Газар тариалангийн хуучин эдэлбэр газар болон их хэмжээний талд мод суулгаж, тэдгээр нь ургаж эхэлснээс хойш хэдэн арван жилийн дараа ойролцоох, гол, мөрний ус татрахад хүргэж болзошгүй гэсэн дүгнэлтийг Британийн уур амьсгал судлаачид хийснийг “Global change biology” сэтгүүл уламжилжээ. “Ой модыг сэргээх нь дэлхийн дулааралтай тэмцэх гол аргуудын нэг. Гэхдээ мод суулгах газраа сайн судлах хэрэгтэй. Манай гаргийн зарим газарт мод суулгасан нь усны хүрэлцээнд сөргөөр нөлөөлжээ” гэж эрдэмтэд бичсэн байна.
Экологич, уур амьсгал судлаачдын үзэж буйгаар зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр мод тайрдаг нь манай гаргийн байгаль орчин, цаг агаарт тулгамдсан гол асуудлуудын нэг хэвээр байна. НАСА-гийн хиймэл дагуулын мэдээллээс үзвэл, сүүлийн 10 жилд мод огтлох явц 62 хувиар нэмэгдсэн нь ажиглалт хийсэн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт аж.
Ой устсанаар нүүрсхүчлийн их хэмжээний хийг шингээдэг мод үгүй болох төдийгүй тухайн бүс нутгийн болон дэлхийн уур амьсгалд нөлөөлөх хэмжээний өөрчлөлт гарахад хүргэдэг. Тухайлбал, ой мод нь хөрсний ус ууршихаас сэргийлж, газрыг хөргөж, цэнхэр гаргийн агаар мандлыг сэрүүсгэх хий үүсгэж, сансарт гарах гэрэл, дулааныг хугасладаг.
Өмнөд мөсөн далайгаар бусад тивийн эдэлбэр байсан 43 газар, тал нутагт мод суулгаснаас 20, 30 жилийн дараа усны тэнцвэрт байдал нь эрс өөрчлөгдөж, ширгэсэн тохиолдол гарсныг Британийн Кэмбрижийн их сургуулийн судлаач Лора Бентли, Дэвид Кумс нар судалгаагаар нотолжээ. Мод суулгаснаас хойших эхний таван жилд гол, мөрний ус 25, дараагийн жилүүдэд 40 хувиар багасаж, зарим тохиолдолд ширгэснийг тэдний судалгаанаас харж болох гэнэ. Эл үйл явц хүний гар хүрээгүй газарт илүү хурдацтай явагддаг аж.
Ташрамд дурдахад, ой модыг сэргээх нь манай гаргийн бүс нутгуудад харилцан адилгүй нөлөөлдөг. Жишээлбэл, Европ тивд эергээр нөлөөлсөн бол Австрали, Өмнөд Африкт ган гачиг газар авч, тухайн бүс нутгийн ургамал, амьтны амьдралд саад болсон гэнэ. Тиймээс нөхөн сэргээх ажлыг судалгаанд үндэслэж хийх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна.