АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг алсан хүнд гурван сая долларын шагнал өгнө гэж Ираны парламентын гишүүн Ахмад Хамза зарлажээ. Энэ тухай ISNA агентлаг мэдээлэв. Эл уриалгыг 1-р сарын 3-нд алагдсан Ираны генерал Кассем Сулейманигийн төрсөн нутаг Керман мужийн оршин суугчдын нэрийн өмнөөс хийж буйгаа парламентын гишүүн тэмдэглэсэн байна. "Керман мужийн ард иргэдийн өмнөөс бид Трампыг алж, толгойг нь авчирсан хүнд гурван сая доллар бэлнээр өгнө" гэж Ахмад Хамза хэлсэн байна. Энэ сарын 6-ны өдөр Ираны Мажлис (парламент) АНУ-ын зэвсэгт хүчин, АНУ-ын Батлан хамгаалах яам нь “Кудс” тусгай хүчний командлагч Кассем Сулейманийг хөнөөсөн тул террорист байгууллага мөн гэсэн хуулийн төслийг баталсан аж.