Хөрсний бохирдлоос сэргийлэх, байгаль орчноо хамгаалахын тулд дэлхий нийт нүхэн жорлонгоос татгалзаж байна. Манай улс ч ийм жишигт шилжихийг оролдож, иргэдийн ухамсар, хандлага ч өөрчлөгдөн, байгальдаа аль болох хор хохирол учруулахгүй амьдрахыг эрмэлздэг болсон. Гэсэн ч бид нүхэн жорлонгоосоо татгалзаж хараахан чадаагүй л байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Нүхэн жорлонг орлох зүйл үгүй бол уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй.
Жорлон нь зөвхөн ялгадас агуулах, эсвэл дамжин өнгөрүүлэх “бааз” бус, хүлээн аваад, боловсруулж, бордоо болгох технологи өдгөө дэлхий дахинд моодонд оржээ. Үүний давлагаа нь ч Монголыг “дайрав”. Жорлонгийн “хувьсгал” хийхээр түүчээлж буй “Жорлонгоо өөрчилье” төслийнхөн Монголын нөхцөлд тохирсон “Биолан” хэмээх хуурай, эко жорлонг гэр хорооллын иргэдэд санал болголоо. Овор хэмжээ нь авсаархан эл жорлон ялгадсыг хуурайшуулан хадгалдаг, ус, цахилгаан зарцуулдаггүй гэдгээрээ онцлог. “Биолан” нь өтгөн, шингэнийг ялгаж, хадгалдаг. Шингэнийг тусгай саванд юүлдэг. Өтгөнийг нь био буюу байгальд ээлтэй, богино хугацаанд уусдаг тусгай уутанд хуримтлуулан, хатаадаг. Манайхтай төстэй хүйтэн сэрүүн уур амьсгалтай Финланд улсад зохион бүтээсэн, суултуур нь стандарт хэмжээтэй, өвөл хайрахгүй, хөлдөхгүй материалаар хийсэн зэрэг олон давуу талтай аж. Монголын нөхцөлд шингэн ялгадасны хорыг саармагжуулж, хашааныхаа мод, зүлгийг усалж болох гэнэ. Харин уутанд хуримтлагдсан өтгөнийг ил задгай орхиж болохгүй бөгөөд хөдөө газарт, тусгай талбайд булж, зориулалтын аргаар бордоо болгох нь. Улаанбаатарт “TJN recycling” компанийнхан цуглуулах үйлчилгээг хариуцдаг юм байна.
Дотоодын эрдэмтэд ч үүнд анхаарчээ. Тухайлбал, “Монгол коосэн” технологийн коллежийн багш, оюутнууд хамтран ус хэрэглэдэггүй, бохирын шугамд холбох шаардлагагүй хуурай жорлон зохион бүтээжээ. Мөн ШУТИС-ийн Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж эко жорлонгийн олон шийдэл гаргаж, заримыг нь үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүний санаачилсан онцлог бүтээл нь бордооны “авдар”. Энэ нь мөн л хуурай жорлонгийн нэг хэлбэр бөгөөд “Биолан” шиг ус, цахилгаан хэрэглэдэггүй, өтгөн, шингэнийг ялган боловсруулдаг аж. Шингэн ялгадсыг агааргүй орчинд 10-15 хоног “дарж”, бордоо болгодог. Өтгөнийг нь үнс, үртэс, өтөг бууцтай холин, мөн л бордоо болгодог технологитой юм байна.
Үүнээс гадна хотын гудамж, гэр хороолол, амралт, сувиллын газрууд, нийтийг хамарсан шоу зэрэгт ашиглаж болох био, эко жорлон импортолдог цөөнгүй аж ахуйн нэгж манайд үйл ажиллагаа явуулдаг болжээ. Тэдгээр аж ахуйн нэгж голдуу ус ашиглах шаардлагагүй, модны үртэс, малын өтгөөр ялгадсыг “дэмжиж”, бордоо болгодог жорлон импортолдог гэнэ. Цахилгаанаар ажиллаж, ялгадсыг богино хугацаанд боловсруулж, хатаадаг, эсвэл хоргүй болгодог жорлонгууд ч байна. Нэг асуудал нь нэлээд өндөр үнэтэй. Чанартай, олон үйлдэлтэйг нь авъя гэвэл 800 000 төгрөгөөс дээш өртөг шаардах аж. Энэ нь гэр хорооллын айл бүр био жорлонтой болж чаддаггүй гол шалтгаан биз ээ. Харин дотоодод үйлдвэрлэсэн жорлонгуудын өртөг харьцангуй хямд юм билээ.
Бэлтгэсэн: М.Оч