Дэлхийн хамгийн баян хүн болох Амазон компанийн тэргүүн Жэфф Безосын гар утас руу Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд WhatsApp чатаар вирустэй мэдээлэл илгээснээр Безосын хувийн мэдээлэл алдагдсан тухай The Guardian сонин мэдээлэв. Тус хэвлэлд бичсэнээр 2018 оны 5 сард дээр хоёр саятан хоорондоо WhatsApp мессэнжэрээр харилцах үед ханхүүгээс учир битүүлэг видео бичлэгүүд Безосын гар утсанд иржээ. Үүний дараа эх сурвалжийн мэдээлснээр бизнесмений гаджетаас маш олон тооны файл татаж авсан болохыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд тогтоосон байна. Безосын утас руу Саудын Арабын талд ажилладаг хакерууд нэвтэрсэн тухай түүний хувийн зөвлөх Гэвин де Бекер өнгөрсөн оны 3-р сард мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Саудын Арабын эрх баригчид Безосийн эзэмшдэг "Вашингтон Пост" сонинд сэтгүүлч Жамал Хашкужийн аллагын талаар идэвхтэй мэдээлэлж эхэлсний дараа түүнд хор хөнөөл учруулахыг хүсэх болжээ. Үүнээс гадна Безос өнгөрсөн оны эхээр олон жил хамт амьдарсан эхнэр Маккензи Безосоос салж байгаагаа зарласан. Тун удалгүй АНУ-ын National Enquirer сэтгүүл Безосын нүцгэн зураг, гэр бүлээс гадуур харилцааны тухай мэдээллийг ил болгохоор сүрдүүлсэн нь тодорхой болсон юм. Хувийн мэдээллийг нь олж авах ажлыг Саудын Арабын тусгай албад зохион байгуулж, дараа нь уг мэдээллээ National Enquirer сэтгүүлд өгсөн байх магадлалтай гэж Гэвин де Бекер мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа мэдэгдэж байжээ.