Налайх дүүргийн харьяат, хувиараа бизнес эрхэлдэг Б энэ сарын 2-нд архидан согтуурсан үедээ эхнэрийнхээ хувцсыг нь тайлуулан, хээр аваачиж, орхижээ. Хэсэг хугацааны дараа эргэн ирэхэд эхнэрийнх нь хоёр тавхай хөлдөж, цэврүү гүйсэн байв. Идэр есийн хүйтэнд цас мөсөн дээр цаг орчим зогсох нь бүү хэл, халаалт муутай үед гэртээ ч хөл нүцгэн явахад бэрх. Гэвч эмэгтэй хууль хяналтын байгууллагад хүчирхийлэл, харгислалын талаар мэдэгдэлгүй тас нуужээ. Улмаар хөлөө гэрээрээ эмчлэхийг эрмэлзжээ. Гэвч энэ нь тус болоогүй тул арга буюу ГССҮТ-д хандсан байна. Эмч эмэгтэйд үзлэг хийж, цагдаа дуудсан аж.
Тэрбээр арга буюу “Манай нөхөр намайг хардаж, хөдөө аваачиж хувцасгүй үлдээсэн” хэмээн үнэнээ хэлжээ. Өөрөөр хэлбэл, архидан согтуурсан Б хүүхдүүдийнхээ эхийг хардан, хээр аваачиж, хөлдөж үхэхээс наахнуур байхад нь эргүүлэн авчирсан хэргийг өдгөө Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Эр бяраа эмс, хүүхдүүдэд гаргадаг ийм эрчүүдийг монголчууд арга ядсан, арчаагүй амьтан хэмээн жигшдэг. Монголд энэ мэт арчаагүй эр олширчээ. Тиймээс хууль боловсруулагчид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль баталсан. Гэвч хуулийн хэрэгжилт хэрэгжилт тийм ч хангалттай биш байна. Эл хуулийг УИХ 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд баталж, дараа оных нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор дагаж мөрдөх зарим дүрэм, журмыг өнөөдрийг хүртэл батлаагүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35.4-т “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцох бөгөөд түүнийг тооцох журмыг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.
Гэтэл Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардлыг тооцох журмаа өнөөдрийг хүртэл баталсангүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлэлгүй гурван жилийн нүүр үзлээ. Энэ журмыг баталчихвал гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг тооцох юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд 2017 оноос хохирогчийг түр хамгаалах 18, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх 11 төв нээсэн. Төрийн байгууллагыг түшиглэн Түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлдэг ТББ-уудад нэг хүнд ногдох хувьсах зардлыг 19 500 төгрөгөөр тооцон олгож буй. Төсвөөс олгодог энэ мөнгийг хэт бага хэмээн ТББ-ын зарим төлөөлөл шүүмжилдэг. Тухайлбал “ХНХЯ халамжийн үйлчилгээг хавтгайруулж, их, дээд сургууль төгссөн иргэнийг дахин сургахад, хөдөлмөрийн насны иргэдэд сар бүр хүнсний тасалбар өгөхөд, МСҮТ-д суралцагч нарт нас харгалзахгүй тэтгэлэг олгохдоо хэдэн тэрбум төгрөг зарцуулдаг. Тийм атлаа өвдсөн, зовсон, зодуулсан, хүчирхийлүүлсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нэг удаагийн зардалд ердөө 19 500 төгрөг зарцуулж байгаа нь шударга бус” гэж үздэг юм. Тэдний ийнхүү шүүмжилж буйг буруутгах аргагүй. Жишээ нь, БНСУ-ын түр хамгаалах байрууд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нэг хохирогчид 3000 вон буюу таван сая гаруй төгрөг зарцуулдаг юм билээ. Хуульд зааснаар хувьсах зардлыг ХНХЯ-наас баталдаг. Гэвч Сангийн яамныхантай зөвшилцөөд баталсан дээд хязгаар нь дээрх дүн аж.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль салбар дундын эрх зүйн баримт бичиг. ХЗДХЯ, БСШУСЯ, ЭМЯ-наас анхаарах, батлах журмууд бас бий. Сүүлд авсан мэдээллээр БСШУСЯ-наас шалтгаалсан хоёр, ЭМЯ-наас батлах ёстой нэг журам гараагүй байгаа гэнэ. Харин ХЗДХЯ-наас Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, журам баталсан. Гэхдээ эл сургалтын үр дүн төдийлөн гарахгүй байгааг зарим хуульч хэлдэг. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг саатуулж, сургалтад хамруулдаг ч засарсан нь үгүй, гэрийнхнээ дахин дарамтлах тохиолдол гарсаар байгаа юм. Тиймээс ЦЕГ-т Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр байгуулсан. Тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргал “Бүрэн дунд боловсролтой, 25-40 настнууд голчлон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Тэд эрхэлсэн ажилгүй, бас архины хамааралтай нь анхаарал татдаг. Тиймээс ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд үүнийгээ мэдээлэхгүй, нууцлах нь элбэг. Хүчирхийлэл далд хэлбэртэй учраас давтагдаад байна. Мөн хүүхдүүд хүчирхийлэлд өртсөөр байгаад хүчирхийлэгч болж, сургууль цэцэрлэгийн орчинд үеийнхэнтэйгээ зүй бус харилцаж эхэлдэг. Манай хэлтэс гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхээс илүүтэй гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх зорилготой. Энэ чиглэлээр НҮБ болон бусад байгуулагатай хамтран ажиллаж байна. Тухайлбал, оны өмнө гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Ойлгоё, хүндэлье” аян зохион байгуулсан. Хосууд нэгнийхээ үгийг сонсохгүй, ярилцахгүй ихэвчлэн маргалдаж, эцэстээ хүчирхийлэл үйлддэг” хэмээн ярив.
Гэр бүлийн хүчирхийллийг Монгол Улс бүх түвшинд анхаарах хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж буй. Угаас эл хуулийг баталснаар бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эмч, нийгмийн хамгаалал хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан, баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй ТББ-ын ажилтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсвэл үйлдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэг хүлээсэн. Гэвч төрийн байгууллагын зарим ажилтан энэ үүргээ биелүүлдэггүй. Жишээ нь, хэд хоногийн өмнө цахим орчинд тархсан нэгэн цэцэрлэгийн үүдэнд наасан зарлал анхаарал татсан юм. Тус зарлалд “Хүүхдүүд гэр бүлдээ болсон явдлыг ярихад бид ойшоож үздэггүйтэй адил тэдний та бүхэнд ярих цэцэрлэгт болсон аливаа асуудалд ач холбогдол өгөхгүй байхыг хүсье. Цэцэрлэгийн захиргаа” гэж бичжээ. Эндээс харахад цэцэрлэгийн удирдлага гэр бүлд үйлдэгдсэн байж болзошгүй ямар нэг хүчирхийллийг мэдээлдэггүй байх нь.
Мөн өөрсдийн элдэв үйлдлийн талаар эцэг, эхчүүдийг дуугүй бай хэмээн барьцаалж байгаа мэт ойлголт өгч байна. Мөн дээрх хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар бүх шатны Засаг дарга нар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн. Гэтэл зарим Засаг дарга энэ үүргээ биелүүлэхээс хойш суудаг. Тэд гэмт хэрэг гарсны дараа л “Хохирогч эмэгтэй байнга хүчирхийлэлд өртдөг байсан юм билээ. Нөхөр нь архины хамааралтай” гэх мэтийн зүйлс ярьдаг. Тиймээс ХНХЯ-наас уг хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засаг дарга нарын гэрээнд хийх ажлыг нь нарийвчлан тусгахаар ажиллаж байгаа гэсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ гэмт хэргийн илрүүлэлт өссөн ч хүчирхийлэл дорвитой буурахгүй байна. Товчхондоо, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан ч хэрэгжилт нь хангалтгүйгээс өрх бүрт шахам бүсгүй гуниглаж, хүүхэд уйлсан хэвээр. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас найман хохирогч амиа алдаж, 732 хүн эрүүл мэндээрээ хохирсон нь бага тоо биш байлтай.