“Ядуурал бол залхуурлын шан” гэсэн мэргэн үг бий. Ажил хийхгүй, залхуурч хэвтвэл орлого олохгүй болж, ядуурна гэсэн санааг Германы зохиолч, эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Гёте ийн хэлжээ. Тэгвэл монголчууд ажил хийвэл ам тостоно гэж ярьдаг. Үнэхээр ч ажил хийхгүй бол амьдрал ахуй нь дээшлэхгүй. Логикийн хувьд ажил хийж л байвал ядуурахгүй нь. Аливаа иргэн нь тогтмол орлоготой байх нь улс оронд маш хэрэгтэй. Мөнөөх иргэн нь хэтэвчиндээ хэдэн төгрөгтэй бол эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулж чадна. Ингэснээр төр, засгийн үүрэх хийгээд шийдэх ачаа хөнгөрөх юм. Ийм тохиолдлыг энгийнээр “Иргэн баян бол улс баян” гэж тодорхойлжээ.
Монгол Улсын ядуурал 2018 оны сүүлчийн дүнгээр 28.4 хувь байна. Манай улс 3.3 сая иргэнтэй. Тэгэхээр гурван хүний нэг нь ядууралд нэрвэгдсэн гэсэн үг. Энэ бол орлогын дүнгээр хэмжиж гаргадаг үзүүлэлт. Орлогоос өөр үзүүлэлт харгалзвал ядуурлын хамрах хүрээ өснө гэж зарим эдийн засагч таамагладаг. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал ядуурлын хамрах хүрээ 1996 онд хүн амын 36 хувийг эзэлж байжээ. Тэгвэл 2014 онд 21 хувь болж буурсан байна. Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлж, эдийн засаг хэдэн жил дараалан өндөр хувиар өссөнөөр ядуурал ийн буурсан хэрэг. Улмаар эдийн засгийн хүндрэл тохиолдсон 2015-2016 онд эргээд өссөн дүр зураг харагддаг.
...Хөгжингүй орнууд төрийн бодлогоо дундаж давхаргаа бэхжүүлэхэд чиглүүлдэг. Дундаж давхаргаа “зузаалах” нь тогтвортой хөгжлийнх нь тулгуур учраас ингэдэг юм. Ийм давхаргынхаа хамрах хүрээг өргөсгөхийн тулд иргэдээ ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлдэг. Ингэхдээ иргэнийхээ орлогыг улам нэмэгдүүлэх ажлын байр бий болгох бодлого баримталдаг аж. Мэдээжийн хэрэг иргэн нь цалин өндөртэй болсны дараа дундаж давхаргынхны эгнээнд шилжинэ...
Сүүлийн 25 жилд манай улсын ядуурлын хэмжээ дунджаар 30 орчим хувь байжээ. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ оны үнээр 1995 онд 651 сая төгрөг байв. Тэгвэл 2018 оны байдлаар 32 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, тавь дахин нэмэгдсэн хэрэг. Эдийн засаг хэд дахин өссөн байхад ядуурлын хамрах хүрээ яагаад хэвэндээ байна вэ. Энэ асуултад “Эдийн засгийн өсөлтөд хүртээмж алга. Нийгмийн дээд давхаргынхны ашиг л өсөөд, харин борчуудын орлого нэмэгдэхгүй байна” гэж улстөрчид хариулдаг. Гэвч хүртээмжтэй өсөлтийн талаар дорвитой судалгаа хийж, дүгнэлт гаргасан зүйл алга. Төрийн бодлого ч ядуурлын шалтгааныг тодорхойлоход чиглэсэнгүй.
Ажилгүйдэл, ядуурал еэвэнгийн хоёр тал шиг хамааралтай зүйл. Ажилтай бол орлоготой байна. Орлоготой бол амьдрал нь дээшилнэ. Харин ажилгүй бол орлогогүй болно. Орлогогүй бол ядуурна. Тэгэхээр ядуурлыг бууруулах хамгийн гол гарц нь ажлын байр бий болгох юм. Монголд ажилгүйдлийн түвшин ямар байна вэ. Эдийн засгийн идэвхтэй хүн амынхаа тоог ажилгүй иргэдийнхтэй харьцуулж, ажилгүйдлийн түвшнийг гаргадаг. Хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийг эдийн засгийн идэвхтэй хүн ам ч гэж нэрлэх нь бий. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар манай улсад эдийн засгийн идэвхтэй 1.15 сая хүн ам байгаа аж. Ажилгүй нийт 126 мянган иргэнтэй гэнэ. Ингэснээр ажилгүйдлийн түвшин 9.9 хувьд хүрсэн байна.
