Тяньжин хотын дунд шатны шүүх Хятадын Нийгмийн аюулгүй байдлын орлогч дарга, Интерполын дарга асан Мэн Хунвэйд 13.5 жилийн хорих ял оноосон тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Өнгөрсөн оны 6-р сард болсон шүүх хуралдааны үеэр Мэн Хунвэй хахууль авсан гэдгээ хүлээсэн байна. Түүний хахуульд авсан нийт мөнгөний дүн ойролцоогоор 2 сая доллар болжээ. "2020 оны 1-р сарын 21-ний өдөр Нийгмийн аюулгүй байдлын яамны намын хорооны гишүүн, Нийтийн аюулгүй байдлын сайдын орлогч асан авилгын хэргээр 13 жил зургаан сар хорих ял сонсов" гэж шүүхийн мэдэгдэлд бичжээ. Түүнчлэн шүүхээс дээрх албан тушаалтныг хоёр сая юанийн торгууль ногдуулсан байна. Мэн Хунвэй шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд давж заалдахгүй гэдгээ мэдэгджээ. 2018 оны 10-р сарын эхээр Францын эрх баригчид Интерполын Ерөнхийлөгч гэнэт алга болсон хэргээр мөрдөн шалгах ажил явуулж эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ. 9-р сарын 29-нд Францаас Хятад руу яваад холбоо тасарсан Мэн Хунвэйг “алга боллоо” гэж түүний эхнэр Францын цагдаагийн газарт мэдэгджээ. Харин үүнээс сарын дараа Хятадын эрх баригчид сураггүй болсон гэж байсан Интерполын дарга хууль зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа тул Төрийн хяналтын хороо түүнийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн юм. Авилгын эсрэг мөрдөн байцаалт явуулсны дараа Мэн Хунвэйг ХКН-аас хөөж, бүх албан тушаалаас нь огцруулж, мөрдөн шалгах ажлын материалуудыг эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорт шилжүүлсэн тухай Хятадын Коммунист Намын Сахилга бат шалгах төв комисс 2019 оны 3-р сарын сүүлчээр мэдэгдсэн аж.