Өчигдөр буюу Пүрэв гарагт /2020.01.23/ Европын парламентын үндсэн хуулийн хэрэг эрхэлсэн хороо шуурхай хуралдан Их Британийг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гаргах тухай хэлцлийг дэмжжээ. Баримт бичгийг тус хорооны 23 гишүүн дэмжиж 3 нь эсэргүүцсэн байна. “Европын парламент энэ сарын 29-нд чуулах нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулсны дараа ЕХ Brext- ийн баримт бичгийг соёрхон баталснаар дуусгавар болгоно. Ингэснээр Их Британид 1-р сарын 31-нд Европын Холбооноос гарах боломж олгоно” гэж Европын парламентын Үндсэн хуулийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Антонио Таяни тэмдэглэжээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Британийн хатан хаан II Элизабет Brext-ийн хуулийн төсөлд гарын үсэг зурсанаар уг баримт бичигт хуулийн статус олгожээ.