Зөрчлийн тухай хуулийг амьдралд хэрэгжүүлээд гурван жилийн нүүр үзэж буй. Гэвч иргэдийн олонх нь эл хуулийг зөрчилтэй хэмээн эсэргүүцэх болсон. Зөрчил арилгах бус, гэмт хэргийг өөгшүүлж, хууль бус үйлдлийг далд хэлбэрт оруулсан гэж зарим иргэд үздэг. Бас толгойтой болгоныг торгож, төсвийн орлогыг бүрдүүлэх зорилготой хууль ч хэмээдэг. Олны шүүмжлэл Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шахаж байна. Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан дээрх хуулийг дахин судлахаар болсон юм. Энэ талаар дараах хоёр хүн байр сууриа илэрхийллээ.
Б.Батзориг: Нийгмийн бүх харилцааг хуулиар зохицуулах боломжгүй
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг Зөрчлийн тухай хуулийг ийн зөвтгөв.
-Зөрчлийн тухай хууль өөрөө зөрчилтэй гэж иргэд шүүмжилдэг. Үүнд хариулт өгнө үү?
-Санал нэг байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүний санаачилгаар Зөрчлийн тухай хуулийг боловсронгуй болгохоор хуульчид ажиллаж байна. Учир нь гэмт хэргийг зөрчил болгосон, захиргааны журмаар шийдэх маргааныг хуульчилсан зэрэг асуудал бий. Бүр хууль нь батлагдаж магадгүй гэх мэт ирээдүй цаг дээр бичигдсэн зөрчил байна. Тиймээс боловсронгүй болгох шаардлага гарсан.
-Зарим судлаач Зөрчлийн тухай хууль нь дэлхийд байхгүй эрх зүйн баримт бичиг гэх юм. Шүүмжлэл бодитой юу?
-Хуулсан гэж шүүмжлээгүй нь яамай даа. Монголын эрх зүйн орчин талаасаа, эсвэл сурч төгссөн улс орныхоо эрх зүйн онцлогт үндэслээд хайлт хийвэл олдохгүй л дээ. Учир нь улс орон бүрийн хууль зөрчсөн хүмүүс, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагын тогтолцоо, нэршил өөр. Мэддэг ганц хоёр гадаад үгээр хайхаар яаж олдох вэ дээ.
-Зөрчлийн тухай хууль төсвийн орлогыг бүрдүүлэх зорилготой гэх шүүмжлэлд ямар хариулт өгөх вэ?
-Эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн этгээдэд торгууль ногдуулдаг. Тэр нь улсын төсөвт л төвлөрнө. Өөр байдлаар төвлөрүүлбэл гэмт хэрэг болно. Нэгэнт улсад мөнгө орж байгаа болохоор төсөвт тусгахаас өөр аргагүй. Төсөв бүрдэхгүй болохоор торгууль ногдуулахаар гаргадаг, төсөвт их торгууль оруулсан хүнийг байраар шагнадаг гэх хуучин тогтолцоог өөрчлөхийн тулд Зөрчлийн тухай хууль, тогтоомж гарсан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар торгуулийн орлогын 40-өөс доошгүй хувийг хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулна. Ингэхээр төр хүнээ шийтгэх бус, шийтгүүлэхээс урьдчилан сэргийлэхэд зарцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, торгуулах, хууль зөрчих нөхцөл арилах юм. Тэр хэмжээгээр бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Жишээ нь, хүнсний аюулгүй байдал зөрчсөн гэж их торгодог нь бид тэр хэмжээгээр чанаргүй хүнс хэрэглэж байна гэсэн үг.
-Зөрчлийн торгуулийн хэмжээ өндөр гэдэг.