Статистик харвал сонирхолтой дүр зураг харагдана. Манай улсын ажилгүйдлийн түвшин 2000 онд 4.6 хувь байжээ. Тэгвэл 2008 онд 2.8 хувь болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн амынх нь 2.8 хувь нь л ажилгүй байсан гэсэн үг. Дэлхийн эдийн засгийн хямрал 2009 онд тохиосон. Тухайн жил манай улсын эдийн засаг 1.6 хувиар агшсан юм. Ажлын байрны голыг бүрдүүлж байсан барилга, худалдааны салбарын олон ажилчин цомхотголд өртсөн. Хямралын жил ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрч огцом нэмэгдсэн. Энэ бол сүүлийн 30 жилийн хамгийн дээд үзүүлэлт. Улсын эдийн засаг 2010 оноос сэргэсэн. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засаг дунджаар 6-7 хувиар өсөж буй. Гэвч ажилгүйдлийн түвшин төдийлөн буурахгүй байна. Энэ үзүүлэлт 2015 онд 7.5 хувьд хүрсэн нь огцом дээшилснээсээ хойших хамгийн “өндөр” бууралт юм. 2020 онд эдийн засаг 6-7 хувиар өсөх төлөвтэй. Гэвч ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар нэмэгдсэн нь анхаарал татах үзүүлэлт байгаа биз.
Дээр эдийн засаг өссөөр байхад ядуурал буурахгүй байгааг дурдсан. Эдийн засаг өссөн ч ажилгүйдлийн түвшин төдийлөн багасахгүй байгааг дээрх баримтууд мөн харуулж байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлт ажлын байр шинээр бий болгохгүй байна гэсэн үг үү. Үүнийг “оношилсон” тодорхой судалгаа алга. Ажлын байр маш цөөн бий болж, ажилгүйдлийн түвшин буурахад нөлөөлөхгүй байна уу. Шинэ ажлын байр бий боллоо ч хүмүүс сонирхохгүй байна уу, эсвэл хүн амын өсөлт ажилгүйдлийн түвшнийг нэмж байна уу. Төр, засаг ийм асуултад хариулахыг оролдох хэрэгтэй болов уу. Төрийн албанд өдгөө 193 мянган хүн ажиллаж байгаа. Төрийн албан хаагчдын тоо 2008 онд 144 мянга байжээ. Тэгэхээр төр, засаг өнгөрсөн хугацаанд 50 мянган ажлын байр шинээр бий болгосон гэсэн үг. Хувийн хэвшлийнхэн ч шинэ ажлын байр олныг бий болгосон нь дамжиггүй. Гэхдээ иргэд түүнийг нь сонирхож байгаа, эсэх нь асуудалтай. Хувийн хэвшлийнхэн “Ажил хийх хүн олдохгүй” байна гэж ярих болсон. Монголчууд мөнгө тараахыг хүлээдэг бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон хэрэг үү, бүү мэд.
Ажилгүй иргэд олон учраас ядуурал буурахгүй байна гэж дүгнэхэд хилсдэхгүй. Ядуурлыг бууруулахын тулд ажилгүй иргэдээ ажлын байраар хангах нь чухал. Гэвч манай төр, засгаас ажлын байрыг нэмэгдүүлэх талаар дорвитой бодлого хэрэгжүүлсэнгүй. Нийгэм, эдийн засгийн суурь болдог энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй явсаар байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулсан нь үйлдвэрлэлийг хямд санхүүжилтээр дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого юм. Гэвч УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийнхаа хөрөнгийг хувааж аваад хэрэглэчихээр яаж ч ажлын байр бий болох билээ. Төр, засгийн ажлын байр бий болгоход хандаж буй хандлагын нэг сөрөг жишээ нь энэ. Төр нэг талаас хувийн хэвшлийг дэмжиж, ажлын байр олныг бий болгох замыг нь бодлогоор засах ёстой. Нөгөө талаас боловсролын салбараараа дамжуулан хэрэгцээтэй мэргэжилтнийг бэлтгэж өгөх учиртай юм. Даанч манай төрд одоогоор ийм алсыг харсан бодлого алга. Ядууралтай “дайн зарласан” төрийн өндөрлөг манайд бий л дээ. Гэвч “зарласан дайн” нь нэр хүндээ л өсгөх гэсэн лоозон байсан нь гачлантай.
Хөгжингүй орнууд төрийн бодлогоо дундаж давхаргаа бэхжүүлэхэд чиглүүлдэг. Дундаж давхаргаа “зузаалах” нь тогтвортой хөгжлийнх нь тулгуур учраас ингэдэг юм. Ийм давхаргынхаа хамрах хүрээг өргөсгөхийн тулд иргэдээ ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлдэг. Ингэхдээ иргэнийхээ орлогыг улам нэмэгдүүлэх ажлын байр бий болгох бодлого баримталдаг аж. Мэдээжийн хэрэг иргэн нь цалин өндөртэй болсны дараа дундаж давхаргынхны эгнээнд шилжинэ. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд АНУ-ын ажилгүйдлийн индекс хамгийн ихээр нөлөөлдөг. АНУ-д ажилгүйдэл нэмэгдсэн тохиолдолд дэлхийн зах зээлд үнэт цаас, түүхий эдийн ханш унадаг юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орны нэг хүн ажилтай байх, эсэх нь бидний амьдралд нөлөөлдөг аж. Монгол Улсын нэг иргэн ажилтай болох, эсэх нь бусдад ямар ч нөлөөгүй байх. Гэвч дотоодын эдийн засагт нөлөөтэй нь дамжиггүй. Ядуурал, ажилгүйдлийн хамаарал эдийн засгийн хамгийн суурь нөхцөл гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй.