-Багдадад Ираны генерал Касем Сулейманийн аминд халдсан өдөр америкчууд Йемен дэх тус улсын цэргийн өндөр албан тушаалтны эсрэг маш нууц бас нэг ажиллагаа явуулжээ-
Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын “Кудс” тусгай хүчний командлагчдын нэг, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Йеменд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Абдул Реза Шахлайд өгсөн цохилт амжилтгүй болсныг Америкийн албаны дөрвөн хүн мэдээлснийг “Washington post” сонин уламжилжээ. Эл ажиллагаа бүтэлгүйтсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны тушаалаар генерал Касем Сулейманийг онилсон цохилт илүү томоохон ажиллагааны нэг хэсэг байсныг нотолж байна. Үүнээс үүдэн дээр дурдсан цохилт нь Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын удирдлагыг устгах, эсвэл өөрсдийнх нь мэдээлж байсанчлан америкчуудын эсрэг халдлагаас сэргийлэх учиртай байсан уу, үгүй юү гэсэн асуулт үүсжээ.
...Дэлхийн II дайны үеэс хойш гадаад улсын зэвсэгт хүчний өндөр албан тушаалтныг хөнөөх зорилгоор АНУ-аас анх удаа явуулсан ажиллагааны улмаас Сулеймани амь үрэгдсэн нь Ираныг хариу цохилт өгөхөд хүргэсэн...
Иргэний дайны улмаас дэлхийд хамгийн хүндэд тооцогдсон хүмүүнлэгийн хямрал үүссэн Йемен дэх АНУ-ын зэвсэгт хүчний ажиллагаа нууцлагдмал. Америкийн түшмэдийн хэлснээс үзвэл Абдул Реза Шахлайн эсрэг ажиллагаа нууцлагдсан бөгөөд үүний талаар тодорхой мэдээлэл өгөхөөс олон эх сурвалж татгалзаж, зөвхөн бүтэлгүйтсэнийг хэлсэн байна. Пентагоны болон Флорида дахь цэргийн командлалын түшмэд дээрх хоёр цохилтын явцыг ажиглаж байжээ. Хэрэв амжилттай болсон бол хоёр цохилтын талаар тэд зарлах байсан гэнэ. “Шахлайг устгасан бол тэр оройдоо бид мэдээлэх байсан” гэж нэрээ нууцлахыг хүссэн, Америкийн өндөр албан тушаалын түшмэл хэлжээ.
Өөр нэг өндөр албан тушаалтны хэлснээр хоёр ажиллагааг явуулах зөвшөөрлийг бараг нэг зэрэг өгсөн бөгөөд төлөвлөсөн ёсоор болоогүй, Шахлайн эсрэг цохилтын тухай АНУ мэдээлээгүй аж. К.Сулейманийг устгасны улмаас үүсэх хямралыг даамжруулах сонирхолгүй буйгаа хоёр улс хэдийн илэрхийлсэн ч хоёр дахь цохилтыг хожуу өгсөн байж болзошгүйг тэрбээр тодруулсан байна. Сулейманийг хороохыг Трампын засаг захиргаа дэмжихэд хүргэсэн баримт АНУ-ын Конгрессын анхаарлыг их татжээ. Энэ сарын 9-нд Төлөөлөгчдийн танхимын гишүүд тогтоол баталсан нь Трампын бүрэн эрхийг хязгаарлаж, Конгрессын зөвшөөрөлгүйгээр Иранд цохилт өгөх боломжгүй болгосон. БХЯ болон Төрийн департаментын түшмэдийн хэлснээр Сулейманид өгсөн цохилт нь аюулд унасан Америкийн хэдэн арав, магадгүй хэдэн зуун иргэний амийг аврах боломж олгожээ. Гэтэл Шахлайн эсрэг цохилт эл баримтыг эргэлзээтэй болгосон аж.
“Илүү урт төлөвлөгөө, том цар хүрээтэй зорилт бүхий ажиллагаа байсныг эл цохилт нотолж буй бөгөөд ямар нэг аюул учрах гэж байсан тухай Америкийн удирдлагаас өгсөн тайлбарт үнэхээр эргэлзэхэд хүргэлээ” хэмээн АНУ дахь судалгааны Бруклиний хүрээлэнгийн Ираны асуудал хариуцсан шинжээч Сюзанна Малоуни хэлжээ. Трампын засаг захиргаа Шахлайг онц аюултай дайсан гэж үзэж байна. Ойрхи Дорнодод ажиллагаа явуулах талаар БХЯ хэлэлцээгүй гэж Пентагоны төлөөлөгч Ребекка Ребарич мэдээлжээ. “Террористууд болон АНУ-ын эсрэг бусад дайсны орогнох газар хэдийн болсон Йеменд энэ сарын 2-нд агаарын цохилт өгсөн тухай мэдээллийг авсан” гэж тэрбээр мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.
Шахлайн байгаа газрыг тодорхойлох, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын санхүүгийн механизмыг сүйрүүлэх мэдээллийг 15 сая доллароор урамшуулахаа Төрийн департамент өнгөрсөн сард зарласан. Үүнд Шахлайг Йеменд байдаг, америкчууд болон тэдний холбоотнуудад, тухайлбал, 2011 онд Вашингтон дахь итали ресторанд Саудын Арабын Элчин сайдад халдсан хэргийг зохион байгуулахад оролцсоныг дурджээ.
1957 онд мэндэлсэн Шахлай Ирак дахь Америкийн хүчнийхний эсрэг ажиллагаа, тухайлбал, 2007 онд Кербела хотод болсон халдлагын үеэр, Иранаас дэмждэг босогчид Америкийн цэргийн таван алба хаагчийг хулгайлан, хороосон хэрэгт холбоотой гэж АНУ-ын түшмэд ярьдаг. Йемен дэх түүний оролцоо, тус улсад хяналтаа тогтоохын төлөө Саудын Араб тэргүүтэй эвсэлтэй тэмцсээр байгаа хуситуудад сүүлийн үеийн зэвсэг нийлүүлдэг байж болзошгүй нь АНУ-ыг түгшээсээр буйг өнгөрсөн онд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ираны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Брайан Хук мэдэгдсэн. Бүс нутагтаа Ираны дайсан болох Саудын Арабтай тэмцдэг хусит босогчдын цэргийн бэлтгэлийг иранчууд дэмжин, хийлгэсээр байна.
Шахлайн эсрэг америкчуудын явуулсан ажиллагаа яагаад бүтэлгүйтсэн нь тодорхойгүй хэвээр буй. Төрийн департамент болон Цагаан ордон байдлыг тайлбарлахаас татгалзжээ. Дэлхийн II дайны үеэс хойш гадаад улсын зэвсэгт хүчний өндөр албан тушаалтныг хөнөөх зорилгоор АНУ-аас анх удаа явуулсан ажиллагааны улмаас Сулеймани амь үрэгдсэн нь Ираныг хариу цохилт өгөхөд хүргэсэн. Тодруулбал, энэ сарын 8-нд Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу Иран баллистик пуужингууд харвасан ч хүний амь хохирсон тухай мэдээлэл гарсангүй.
Эл цохилтын дараа Ерөнхийлөгч Трампын хийсэн мэдэгдлээс үзвэл АНУ Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ нэмж авахын сацуу хүссэн хэн бүхэнтэй найрамдахад бэлэн аж. Сулейманигаас болж аюул учрах нь зайлшгүй хэмээн Трамп болон түүний өндөр албан тушаалын зөвлөхүүд ярьсаар буй. Гэхдээ болзошгүй халдлагыг хэзээ, хаана өгөх талаарх тэдний мэдэгдэл зөрчилдсөн хэвээр байна. Иран дөрвөн ЭСЯ-нд, тэдгээрийн дотор Багдад дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт цохилт өгөхөөр төлөвлөж буй тухай Трамп энэ сарын 10-нд мэдэгдсэн бол энэ талаар юу ч сонсоогүйгээ түүний танхимын гишүүд мэдээлжээ. “Хэзээ, хаана гэдгийг бид нарийн мэдэхгүй. Гэхдээ сүрдүүлэг нь бодитой” гэж Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нь “Fox news” телевизэд мөн өдөр ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Аюул учрах нь зайлшгүйг Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Марк Милли, Батлан хамгаалахын сайд Марк Эспер нотолжээ. Конгрессын гишүүдтэй хийсэн нууц хуралдааны үеэр Милли ийн нотолсоор байсан ч тодорхой зүйлгүй хэмээн зарим гишүүн танхимыг орхисон гэнэ. “Засгийн газрын гишүүд улс орныхоо аюулгүй байдлыг золиосолсон хариуцлагагүй үйлдлээ цайруулахыг оролдож байна” гэж Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жеральд Коннолли мэдэгджээ. Энэ бол сүүлийн есөн жил миний оролцсон, цэргийн асуудлаарх хамгийн муу хурал боллоо гэж сенатч Майк Ли тэмдэглэсэн байна.
Харин Конгресс дахь бүгд найрамдахчуудын удирдагчид 2003 онд Ирак руу АНУ халдан довтолсны дараа Америкийн 500 гаруй цэрэг амь үрэгдсэнтэй холбоотой байж болзошгүй, Ираны командлагчийг хороохоор Ерөнхийлөгч нь шийдсэнийг дэмжжээ.
Хусит босогчдын эсрэг цэргийн кампанит ажлаа Саудын Араб тэргүүтэй эвсэл эхлүүлсэн 2015 онд дэгдсэн Йемений мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулахыг НҮБ шаардаж байсан үед Шахлайн эсрэг ажиллагаа явууллаа. Саудын Арабын дэмждэг Йемений Засгийн газар хуситуудыг дарахыг оролдсоны улмаас хүмүүнлэгийн ноцтой хямрал үүссэн. Эл мөргөлдөөн Йемений хэдэн мянган иргэнийг өлсгөлөн болон өвчний улмаас амьсгал хураахад хүргэсэн юм.
Хуситуудад үзүүлдэг тусламж, дэмжлэгийнхээ цар хүрээг Иран байнга тэлж, тэднийг босогчдын кампанит ажил явуулахад нь туслах төлөөлөгчдөө илгээдэг хэмээн Америкийн түшмэд үздэг аж. Ирантай шууд холбоотой байдаг, Ливаны “Хезболла” хөдөлгөөн хуситуудын бие бүрэлдэхүүнийг хангалттай зузаатгасан гэж шинжээчид хэлжээ. Тэдний үзэж буйгаар Йемений босогчид Саудын Араб руу пуужин харвахаа түр зогсоосон учир сүүлийн хэдэн сар Саудын Араб тэргүүтэй эвсэл хуситуудын объектуудад өгдөг агаарын цохилтынхоо эрчмийг эрс бууруулсан аж.
Хилийн чанадад терроризмтой тэмцэх талаар Америкийн явуулдаг ажиллагааг ажигладаг “Long war journal”-д бичсэнээр өнгөрсөн онд АНУ Йемен дэх босогчдод ердөө найман удаа цохилт өгсөн бол эл үзүүлэлт 2017 онд 125 байв. “Арабын хойг дахь Аль-Каида” болон “Исламын улс” бүлэглэлийн тус бүс нутаг дахь салбар нь цохилтын гол бай болсон гэнэ. Шахлайн эсрэг амжилтгүй оролдлого нь Йемен дэх Пентагоны үйл ажиллагаа суларсныг илтгэжээ. Энгийн иргэд олноор амь үрэгдсэн мэдээлэл гарсан тул Арабын орнуудын байлдааны нисэх онгоцнуудыг цэнэглэдэг хөтөлбөрөө АНУ-ын зэвсэгт хүчин 2018 онд түр зогсоосон байв.
Йемен дэх хуситуудын, эсвэл Ираны удирдагчдад АНУ халдахаас өмнө Ираны зэвсгийг Йемен рүү хууль бусаар оруулахад саад болох, иранчуудын шилжилт хөдөлгөөнийг мөшгөх оролдлогыг тусгай хүчнийхэн нь хийжээ.