-Хууль, дүрэм, стандартаа мөрддөг бол хэн ч таныг торгохгүй. Манай зарим бизнес эрхлэгч бизнестээ анхаарч, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явж буй, эсэхийг төдийлөн тоодоггүй. Зөрчлийн тухай хууль батлахаас өмнө танил тал, өөр бусад аргаар үүнийгээ зохицуулдаг байсан. Одоо өмнөх аргаа хэрэглэх гэхээр хүндрэл учирч байгаа болов уу. Хяналтын тогтолцоо сайжирч, “Юун олон юм ярьдаг юм” гэдэг прокурорын хяналтад ороод ирэхээр шалгалтын дүнд хэн дуртай нь нөлөөлөх боломжгүй болсон. Гэхдээ сайжруулж боловсронгуй болгох зүйл уг хуульд бий. Торгууль чанга байгаа нь сануулж, шалган зааварлах төрийн хяналт хангалтгүйтэй холбоотой. Хөнгөн зөрчил, хүнд зөрчил хоёрыг нэг заалтад хамруулаад торгодог нь асуудал үүсгэсэн. Хууль санаачлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос торгож шийтгэхээс өмнө сануулдаг байдлаар хуульд өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Судлаачийн хувьд зөв гэж үздэг. Гэхдээ сануулахдаа шийтгэлийн оновчтой тогтолцоо бүрдүүлэхгүй бол авлигын сүлжээ бий болгох эрсдэлтэй.
-Бичил бизнес эрхлэгчдэд ч Зөрчлийн тухай хууль хатуу, шударга бус гэж шүүмжилдэг шүү дээ.
-Энэ Зөрчлийн тухай хуулийн асуудал биш. Уг хуулиар салбарын бусад хууль тогтоомжийг хамгаалах үүрэгтэй. Харин салбарын харилцааг зохицуулдаггүй. ТҮЦ эрхлэгчдэд торгууль хүнд тусаж байгаа нь үнэн. Ямар ч үйл ажиллагаа явуулахад дүрэм, журам, стандарттай. Түүнийг зөрчвөл хүн хордох, чанаргүй барилга барих сөрөг үр дагавартай. Үр дагавар ноцтой түвшинд хүрч, хүн үхэж, барилга нурж, амьтан олноороо эндэхээс сэргийлж, гэмт этгээдэд хариуцлага тооцдог. Бизнесийн орчинд тавигдах шаардлагыг том үйлдвэрт нийцүүлж хийсэн тул жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүнд тусах нь ойлгомжтой. Тиймээс зарим стандарт дүрэм, журмаа сайжруулахгүй бол Зөрчлийн тухай хууль хүчтэй ажилласаар л байх болно. Судлаад байхад хуулийн аль нэг хэсэгтээ “цоорхойтой”, стандарт, дүрэм, журам нь булхайтай салбарт л Зөрчлийн тухай хууль хүчтэй үйлчлээд буй. Гэхдээ Зөрчлийн тухай хууль багахан зөрчил гаргасан этгээдэд үйлчилдэг. Харин гэмт хэрэг, авлигад Эрүүгийн хууль үйлчилдэг. Энэ хоёрыг харьцуулахаар шударга бус мэт ойлголт төрж магадгүй.
-Улсын байцаагч нар Зөрчлийн хууль гарснаас хойш ажил хийхэд хүндрэлтэй болсон гээд байгаа. Яагаад вэ?
-Шинэ орчин бүрдсэн тул хүндрэл гарна. Гэхдээ хүнээ шийтгэхэд анхаарал хандуулсан нь дээр үү. Хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах уу. Хүний эрхэд дураараа бус, прокурорын зөвшөөрлөөр хязгаарлалт тогтоох нь хүндрэл биш. Торгочихоод баримтаа нөхөн бүрдүүлээд өгөх бус, нотлох баримтаа бүрдүүлчихээд торгож шийтгэх ёстой. Ажлын ачаалал, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо гээд төрийнхөнд учирдаг бүх бэрхшээл энд байна. Гэхдээ төрийн албан хаагч өөртөө амар хялбар, аргаар иргэнийг торгож шийтгэхгүй гэсэн зарчмын үүднээс хууль боловсруулсан гэж үздэг.
-Иргэний үйлдэл бүрийг зөрчил гэж торгож байгаа нь хэтэрхий харгис биш үү?
-Нийгмийн бүх харилцааг хуулиар зохицуулах боломжгүй. Хүмүүсийн хоорондын харилцааг ёс зүй, зан заншил, шашны хэм хэмжээгээр зохицуулж болдог. Бид илүү нийгэмшиж, даяаршихын хэрээр хууль, дүрэм, журмын зохицуулалт шаардаж, үүссэн маргааныг янз бүрээр шийдвэрлэдэг. Тухайлбал, хөдөлмөрийн, иргэний, захиргааны, зөрчлийн, эрүүгийн гэх мэт. Салбар хууль батлахдаа хориглосон, үүрэг болгосон заалт орсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд тусгадаг. Салбар хуульд бичигдээгүй бол зөрчил болохгүй. Хууль боловсруулахдаа хамгийн амар арга болох хориглох, үүрэг болгох, зөрчвөл хариуцлага хүлээлгэхийг түлхүү хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, боломжийг бий болгох бус, хааж боодог гэсэн үг. Тухайлбал, хүүхдэд орой бүр үлгэр уншиж өгөх үүрэгтэй, эсвэл эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд сүүн бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглоно гэж салбар хуульд оруулсан байсан. Бодвол цаанаа нарийн учир байдаг л байх. Нэгэнт үүрэг болгосон бол хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхгүй бол албадах ёстой. Тэр нь Зөрчлийн тухай хууль. Тэгэхээр үлгэр уншиж өгөөгүй бүхнийг торгох уу, боломжтой юу. Хөдөөнөөс саванд айраг, сүү хийгээд машиныхаа ард тавиад явж байгаа бүхнийг торгох уу. Таны хэлдэгээр иргэний үйлдэл болгонд хариуцлага хүлээлгэдэг болохгүйн тулд салбарын хуулиараа хориглохоос өөр арга ашигла. Үлгэр уншуулах өөр арга бодож ол гэсэн үг. Заавал уншуулах асуудлыг хуульд тусгаж яах гэсэн юм бол. Мэдэх юм алга, салбарын судлаач биш болохоор.
Х.Бат-Ялалт: Үйлдэл бүрийг зөрчил хэмээн хавтгайруулан торгох нь буруу
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Зөрчлийн тухай хуулийг зөрчилтэй гэж үзэж буй.
-Та Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтэд шүүмжлэлтэй ханддаг. Яагаад вэ. Бид зөрчил гаргахгүй амьдрах ёстой шүү дээ.
-Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалдгийн хувьд Зөрчлийн тухай хуульд зөрчил байгааг хэлье. Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийг хамтад нь ойлгох ёстой. Хор хөнөөлөөрөө нийгэмд илүү их аюултай үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар ял шийтгэл оноодог. Зөрчлийн тухай хуулийн дагуу хор хохирол багатай үйлдэлд хариуцлага тооцдог. Энэ хоёрын ялгаа бол хор хохирлын хэмжээ, оноож буй ял шийтгэл, хувь хүний ирээдүйд нөлөөлөх ял шийтгэлтэй, эсэх бүртгэл юм. Хариуцлагын хуулиуд мэдээж маш чанга байх ёстой. Нийгмийн харилцаануудыг хамгаалдаг учраас тэр. Гэхдээ оноож буй шийтгэл оновчтой байх ёстой. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын тогтолцоо оновчгүй учраас иргэд бухимддаг. Ял шийтгэлийн хариуцлагын бодлого нь хүн хүнд тэгш хандахгүй байна.
-Зөрчил гаргаад байгаа учраас торгоно. Яагаад бухимдана гэж?
-Ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг бүхнээс зөрчил үүсэж байна. Энэ нь цаашлаад гэмт хэрэг үйлдэх үндсэн шалтгаан болж буй. Яагаад гэж үү. Өнгөрсөн 28 жилд төр бодлогын том алдаа гаргасан. Нийгмийн баялгийг тэгш бус хуваарилснаас үүдэн нийгмийн цөөн хэсэг нь хөрөнгөжиж хууль үйлчлэхээ больчихлоо. Нөгөө талд олонх нь дундаж, доод давхарга руу шилжчихлээ. Үүнээс шалтгаалан гэмт хэрэг, зөрчил гараад байна шүү дээ. Дундаж, доод давхаргынхан өнөөдөр нэг нэгнийхээ эрхийг бүдүүлгээр зөрчиж, харгис хэрцгий авирлан, архидан согтуурч байна. Тиймээс төр нийгмийн эмх замбараагүй байдлыг зөрчилтэй хууль баталж, улмаар шийтгэж, торгож зохицуулахаас илүүтэй хүмүүсийн аж амьдрал, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн таатай нөхцөл бүрдүүлэх ёстой.
-Яагаад зөрчил гаргаад байгаа шалтгааныг та судалсан уу?
-Зөрчлийн тухай хуулийг батлахаас урьтаж зөрчил үйлдээд байгаа шалтгааныг судлах ёстой байсан. Хүмүүс яагаад зөрчил гаргаад байна вэ. Яагаад энэ нь хэвийн үзэгдэл болов. Хууль боловсруулагчид үүнийгээ судлаагүй. Худалдаа, наймаа эрхэлж байгаа хүмүүст Зөрчлийн тухай хууль маш хүнд тусдаг. Жишээ нь, ил задгай худалдаа хийсэн иргэнийг торгодог. Шууд л “Чи гудамжинд юм зарсан байна” гээд шийтгэдэг нь буруу. Таксины жолоочийг ч хууль бусаар тээвэр хийсэн хэмээн хууль зөрчигч болгодог. Хуульд торгох бүрэн үндэс бий. Гэтэл жолооч нар аргагүйдээ, амьдрахын эрхээр л халтуур хийж байгаа шүү дээ. Зөрчлийн тухай хуулиар дээрх мэт амьдрахаар тэмцэж яваа хүмүүсийг хавтгайруулан шийтгэж болохгүй. Үүнд л хүмүүс дургүйцээд байна.
-Зөрчлийн тухай хуульд оруулах таны санал юу вэ?
-Төр зохицуулах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Жишээ нь, өнөөдрийн нийгэмд тохирсон бодлого баримаар байна. Автомашинтай иргэдийг техникийн үзлэгт орох, тодорхой татвар төлөх, бүртгэл хийлгэх эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох хэрэгтэй. Дараа нь такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өгмөөр байгаа юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих үед бид “Дэнжийн 1000”-ын зах руу яаж явдаг байсныг зарим хүн мартаагүй байх. Тээврийн хэрэгслийг оноор ялгах нь битгий хэл “УАЗ-69” машины хойд талын хэсэг буюу хонины хонхорт суудал засчихаад хүмүүсийг чихэж явдаг байлаа. Тэр үед нийтийн тээвэрт стандарт, ямар нэг нөхцөл шаардаж байгаагүй. Өнөөдөр нөхцөлөө бүрдүүлсэн гэдэгч иргэд хувийн техник хэрэгслээрээ амьжиргаагаа залгуулах боломж хомс байна. Зөрчлийн тухай хуулиар хүмүүсийн амьдрах хүслийг мохоож торгох шаардлагагүй. Үүнийхээ оронд тухайн хүнийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлээсэй. Бага хүүтэй зээл олгож, машинаа засах, сайжруулах боломж олгоосой. Зөрчлийн тухай хууль батлаад тэдээс төдөн оны машиныг ингэнэ, нийтийн тээвэрт явуулахгүй, явсан бол торгоно, шийтгэнэ, баривчилна гээд байгаа нь дахин хэлэхэд ард түмнийг бухимдуулж буй. Хориглож, шийтгэх шийдэл нь цаг үетэйгээ, бодит амьдралтай нийцэхгүй байна. Зах зээлийн шаардлагаар аливаа үйлчилгээ цаг үетэйгээ уялдаж хөгждөг. Түүнээс биш төр шууд оролцож, ямар ч тооцоо судалгаагүйгээр бизнест халдаж болдоггүйг дээрх жишээнүүд харуулж буй.
