.5-5 литрийн хэмжээгээр савласан, шошготой буюу “албан ёсжуулсан” айргийг 5000-30 000 төгрөгөөр борлуулж, иргэд ч амталж үзэн, худалдан авах нь их байв. Эдгээрээс гадна хорооллуудын зам дагуу, гудамжинд Цагаан сарын үеэр хэрэглэхүйц бараа, бүтээгдэхүүнийг олноор дэлгээд буй. Тэдгээрээс аяга, тавагны цуглуулга, цамц, өмд, тавгийн идээ засдаг модон болон төмөр цар, ширээний бүтээлэг зэргийг хамгийн хямдаар буюу 5000-20 000 төгрөгөөр худалдан авч болохоор байна. Хаана үйлдвэрлэснийг нь асуувал Солонгос, БНХАУ гэсэн юм.
Ингэхэд нэг өрх Цагаан сард зориулан хэчнээн төгрөг зарцуулж буй бол. Баянгол дүүргийн XIX хорооны иргэн Б.Намуунтуяа “Манайх таван ам бүлтэй, гэр бүлийн хүн маань 60 орчим настай. Ер нь зочид их ирдэг. Идээ шүүс болгон үхрийн өвчүү тавьдаг бөгөөд 10-аад хоногийн өмнө дундаж хэмжээтэйг нь “Хүчит шонхор” захаас 180 000 төгрөгөөр худалдан авлаа. Мөн бууз хийхээр 25 орчим кг үхрийн мах, хонины хоёр, гурван ширхэг сүүл, 25 кг-аар савласан, нэг шуудай гурил авахад 370 000 орчим төгрөг зарцуулав. Хэвийн боов, чихэр, жимс, сүү, архи, дарс худалдан авах, настнуудтай золгох мөнгө бэлтгэхэд 300 000-400 000 төгрөг шаардагдах болов уу. Цагаан идээгээ намарт орон нутгийн хамаатнуудаасаа үнэгүй авчихдаг тул мөнгө зардаггүй. Бас бид хүүхэд, ач, зээ, ойрын төрөл төрөгсдөдөө аль болох удаан өмсөж, эдлэхүйц бэлэг бэлтгэхийг хичээдэг бөгөөд Бээжин, Гуанжуогаас базаадаг. Үүнд 1.5 сая орчим төгрөг “үржээ”. Ингээд бодоход манайх 2.5 сая гаруй төгрөг зарцуулах тооцоо байна” гэв.