-Таны бодлоор Зөрчлийн тухай хууль огт хэрэггүй юү?
-Энэ хуулийг огт үгүйсгэж болохгүй. Байх ёстой. Нийгмийн харилцаанд оролцогч нөгөө харилцагчийнхаа эрхийг зөрчихгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх, биеэ зөв авч явахаас өгсүүлээд хувь хүний хариуцлагын асуудлыг энэ хуулиар зохицуулна. Өмнө нь ч Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэгжүүлж байсан. Гэвч Зөрчлийн тухай хууль хүний эрхийг зөрчөөд байна. Дахиад жишээ хэлье. ТҮЦ ажиллуулдаг иргэн олон. Гэтэл Зөрчлийн тухай хууль баталснаар ТҮЦ-үүдэд зөвшөөрөл олгохоо больчихсон. Тийм атлаа хотын төвийн 13 гудамжинд ТҮЦ ажиллуулж болохгүй. Гэр хороололд ажиллуулж болно гэх шийдвэр гаргачихсан. Энэ бол төрийн алдаатай шийдвэр. Зарим бэлэн хүнс төвийн ТҮЦ-т тавихаар хор, гэр хорооллынход хоол болдог байж болохгүй, энэ мэтчилэн судалгаагүй шийдвэрээс болж хүмүүсийн тэгш эрх хангагдахгүй байна. Угаас энэ хууль зөрчилтэй учраас хэрэгжүүлж буй алба хаагч, иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа юм.
-Зөрчлийн тухай хуулийн зорилго төсвийн орлогыг бүрдүүлдэг гэдэгтэй та санал нэгддэг юм билээ.
-Төр нөхцөлөө бүрдүүлчихээд шаардлага тавих хэрэгтэй. Нэгдүгээр эгнээнд машин тавилаа гэх юм. Тэгвэл барилга, орон сууц барьж байгаа хүмүүстээ машин байршуулах хангалттай зогсоол байгуулахыг даалга л даа. Бизнес эрхлэгчид 300 айлын орон сууц барьчихаад гаднаа 30 машины зогсоолтой байдаг. Тийм байтал аргагүйн эрхэнд машинаа гудамжинд тавьсан иргэнийг зөрчил гаргасан хэмээн торгодог нь утгагүй. Төр таатай нөхцөл бүрдүүлээгүй хэрнээ иргэнээ хууль биелүүл гэж шаардах нь зүйд нийцэхгүй. Энэ бол төрийн бодлогын алдаа. Үндсэн хууль зөрчиж буй хэрэг. Хэн нэг иргэн шударгаар хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөөрөө автомашинавч, түүнийгээ амьдралын эх үүсвэр болгож, хүн тээвэрлэж болохгүй юу. Төр засаг нь үүнийг боомилоод Зөрчлийн тухай хуулиар торгоод байна. Ингэхээр төсвөө бүрдүүллээ хэмээн хардахгүй яах юм. Зөвхөн ТҮЦ эрхлэгчдийг торгоод зургаан сарын хугацаанд 460 сая төгрөгийн орлого олж байна. Өвдсөн хүүхдээ эмчид яаралтай үзүүлэхээр сандарч яваа аав, ээж нэгдүгээр эгнээнд машинаа байршуулаад эмнэлэг рүү орж болно шүү дээ. Тэр тохиолдолд зогсоолгүй газар эмнэлэг ажиллуулсан удирдлагыг нь шийтгэх үү. Зогсоолгүй эмнэлэгт зөвшөөрөл өгсөн салбарын яамыг буруутгах уу. Хүүхдээ тэврээд орсон эцэг, эхийг торгох уу. Эдийн засгийн асуулгаар нь харахад ийм зүйл ажиглагдаж байна. Төрөөс таатай нөхцөлийг хангаагүй байж торгууль шийтгэл оноож байгаа нь өөрөө зөрчил юм.